Олимпын хошой хүрэл медальтай, дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр зодог тайлснаасаа хойш Энэтхэг улсын залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа билээ. “Жакарта-Палембан-2018”-ын спорт гар бууны 25 метрийн эмэгтэйчүүдийн дасгалд түүний шавь Сарнобат Рахи шигшээд 34 онож, түрүүлэхдээ Азийн наадмын дээд амжилтыг шинэчилжээ.
Ингэснээр тэрбээр улсынхаа түүхэнд Азийн наадмаас алтан медаль хүртсэн анхны мэргэн бууч болов. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Д.Мөнхбаяр гавьяатаар хувиараа буудлага заалгаж буй С.Рахи дөрвөн жилийн өмнө Инчоны дэвжээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаа ийнхүү ахиулжээ. Өдгөө 27 настай тэрбээр 2013 онд Дэлхийн цомд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль авсан анхны энэтхэг мэргэн бууч болсон юм.
Тухайн үед олны хараанд өртөн, ирээдүйд юм дуулгана гэгдэж байсан ч тохой нь бэртсэний улмаас амжилт нь саарчээ. Улмаар техникээ өөрчлөхөөс өөр аргагүйд хүрэн, Д.Мөнхбаярын шавь болсноор ур чадвар, амжилт нь эрс ахисан гэнэ.
Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хоёр алт, нэг мөнгөн медальтай С.Рахи өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тохойны бэртлийн улмаас нэг хэсэг өмнөх шигээ ерөөсөө буудаж чадаагүй. Юун амжилт гаргах манатай. Гүйцэтгэдэг байсан зүйлээ чадахаа больчихоор үнэхээр хэцүү юм билээ. Тэгээд яах вэ гэж нэлээд бодсон. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад Д.Мөнхбаяр багшаар буудлага заалгахын зэрэгцээ техникээ хэрхэн өөрчлөх, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө авсан. Тэгсэн нь үр дүнгээ өглөө. Бэртэл, санаа зовоосон олон асуудлын ард гарч, түрүүлсэн болохоор сэтгэл бүр их хөдөлж байна. Энэтхэгийн буудлагын холбооныхон, монгол дасгалжуулагчдаа баярлалаа” гэжээ.