Аргентин улсад үргэлжилж буй залуучуудын гурав дахь удаагийн олимпоос Монгол Улс шинэ аваргаа өлгийдлөө. Эл амжилтын эзэн бол олон улсын хэмжээний мастер Эрдэнэчулууны Энхмаа юм. Буудлагын холимог багийн төрөлд Унгарын Залан Пеклертэй хамт цэц сорьсон тэрбээр аваргын төлөөх өрсөлдөөнд ОХУ, Мехсикийн тамирчдаас бүрдсэн багийг 10:9-өөр ялжээ. Монгол Улс “Буэнос-Айрес-2018”-д ганцхан мэргэн бууч сойсон нь ийнхүү алтан медаль хүртэв.
Ингэснээр 18 настай Э.Энхмаа залуучуудын олимпод түрүүлсэн Монголын гурав дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө “Баавгай” хэмээх Б.Батцэцэг (чөлөөт бөх), Г.Эрдэнэболд (гимнастик) нар тус тэмцээнд Төрийн дууллаа эгшиглүүлж байсан юм. Монголчууд олимпын дэвжээнд багийн төрөлд муугүй өрсөлдөх болсон билээ. Анхны буюу 2010 оны наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн багийн төрөлд О.Дөлгөөн мөнгөн медаль хүртсэнийг уншигчид андахгүй. Үүний сацуу “Лиллехаммер-2016” өвлийн олимпын холимог багийн төрөлд тэшүүрчин Б.Сумъяа түрүүлж, анхдагч болсон.
Э.Энхмаатай цахим хуудсаар нь холбогдон, баярынх нь сэтгэгдлээс хуваалцахад “Олимпын аварга болсондоо баяртай байна. Гэр бүлийнхэн, багшдаа их баярлалаа. Анх удаа оролцож байгаа болоод ч тэр үү, наадмын өмнө их сандарсан. Сэтгэл зүйгээ тайван байлгаж чадаагүйн улмаас алдаа гаргах вий гэж эмээж байлаа. Нэг дасгалд улс бүрээс ганцхан тамирчин оролцдог болохоор алдах эрх надад байгаагүй. Азаар аваргын төлөөх буудлагын өмнө тийм ч их сандраагүй.
Наадмын өмнө хамтрагчтайгаа нэлээд зөвлөж, хэрхэн өрсөлдөхөө төлөвлөсөн. Бид хоёр түүнийхээ дагуу оролцож чадлаа. Өдий хүртэл оролцсон тэмцээнүүдээс хамгийн хариуцлагатай, өрсөлдөөнтэй нь энэ наадам байлаа. Арга ч үгүй биз ээ, олимп юм чинь” хэмээгээд сэргээшийн шинжилгээ, наадмыг зохион байгуулагчдын хүлээн авалт гээд тухтай ярилцах завгүй байгаагаа учирлав. 2000 оны есдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод төрөн, зургаан жилийн өмнөөс дасгалжуулагч С.Энхжаргалын удирдлагад буудлагын спортоор хичээллэж буй тэрбээр өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай, 2016 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд болсон “Өсвөрийн мэргэн бууч” тэмцээнд түрүүлсэн нэгэн.
Мөн Азийн хүүхдийн наадмаас 2016 онд мөнгөн медал хүртжээ. Нийслэлийн 24 дүгээр сургуульд сурдаг түүний аав нь буудлагаар хичээллэдэг. Залуучуудын олимпод Э.Энхмааг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Ж.Ганхуяг дасгалжуулжээ. Охиноо дасгалжуулдаг тэрбээр энэ жил Г.Нандинзаяаг Азийн наадамд алтан медалийн төдийгүй, тивийнхээ “олимп”-ын дээд амжилтын эзэн болгосон дасгалжуулагч. Энэ удаа олимпын аварга төрүүлж, анхдагчийг бэлтгэн, 2018 онд амжилтын арвин “ургац” хурааж байна.