Ц.ЭНХТҮВШИН
“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч
Манай гаргийн хамгийн хурдан хүн, 100, 200 м-ийн дэлхийн рекордыг эзэмшигч, олимпын найм, Дэлхийн 11 удаагийн аварга, Ямайкийн ойрын зайн домогт гүйгч, “Цахилгаан” хэмээх Усайн Болт өнгөрсөн жил хөнгөн атлетикийн “пүүзээ тайлж”, дардан тартан замаа дуулиан шуугиантай орхисныг бүгд санаж буй биз ээ.
Гэхдээ тэрбээр тамирчны замналаа хөлбөмбөгийн ногоон талбайд үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдэж байсан ч олон хүн “наргиан” гэж хүлээн авсан болов уу?
Хэзээнээс хөлбөмбөгт нугасгүй дуртай, Английн “Улаан чөтгөрүүд” буюу “Манчестер юнайтед”-ын улаан фэн Усайн Болт хөлбөмбөгийн хэд хэдэн багийн бэлтгэлд хамрагдсан ч мэргэжлийн гэрээ байгуулж, албан ёсны тоглолтод оролцоогүй байсан юм. Харин өнгөрсөн наймдугаар сараас Болт Австралийн “А-League” -ийн “Central cost mariners” багт бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд хэд хэдэн нөхөрсөг тоглолтод сэлгээгээр талбайд гарсан билээ.
Тэгвэл өнгөрсөн баасан гараг буюу 2018 оны аравдугаар сарын 12-нд “Цахилгаан” багийнхаа гарааны бүрэлдэхүүнд гарч тоглосон төдийгүй хөлбөмбөгийн ногоон талбайд “цахилж” эсрэг багийн хаалганд хоёр гоол орууллаа.
Оруулсан гоол болгоныхоо дараа Болт бэлгэдэл болсон “Цахилгаан” ёсолгоогоо хийж, хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөв. Ийнхүү домогт гүйгч маань мэргэжлийн хөлбөмбөгчийн замналдаа албан ёсны анхны гоолоо бүртгүүллээ.
Ногоон талбайд Усайн Болт 95 дугаарын өмсгөлтэй тоглож байгаа. Спортын хорхойтнууд яагаад 95 дугаарыг сонгосныг гадарлаж байгаа биз дээ? Тийм ээ, тэрбээр 100 метрийн зайд 9.5 секунд ( 9.58 сек) хурдалж, дэлхийн рекорд тогтоосон нь есөн жил эвдэгдээгүй байгаа юм.