Наоми Осака хэмээх намхан, бор охин өнгөрсөн ням гарагт Америкийн нээлттэй тэмцээний шигшээ тоглолтод нас болоод амжилтаар өөрөөс нь хэд дахин илүү АНУ-ын теннисчин С.Уильямсыг ялж аваргаллаа. 2013 оноос мэргэжлийн тамирчин болсон тэрбээр өнгөрсөн жилийн “US оpen”-ий эхний тойрогт өмнөх жилийнх нь аварга А.Керберийг ялснаар олон нийтийн анхааралд өртсөн юм. Тэр цагаас хойш Н.Осака дэлхийн чансааг тэргүүлж байсан М.Шарапова, К.Плискова, одоогийн номер нэг тоглогч С.Халеп нарыг хожжээ.
Теннисний спортод залуус хүч түрэн орж ирж буйн хамгийн тод жишээ, хошуучлагч болсон Наомигийн тухай цөөн баримт сонирхуулъя.
•Наоми Осака 1997 оны аравдугаар сард Японы Осака хотод төржээ. Түүний аав нь гаити, ээж нь япон үндэстэн. Багадаа АНУ-д нүүж ирсэн бөгөөд эдүгээ Флорида мужид аж төрдөг. “Би японоор ярьж чадахгүй ч сайн ойлгодог. Японд очихоор хүмүүс их гайхдаг. Тэд япон нэртэй хар охин харна гэж төсөөлдөггүй байх” хэмээн Наоми ярьжээ.
•Наомигийн эгч Мари мөн мэргэжлийн теннисчин. Тэд хосын төрөлд тоглодог бөгөөд зарим сэтгүүлч тэднийг эгч, дүү Серена болон Венус Уильямстай зүйрлэж байв. Тамирчин болж, олон улсаар аялах боломжтой болсондоо баярладаг ч эгчийгээ маш их санадаг хэмээн Наоми “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тиймээс тэрбээр гадаадад байхдаа эгчтэйгээ фэйстаймаар байнга харилцдаг.
• АНУ-ын теннисний холбоо эгч, дүүсийг “тоогоогүй” учир тэд Японыг төлөөлөх болжээ. Тухайн үед эгч, дүү Осака ямарваа чансаанд бичигддэггүй, тэмцээнд оролцсон туршлагаар хомс байсан нь үүнд нөлөөлжээ. Гурван настайдаа орхиж явсан ч охидоо эх орноо буюу Японыг төлөөлөх нь зүйтэй гэж үзсэн байна. Наоми 2013 оны есдүгээр сард Японы теннисний холбооны гишүүнээр элсэж, мэргэжлийн тоглогч болжээ.
• 2016 оны Америкийн нээлттэй тэмцээний үеэр Н.Осака бөмбөгийг 125 м/цагийн хурдтай давуулсан. Теннисний түүхэнд үүнээс хүчтэй цохисон ердөө есөн эмэгтэй тамирчин бий.
• Нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Наомигаас зорилгынх нь талаар лавлав. Түүний хариулт тун содон “Хэний ч хүрээгүй шилдгийн шилдэг нь болох”. Тэрбээр гайхсан сэтгүүлчдэд “Энэ Покэмоны үг. Намайг уучлаарай. Покэмон дууны үг юм. Гэхдээ би үнэхээр шилдгийн шилдэг болохыг хүсдэг шүү” гэж тайлбарлажээ. Түүнчлэн Наоми “Overmatch” видео тоглоомын улаан фэн.
• “Серена Уильямстай “Их дуулга” тэмцээний аваргын төлөө тоглох сон гэж багадаа мөрөөддөг байлаа. Тийм юм болвол тэр мөчөөс аз жаргалыг мэдрэхээс гадна ялах ёстой бас нэг өрсөлдөгч гэж түүнийг үзэх болно” хэмээн Наоми ВВС-д ярьж байв. Түүний мөрөөдөл энэ жил хоёронтоо биелсэн бөгөөд гуравдугаар сард “Майами опен”-д, өнгөрсөн долоо хоногт Америкийн нээлттэй тэмцээнд Серенаг ялсан билээ.
• 2016 онд С.Уильямс япон охины тоглохыг хараад магтаалын үг харамгүй урсгаж байв. “Тэр залуухан ч юм, ширүүн ч тоглох юм. Үнэхээр сайн, авьяастай тоглогч байна. Бас их аюултай” гэж Серена өгүүлжээ.