“Буэнос-Айрес-2018” залуучуудын гурав дахь удаагийн олимпын наадам өчигдөр эхэллээ. 206 орны 4600 гаруй тамирчин спортын 32 төрөлд өрсөлдөж буй наадамд Монгол Улс 11 шилдгээ сойж байна. Эхний өдөр жүдо бөхийн хөвгүүдийн 55 кг-д өрсөлдсөн Ганбүргэдийн Тэмүүжин мөнгөн медаль хүртэн, манай тамирчдын амжилтынх нь салхийг хагаллаа. Чингэлтэй дүүргийн тамирчин тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваанд Колумбын Хуан Монтеалегре, Украины Олег Вередыба нарыг цэвэр ялсан. Улмаар аваргын төлөөх барилдаанд Беларусийн Артём Коласовт дийлдэн, үзүүрлэв.
Өнгөрсөн жил Азийн өсвөрийн АШТ-ий дэд аварга болж, энэ онд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Г.Тэмүүжин дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэлийн удирдлагад зодогложээ. Залуучуудын олимпын эрхийн оноо олгох хоёр тэмцээнээс алтан медаль хүртэн “Буэнос-Айрес-2018”-ыг зорих “тийз” авсан тэрбээр залуучуудын олимпоос медаль хүртсэн Монголын дөрөв дэх тамирчин боллоо. Түүнээс өмнө “Баавгай” хэмээх Б.Батцэцэг, гимнастикч Г.Эрдэнэболд (“Сингапур-2010”) алт, Б.Дөлгөөн (“Наньжин-2014”) мөнгөн медаль хүртэж байв. Г.Тэмүүжин Чингэлтэй дүүргийн БТСГ-ын дасгалжуулагч С.Баяржаргалын шавь юм.
Залуучуудын олимпын багийн спортын төрөлд монголчууд анх удаа өрсөлдөж байгаа. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд оролцож буй Монголын багийнхан эхний хоёр тоглолтдоо Эстонийн тамирчдад 21:19, америкчуудад 22:13-аар хожигджээ. Азийн АШТ-ий хүрэл медальтай тэд Б.Алтангэрэл, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нараар багаа бүрдүүлсэн юм. Манай сагсан бөмбөгчид Аргентин, ОХУ-ын багтай өрсөлдөнө.
Мөн таеквондогийн хөвгүүдийн 48 кг-д хүч сорьсон П.Дүүрэнжаргал эхний тойрогт Палестины М.Ясиниг 42:25-аар ялсан ч шөвгийн наймд Узбекистаны У.Рашидовт 44:3-аар дийлдэн, тэмцээнээ дуусгав. Эл жинд ОХУ-ын Д.Шишко түрүүлжээ.