Аргентин улсад үргэлжилж буй залуучуудын гурав дахь удаагийн олимпод түрүүлсэн Э.Энхмаатай цахим хуудсаар нь холбогдон, ярилцлаа. Буудлагын холимог багийн төрөлд Унгарын Залан Пеклертэй хамт цэц сорьж, алтан медаль хүртсэн тэрбээр тус наадамд түрүүлсэн Монголын гурав дахь тамирчин (түүнээс өмнө чөлөөт бөхөөр Б.Батцэцэг, гимнастикаар Г.Эрдэнэболд) болов.
Олимпын дэвжээнд буудлагынхнаас ганцаархнаа цэц сорьж түрүүлэн, монгол түмнээ баярлуулсан Э.Энхмааг “Буэнос-Айрес-2018”-д ОУХМ Ж.Ганхуяг дасгалжуулсан юм.
-Юуны өмнө олимпын дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Намайг Эрдэнэчулууны Энхмаа гэдэг, 18 настай. Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан. Сэтгэл судлаач мэргэжлээр суралцдаг. Ирээдүйд мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг. Тамирчин бүхэн олимп, дэлхийн аварга болохыг мөрөөддөг. Минийх ч бас тийм. Дэлхийд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн шилдэг тамирчин болохын төлөө зүтгэж явна. Би өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Японд болсон өсвөр үеийн Азийн АШТ-д оролцохдоо “Буэнос-Айрес-2018”-д өрсөлдөх эрх авсан юм.
-Олимпын аварга болоход хамгийн түрүүнд юу бодогдов?
-Алтан медалийн төлөө ОХУ, Мексикийн тамирчнаас бүрдсэн багтай ширүүн өрсөлдлөө. 9:9-өөр тэнцэн, сүүлчийн сумаар медалийн өнгө шийдэгдэв. Сэтгэлээ тайвшруулан, гүнзгий амьсгаа авч байгаад буудсан. Их догдоллоо. Онооны самбар руу харахад бид хоёр түрүүлсэн байсан. Баярласан гэж жигтэйхэн. Шагналын тавцанд зогсож байхдаа монгол хүн болж төрснөөрөө, эх орноороо, бүхнээ надад зориулдаг аав, ээжээрээ бахархлаа. Тэмцээн дуусангуут тэдэнтэйгээ холбоо барихад “Охиноороо бахархаж байна. Мундаг шүү. Баяр хүргэе” гэсэн.
-Холимог багийн төрөлд өрсөлдөх тамирчдыг хооронд нь хэрхэн сонгодог юм бол. Тамирчин бүхэн онч сорих боломжтой юу?
-Боломжтой. Ганцаарчилсан төрөлд оролцсоных нь дараа эрэгтэй, эмэгтэй тамирчдыг нугалаагаар тааруулдаг юм билээ. Би хувийн төрөлд 12, унгар тамирчин есдүгээр байр эзэлсэн. Нугалаагаар баг болгон хуваахад нь бид хамт оролцох болсон юм.
-Өөр орны тамирчид хэдхэн цагийн дотор нэг баг болох амаргүй. З.Пеклер та хоёр хэрхэн өрсөлдөхөөр төлөвлөв?
-Хэн, хэн нь хийх ёстойгоо сайн гүйцэтгэн, оноо алдахгүй байхыг хичээсэн. Хамтрагч маань “Тайван бай, битгий сандар. Олимпод онч сорих гэж байна гэж бус, хөгжилтэй тоглоом тоглож буйгаар төсөөл” гэж надад зөвлөсөн. Тэгсэн мөртлөө өөрөө сандраад л байгаа нь надад мэдрэгдсэн (инээв). Пеклер мундаг сэтгэлзүйч байж чадсан шүү. Ж.Ганхуяаг дасгалжуулагч надад “Хийх ёстойгоо алдаагүй хий. Тэгж чадвал амжилтад хүрнэ” гэж захидаг. Энэ удаа ч бас тэгж зөвлөлөө.
-Аав тань буудлагаар хичээллэдэг юм билээ. Охиноо эл спорттой амьдралаа холбоход нэлээд нөлөөлсөн байх.
-Тэгэлгүй яах вэ. Багаасаа аав шигээ тамирчин болохыг мөрөөдсөн минь
2013 оны арваннэгдүгээр сард биелсэн. Аав, ээжээсээ гуйсаар байгаад зөвшөөрүүлж билээ. Анхны багш маань
С.Энхжаргал дасгалжуулагч. Аав залуудаа буудлагаар хичээллэж байгаад түр хөндийрсөн ч намайг эл спорттой амьдралаа холбосны дараа дахин буудаж эхэлсэн. Заримдаа тэмцээнд оролцдог. Би айлын ганц охин. Манай гэр бүлд аав, бид хоёроос өөр буудлагаар хичээллэдэг хүн байхгүй.
-Одоогоор гаргаад буй амжилтаасаа сонирхуулна уу?
-2015 онд Кувейт улсад болсон өсвөр үеийн Азийн АШТ-ээс ганцаарчилсан болон багийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн. Дараа жил нь ОХУ-д зохион байгуулсан Азийн хүүхдийн наадмын дэд аварга.
-Эзэмшдэг дээд амжилт бий юү?
-Байхгүй.
-Буудлагын аль төрлөөр түлхүү хичээллэдэг бол?
-Урт бууны төрөл дотроо 10 метрийн хийн буу, 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах, 50 метрийн гурван байдлаас буудах гэсэн гурван дасгалтай. Би гурвуулангаар нь хичээллэдэг.
-Эл спортоор амжилт гаргахад буу их чухал. Ямар брэндийн буугаар бууддаг вэ?
-Буудлага техникийн спорт тул хичээллэх, тэмцээнд оролцоход өртөг өндөр. Би “Walther LG300” маркийн буугаар бууддаг.
-Гэртээ ирэх гэж яарч байгаа нь мэдээж. Монгол руугаа хэзээ хүлгийн жолоо залахаар төлөвлөв?
-Энэ сарын 22-нд очно. Аав, ээжийгээ их санаж байна. Монголдоо хурдхан л очих юм сан. Залуучуудын олимпод оролцож буй Монголын тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс маргааш (өчигдөр) Аргентины түүх, дурсгалын газраар аялахаар төлөвлөсөн. Очиж үзэхийг хүссэн цөөнгүй газар бий.