18 дахь удаагийн Азийн наадмын боксын тэмцээнд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны ах, дүү тамирчин болох Х.Энх-Амар, Х.Энхмандах нар хүч сорьж байгаа билээ. 49 кг-д өрсөлдөж буй улсын хошой аварга Х.Энхмандах эхний тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай, Инчоны Азийн наадмын аварга, БНСУ-ын Жон Ун Шинийг ялсан ч удаах даваанд 2017 онд ДАШТ-д V байрт шалгарсан, Азийн АШТ-ий хүрэл медальтай, Энэтхэгийн Х.Амитад дийлдэв.
Тэгвэл 56 кг-д оролцож буй оюутны дэлхийн наадмын аварга Х.Энх-Амар энэ жил “Химийн цом”-д түрүүлсэн, Энэтхэгийн Хуссам Уддиныг ялж, дүүгийнхээ хариуг авлаа.