“Жакарта-Палембан-2018”-д Монголын байт харвааны тамирчид анх удаа медалийн төлөө өрсөлдөв. Тэгэхдээ нэг бус, бүр хоёр хүрэл медалийн төлөө цэц сорьсон ч харамсалтай нь, хоёуланд нь ялагдан, V байрт шалгарлаа.
Манайхнаас эхлээд эрэгтэй багийн рекурв төрөлд Б.Адъяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн нар чансаагаараа дэлхийд найм, тивдээ зургаад эрэмбэтэй БНХАУ-ын тамирчидтай харван, 6:0-ээр ялагдсан.
Тэдний дутууг гүйцээхээр холимог багийн төрөлд Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар мөн урд хөршийн харваачидтай өрсөлдсөн ч 6:2-оор дийлдэв. Ийнхүү Азийн наадамд оролцсон Монголын байт харвааныхан хоёр удаа V байрт шалгарсан амжилттайгаар тэмцээнээ дуусгалаа.