Одоогоос 30 жилийн өмнөх эл өдөр (өчигдөр) XX зууны Монголын шилдэг боксчин, Гавьяат тамирчин Нэргүйн Энхбат “Сөүл-1988” олимпоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Монголын багийн цорын ганц медалийг авчирсан түүхтэй. Азийн АШТ-ий алт, мөнгөн медальтай тэрбээр эхний тойрогт гоц мөргөн, удаах даваануудад Венесуэлийн Хосе Пересийг 5:0-ээр, Европын аварга, Унгарын тамирчин И.Туруг хүнд цохилтоор, шөвгийн наймд Африкийн болон Дэлхийн цомын аварга, Мароккогийн Х.Маржуанег 5:0-ээр ялж, хүрэл медалийн болзол хангасан юм.
Улмаар мөнгөн медалийн төлөөх тоглолтод Шведийн Г.Крамнед 3:2-оор дийлджээ. Сөүлийн олимпыг зохион байгуулсан газарт барьсан цогцолборт “Том” хэмээх Н.Энхбатын зургийг залжээ. Олимпын дэвжээнээс манай ширэн бээлийтнүүдийн анхны медалийг авахдаа монголчууд бөхөөс өөр төрлөөр олимпод дүүлж чадахыг баталсан түүний амжилтад зориулж багынх нь найз, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дууг зохиосон билээ. Улсын зургаан удаагийн аварга Н.Энхбат “Найрамдал 1984” тэмцээний мөнгө, Румыний “Алтан бүс”, Германы “Химийн цом”-ын хошой алтан медальтай. Дэлхийн шилдэг таван боксчины нэгээр зургаан жил дараалан нэрлэгдсэн тэрбээр өдгөө АНУ-д амьдарч байна.