Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпын наадам, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд босоо яваа “King tug” хочит Нямбаярын Төгсцогтын дараагийн тулаан хэзээ болохыг спорт сонирхогч, боксын хорхойтнууд сураглаж, тулааных нь товыг тодруулж өгөөч хэмээн “Таван цагариг”-т хандав. Тиймээс АНУ-ын Лос- Анжелес хотноо бэлтгэл сургуулилалтаа базаадаг түүнтэй утсаар холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу. Энэ зун хөлбөмбөгийн дэлхийн аварга, Азийн зуны спортын 18 дугаар наадам гээд спортын томоохон үйл явдал руу спорт сонирхогчид анхаарлаа хандуулж байсан ч маш олон хүн Таны дараагийн тулааны тухай сураглаж байна. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
-Сайн, сайн байна уу? Одоогийн байдлаар ямар нэг тулааны тодорхой тов гараагүй байна. Өнгөрөгч тавдугаар сард хийсэн тулааны үед баруун гарын үендээ гэмтэл авсан. Өмнө нь бас гэмтэлтэй, эдгээгүй байсныг та мэднэ дээ. Эрчимтэй бэлтгэл хийж, цохих боломжгүй байгаа тул хөнгөн бэлтгэл хийгээд гүйж явна.
-Тулааны тов яг тодроогүй гэлээ. Гэхдээ Клаудио Марреро гэдэг WBC болон IBO холбооны аварга асан, одоо WBC-гийн чансаанд 57.2 кг буюу өөрийн тань жинд хоёрдугаарт яваа боксчинтой тулалдах тухай сураг дуулдсан.
-Тийм ээ. Клаудио Маррерогийн баг 12 раунд тулалдах санал тавьсан. Бид ч энэ тулааныг хийх сонирхолтой байгаа. Хоёр холбооны аваргын бүс эзэмшиж байсан хүнтэй тулалдахыг би ч маш их хүсэж байна. Марреро жиндээ чансаагаар хоёрдугаарт, би тавд бичигдэж байгаа болохоор энэ тулаанд хэн ялсан нь чансааны нэгд бичигдэх, улмаар Дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах боломж нээгдэх юм.
Тэгэхээр хэн хэнд нь энэ тоглолт маш хэрэгтэй тул тулалдана гэдэг дээр үндсэндээ тохирсон. Энэ тулаан маш их хэрэгтэй, асар их хариуцлагатай учир нягт сайн бэлтгэл хийх шаардлагатай байгаа. Гараа бэртээснээс болоод тодорхой тов гаргаагүй.
-Гэмтэл бэртлээ сайн эдгээн, бэлтгэлээ цалгардуулалгүй хийгээд, ялалтын цувралаа үргэлжлүүлж, дэлхийн аваргын төлөө тулалдахыг хүсье.
-Баярлалаа. Гар эдгэвэл энэ сард, амжихгүй бол ирэх сард багтаагаад тулалдахыг зорьж байна. Хичээнэ ээ.
Н.Төгсцогт тавдугаар сард дэлхийн аварга цол хүртэж явсан Оскар Эскандоныг гуравдугаар үед ялахдаа дөрвөн удаа хүнд цохилтод оруулсан. Эл тулааныг “Premier boxing championship”-ээс тус сарын онцлох тулаанаар тодруулсан төдийгүй “Төгсцогт жингийнхээ одоогийн аваргууд болох Гэри Рассель, Лео Санта Круз, Жош Уоррингтон болон 122-126 паундын хооронд аль ч жинд аваргын бүсийг эзэмшиж байсан, одоо эзэмшиж байгаа хэнтэй нь ч “нүүр тулахад” бэлэн гэдгээ зарлалаа” хэмээн бичиж байлаа. Энэ цаг ирж явна.
Ц.Энхтүвшин
“Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч