Саяхан болсон Азийн наадмаас алт, хүрэл медаль хүртэн, тивийнхээ “олимп”-ын дээд амжилтыг шинэчилсэн, ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Ганхуягийн Нандинзаяатай ярилцлаа. Буудлагын спортод үнэнч зүтгэх “байлдагч”-ийн тангараг өргөсөн тэрбээр аавынхаа гараас хөтлөн, эл спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээд 12 жил болж байна. Ганцаарчилсан болон багийн оюутны дэлхийн аварга, оюутны дэлхийн универсиад наадмын мөнгө, хүрэл медальтай гээд гаргасан амжилт, гавьяаных нь тухай бичихэд цаг, цаас нэлээд орох Г.Нандинзаяа шинэ од биш.
ДАШТ-д гурав, олимпод нэг удаа оролцон, УАШТ-ий нэжгээд түрүүтэй, улсынхаа дээд амжилтыг олон удаа шинэчилсэн туршлагатай тамирчин юм. 13-хан насандаа спортын мастер, ОУХМ цолны болзол хангаж, ирээдүйд их юм дуулгахаа харуулсан нь биелсээр байгаа нь энэ. Тэрбээр дэлхийн дэвжээнд өрсөлдөх хэмжээнд хүрсэн ч аавынхаа хувьд алдрай бяцхан хэвээрээ. Буудлагын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг өдгөө охиныхоо амжилтаар бахархан, бардамнанхан суугаа болов уу. Цаашид ч хүрч чадаагүй оргил, гаргаж амжаагүй амжилтдаа охиноо хүргэх хүсэлтэй яваа нь дамжиггүй. Г.Нандинзаяад ч аавынхаа хүсэл, мөрөөдлийг биелүүлэх чадвар, нөөц хангалттай байгаа нь мэдээж. Азийн наадамд түрүүлсэн Монголын буудлагын хоёр дахь тамирчин болсон тэрбээр БНСУ-д болсон ДАШТ-д цэц сорьчихоод эх орондоо ирсэн юм.
-Азийн наадамд түрүүлэхдээ бахдам амжилтын эзэн болсонд баяр хүргэе. “Жакарта-Палембан- 2018”-д онцгойрч, тивийнхээ тамирчдыг манлайлсан таныг ДАШТ-ээс медаль хүртэх болов уу хэмээн олон хүн итгэл хүлээлгэж байлаа. Дэлхийн медальтай болох, олимпын эрх авах боломж танд хэр байв?
-Баярлалаа. Олон хүн надад баяр хүргэн, “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээрэй, олимпын эрх аваарай” гэж амжилт хүссэн. Би ч бас тэгэхийг зорилоо. Азийн наадамд оролцсоныхоо дараа шууд БНСУ руу ниссэн. Гурван дасгалд цэц сорихдоо шигшээд хараахан шалгарч чадсангүй. Уг нь төрөл тус бүрт эхний дөрөвт шалгарсан тамирчинд олимпын эрх олгосон юм.
ДАШТ дуусангуут эх орон, гэр рүүгээ яарлаа. Манай тамирчид БНСУ-аас хоёр хуваагдан ирж байгаа. Сүүлчийн хэсэг нь өнөөдөр (өчигдөр) аавтай хамт ирнэ. Би дэлхийн дэвжээнд гурав дахь удаагаа өрсөлдлөө. Азийн наадам, ДАШТ-д оролцоод сарын дараа гэртээ ирлээ. Өмнө нь би 2014 онд дээрх хоёр тэмцээнд дараалан өрсөлдөж байв. Хоёулаа дөрвөн жилд нэг удаа болдог тул ингэж давхацдаг юм.
-Медаль хүртээгүй ч шинээр юу сурч, ямар алдаагаа зассан бэ?
-Өмнө нь туршлага, сэтгэл зүй, ур чадвар гээд юм юмаар дэлхийн шилдгүүдээс дутуу байжээ. Энэ удаа ДАШТ-ээс медаль хүртэх хэмжээнд хүрсэн, хэнтэй ч өрсөлдөх чадвартайгаа мэдэрлээ.
-Азийн наадамд хоёр монгол тамирчин түрүү булаалдахыг харах сайхан байлаа. Ч.Нарантуяатай шигшээд өрсөлдөхөд ямар мэдрэмж төрөв?
-Ёстой сайхан байлаа. Би түрүүлж чадахгүй бол Нарантуяа эгч алтан медаль хүртэнэ гэж бодохоор сэтгэлд өег юм билээ. Нараа эгч гуравдугаар байрт орох шахсан. Сайн буудсаар мөнгөн медаль хүртэхэд нь түрүүлснээсээ дутахгүй баярласан. Нараа эгч Инчоны Азийн наадамд түрүүлсэн амжилтаа мөнгөн медалиар хослуулсан нь яахын аргагүй ховор амжилт. Төрийн дуулал эгшиглэн, Монголын хоёр далбаа мандахад сэтгэл их хөдөлсөн. Амьдралд минь тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг байлаа. Нээрэн, бид хоёр 2015 онд армийн ДАШТ-д өрсөлдөхдөө шагналын тавцанд хамт зогссон юм.
Тэгэхэд Нараа эгч түрүүлж, би хүрэл медаль авч байв. Тийм гоё мөч, мэдрэмжийг дахин мэдэрсэндээ баяртай байна. Намайг үргэлж дэмждэг Монголын үндэсний олимпын хороо, Монголын буудлага спортын холбоо, Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн алба, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Техник, спортын төвийн удирдлага, хамт олон, гэр бүл, аав, ээж, монгол түмэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Буудлага хэмжигдэхүүнтэй спорт тул амжилт, бэлтгэлээ бусадтай багцаалах, харьцуулах боломжтой. Түрүүлнэ, түүгээр ч үл барам тивийнхээ “олимп”-ын дээд амжилтыг шинэчлэх багцаа танд байсан уу. Өөртөө хэр итгэлтэй байв?
-Би одоо залуу тамирчин биш. 12 жил хичээллэнэ гэдэг чамлахааргүй хугацаа. Азийн наадамд гурав дахь удаагаа оролцсон тул өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байлаа. Тэмцээний эхний өдөр хийн урт бууны холимог багийн төрөлд ОУХМ Н.Баяраа ахтай хамт оролцохдоо шигшээд шалгарч, V байр эзэлсэн. Медалийн оосроос атгаад алдсан нь цочроо гарган, дараа дараагийн амжилтын ивээс болсон болов уу. Маргааш нь 10 метрийн хийн урт бууны дасгалд хүрэл медаль хүртэхэд түрүүлэх итгэл бүр их нэмэгдсэн.
-Амжилтдаа сэтгэл хангалуун байгаа нь мэдээж. Сэтгэл дундуур үлдсэн зүйл бий юү?
-Би эхлээд хүрэл, маргааш нь алтан медаль хүртсэн шүү дээ. Хүрэл медаль авахад сэтгэл гонсойсон. Тухайн үед медалийнхаа өнгийг өөрчлөх, түрүүлэх боломжоо ашиглаж чадаагүйдээ харамсан, өөрийгөө голсон юм. Алдаагаа сайтар дүгнэн, цэнэж байгаад түрүүлээд гүнзгий амьсгаа авлаа. Ер нь санасан амжилтаа гаргаж чадалгүй, гонсгор үлдсэн тэмцээн надад зөндөө бий. Азийн наадмын аварга болж, тивийнхээ “олимп”-ын дээд амжилтыг шинэчлээд өөрөөрөө, хамт олон, ааваараа бахархсан. Ийм гоё мэдрэмжийг анх удаа мэдэрлээ. Сэтгэл ханамж дүүрэн байна.
-Буудлага сэтгэл зүйн спорт. Бэлтгэл хэчнээн сайтай, амжилт гаргах боломжтой байсан ч хэдхэн хором анхаарал сарнихад л бүх зүйл орвонгоороо эргэх эрсдэлтэй. Та гохоо дарахын өмнө анхаарлаа хэрхэн төвлөрүүлэв?
-Яг тэгж, ингэдэг гээд хэвшсэн зүйл байхгүй. Амжилтын тухай бус, хэрхэн сайн онохоо л бодохыг хичээдэг. Муу оновол дэлхий ертөнц, цэцэг навчны тухай ч юм уу тэс өөр зүйл бодохыг чухалчилдаг. Тэгэхгүй “Яана аа” гэж санаа зовбол байдлыг улам дордуулна.
-Олонх шилдэг тамирчин хувийн сэтгэлзүйчтэй байдаг юм билээ. Танд бий юү?
-Байхгүй. Ер нь сэтгэлзүйчтэй ажиллаж үзээгүй. Энэ орон зайг аав нөхдөг. Хамгийн сайн дасгалжуулагч, зөвлөгч, сэтгэлзүйч, найз байж чаддаг. Бид хоёр одоо харцаараа ойлголцдог, бие биедээ юу хэрэгтэйг сайн мэддэг. Амжилт ахин, бэлтгэл сайтай байхын хэрээр өөртөө итгэх итгэл нэмэгдэн сэтгэл санаа ч тогтвортой байдаг юм. Мэдээж боломж гарч, хэн нэгэн хамтарч ажиллая гэвэл сэтгэлзүйчтэй болохыг хүсэлгүй яах вэ. Мэргэжлийн хүний ур чадварыг үгүйсгэж болохгүй.
-Монгол тамирчид Азийн наадамд түрүүлсэн амжилтаа хараахан баталж чадахгүй байгаа. 2022 онд БНХАУ-д болох наадамд хошой аварга болох даалгавар, хариуцлага танд ирлээ.
-Нэг л мэдэхэд дөрвөн жил өнгөрчихнө. Тиймээс өдөр бүр хичээх хэрэгтэй. Ямар ч байсан амжилтаа батлахын төлөө хичээнэ. Хошой аварга болох, эзэмшиж буй Азийн наадмын дээд амжилтаа ахиулахын төлөө зүтгэнэ.
-Таныг буудлагын шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуягийн охин гэдгийг манай уншигчид сайн мэднэ. Эл спорттой амьдралаа холбоход аав тань нөлөөлсөн үү?
-Тэгсэн. Аав шигшээ багийн тамирчин байхдаа урт буугаар хичээллэдэг байсан. Одоо ч тамирчдаа дасгалжуулахын хажуугаар бууддаг. Би багаасаа буудлагын спортод хорхойсон, бэлтгэл хийе гэж аавыгаа шалдаг байлаа. Намайг 12 настай байхад аав шалгаж үзсэнээ “Арай балчирдахаар байна. Ирэх жил хичээллүүлье” гэсэн юм. Нэг жил үнэхээр урт хугацаа санагдаад “Хүлээхгүй ээ. Одоо эхэлье” хэмээн гүрийчихэж билээ.
Тэгж жаахан охин аавынхаа гараас хөтлөөд, буудлагын зааланд очиж байлаа. Бусад тамирчны адил сургалтын буугаар шагайлга хийхээс авхуулаад бүхнийг эхнээс нь сурсан. Би азтай хүн шүү. Аавынхаа удирдлагад бэлтгэлээ базаадаг нь миний давуу тал. Аль болох мэргэн онож, аавыгаа баярлуулахыг хүсдэг. Тэмцээнд тааруу оролцвол аав нэг их загнадаггүй. Тэгэхийн оронд аль болох ярилцан, алдааг минь ойлгуулж, засахыг чухалчилдаг юм.
-Дараа жил нь спортын мастер, ОУХМ болсон. Танаас залуудаа ОУХМ цолны болзол хангасан тамирчин бий юү?
-Байхгүй. Хамгийн залуудаа ОУХМ болсон тамирчин нь би. Тэр жилийн Монголын бүх ард түмний спартакиадад оролцохдоо эл цолны болзлыг хангасан юм. Харин “Холбооны цом”-д өрсөлдөхдөө спортын мастер болж байлаа. Нэг жилийн дотор хоёр цол авахдаа магнайгаа хагартал баярлаж билээ. Анхны амжилтаа ОХУ-д болсон олон улсын тэмцээнд гаргасан нь хамгийн дурсамжтай нь. Тэгэхэд би хүрэл медаль авсан юм. Амжилтынхаа тухай бодохоор л хамгийн түрүүнд санаанд орж ирдэг. Бас 2012 оны оюутны ДАШТ-д ганцаарчилсан багийн төрөлд түрүүлчихээд аавдаа үнсүүлэх сайхан байсан шүү.
-Залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчилж байсан бил үү?
-2013 онд БНСУ-д болсон “Дэлхийн цом”-д өрсөлдөхдөө гурван байдлаас 20 сум буудах дасгалд 565 онож, залуучуудын дэлхийн дээд амжилтын эзэн болж байлаа. Хэдийгээр тус тэмцээн насанд хүрэгчдийн ангилалд болсон ч миний оноог залуучуудынхаар тооцсон гэнэ лээ. Тухайн үед дэлхийн дээд амжилтын эзэн болсноо мэдээгүй. Бүр сүүлд мэдсэн шүү дээ.
-Одоогоор УАШТ-д хэдэн удаа түрүүлж, улсынхээ дээд амжилтыг хэчнээн удаа шинэчлээд байгаа вэ?
-Өө, ёстой тоолж байгаагүй шүү дээ. Ер нь нэлээд олон бий (инээв). Лав өрсөлддөг гурван дасгалынхаа хоёрт нь улсын дээд амжилтыг эзэмшдэг.
-Танай удамд Ж.Ганхуяг дасгалжуулагчаас өөр буудлагаар хичээллэсэн хүн бий юү?
-Өвөө урт буугаар хичээллэдэг байсан. Аав намайг буудлагын спортод урвуулсан шиг өвөө аавыг эл спорттой нөхөрлүүлсэн гэнэ лээ. Уг нь аав бөхийн спортоор хичээллэх сонирхолтой байсан юм билээ. Өвөө, аав хоёрынхоо амжилтыг үргэлжлүүлж яваагаараа, тэдэнтэйгээ адилхан урт буугаар хичээллэдгээрээ бахархдаг. Ээж маань ч бас тамирчин байсан. Радио спортын ОУХМ цолтой, Азийн аварга.
-Г.Нандинзаяа ямар мэргэжилтэй билээ?
-Би оюутан, олон улсын харилцааны мэргэжлээр сурдаг. Энэ жил төгсөнө. Бэлтгэл, хичээл гэсээр өдөржингөө завгүй байдаг. Өглөө гэрээсээ гараад орой л харьдаг. Зуны амралтын үеэр Азийн наадам болсон тул бэлтгэл хийх, оролцоход амар байлаа.
-Мэргэжлээрээ ажиллах бодол бий юү?
-Байлгүй яах вэ. Гэхдээ юу юунаас илүү тамирчны карьер минь чухал. Зодог тайлсныхаа дараа холбоондоо ажиллаж, Монголд буудлагын спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэхийг хүсдэг.
-Буудлагын спорт өртөг өндөртэй, зориулалтын хувцас, хэрэглэл үнэтэй. Та ямар брэндийн өмсгөлөөр “гоёдог” вэ?
-Ихэнх орны тамирчид өмсгөлөө хэдхэн сар өмсдөг. Солонгосын тамирчид л гэхэд зургаан сар тутамд сольдог юм билээ. Бид тэгэх боломжгүй. Би найман жил гаруй өмссөн өмсгөлөө саяны ДАШТ-ий үеэр солилоо. Хамгийн хямдыг нь авахад л 1000 ам.долларын үнэтэй байсан. За тэгээд, хамгийн чанартайгийнх нь үнэ дийлдэхгүй шүү дээ. Би хоёр буутай. 10 болон 50 метрийн дасгалд өөр, өөр буугаар бууддаг. 50 метрт онч сорьдог бууг Монголын төмөр замын хамт олон Риогийн олимпын өмнө надад бэлэглэсэн юм.
-Ойрын үед оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий юү?
-“Холбооны цом” тэмцээнүүд байгаа. Арваннэгдүгээр сард Кувейтэд болох хийн бууны Азийн АШТ-д оролцож магадгүй. Миний хамгийн том зорилго олимп, ДАШТ-ээс медаль хүртэх. “Рио-2016” олимпод өрсөлдөхдөө финалд шалгарч чадалгүй есдүгээр байр эзэлсэн. Тиймээс дутуугаа гүйцээхийн төлөө хичээнэ ээ.