Дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнийн удирдлагад дөрвөн цаначин 47 хоногийн хугацаанд 10 аймаг, 26 сумаар дамжин ролекоор 1000, дугуйгаар 1350, 50 км замыг гүйж туулан, аялсан нь спортын хорхойтнуудын анхаарлыг их татсан. Тэдний нэг Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Энхбаярын Ариунтунгалагийг “Шинэ танил” онцолж байна.
Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, 21 настай тэрбээр 2016 онд БНХАУ-д болсон олон улсын тэмцээний 25, энэ жил ОХУ-д болсон тэмцээний 30 км-ийн зайд түрүүлж, Азийн хүүхдийн хоёрдугаар наадмаас хүрэл медаль хүртсэн (2013) төдийгүй ДАШТ-д XI байрт шалгарсан (2015) юм.
Энэ жил Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн Э.Ариунтунгалаг улсын 16 удаагийн аварга. Тэрбээр 2015 онд БНХАУ-д болсон олон улсын тэмцээний 50 км-ийн зайд өрсөлдөн барианд орж, Монголын эмэгтэй цаначдаас анхдагч болж байлаа.
-Цаначид жавар тачигнасан өвөл бус зуны улиралд 2400 км зам туулан аялсан нь сонирхол татлаа. Энэ удаагийн аяллын тань гол зорилго юу байв?
-Энэ онд Монголын цанын холбооны 60 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан, цанын спорт хөгжсөн аймаг, сумдаар аяллаа. Гол зорилго маань цанын спортыг хөдөө орон нутагт сурталчлах, бэлтгэлээ хангах байсан. Ер нь өвлийн спортын тамирчид зун ч бэлтгэлээ базааж, цалгардуулахгүй байх нь чухал. Монголын тамирчдаас зуны бэлтгэлээ анх удаа ингэж хийлээ, бид. Урьд урьдынхаас хавьгүй өгөөж, үр дүнтэй болсон шүү.
-Аялангаа бэлтгэл хийсэн байх. Та багшийнхаа саналыг хэрхэн хүлээж авав?
-Дуртайяа зөвшөөрсөн. Өнгөрсөн жил Финландад болсон олимпын эрх олгох тэмцээнд оролцож явахдаа энэ зун бэлтгэлээ ингэж хийхээр болсныг мэдсэн. Аяллын бэлтгэлээ эртнээс базаасан болохоор бэрхшээл харьцангуй бага тохиолдсон байх. Өмнө нь ингэж олон хоногоор аялж байгаагүй надад их сонирхолтой санагдлаа.
-Зуны халуунд олон мянган км замыг ролек, дугуйгаар туулах амаргүй. Хамгийн хэцүү зүйл юу байсан бол?
-Халуунаас илүү олон өдөр үргэлжлэн орсон бороо хэцүү байлаа. Сүүлдээ бүр хуурай хувцасгүй болсон, зутарсан. Бид Улаанбаатараас хөдлөхдөө дугуйгаар явсан юм. Тэр үеэс буцаж иртэл бороотой байлаа. Би дугуй муу унадаг байсныг ч хэлэх үү. Анхандаа урд, хойд талын тормосоо андуурч атгаад нэлээд хөглөсөн. Одоо дугуй сайн унадаг болсоон.
-Аяллын үеэр тохиолдсон хөгтэй явдлаасаа хуваалцана уу?
-2400 км замыг 47 хоног туулахад юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Би нэг удаа хоол хийж байгаад өрөөсөн нүдээ зөгийнд хатгуулчихав. Айхтар хавдан, юм харагдахаа байлаа. Дугуйгаар явахдаа хавдсан нүдээ нээхээр жирэлзэн, бүрсийж харагдсан. Хамт явсан тамирчид зөндөө шоолсон (инээв). Хэдэн өдөр тараг түрхээд эдгээсэн. Даян дээрхийн агуйд эхийн умай шиг тогтоцтой хад байдаг юм билээ.
Хүмүүс тэр хадны завсраар гарч ирэхээр эхээс төрсөн мэт болдог, ариусдаг гэж бэлгэшээдэг юм байна. Бид тэнд очихдоо өнөөх хадны завсраар ар араасаа оров оо. Гэтэл нэг тамирчин маань наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацчихсан. Энд тэндээс нь тэг, ингэ гэж зөвлөн байж арайхийж гаргасан шүү.
-Ээж тань залуудаа цаначин байсан юм билээ. Эл спортоор хичээллэхэд хэр их нөлөөлсөн бэ?
-Манай гэр бүлийнхэн цэрэг, армийн хүмүүс. Ээжийгээ бэлтгэл хийхийг нь харсаар байгаад цанын спортод би татагдаж, цаначин болохоор шийдсэн юм. Бэлтгэлээ базаахад нь би үргэлж хамт явдаг байлаа. Тэгж очихдоо өөртөө таарсан, таараагүй хамаагүй цана, хэрэгсэл өмсөөд гулгана. Цанын спортыг сонирхож буйг ээж анзаарч, хичээллэхийг зөвлөсөн.
Тэгээд 2008 онд Гавьяат тамирчин Л.Дорж, спортын мастер Д.Ичинхорлоо багшид шавь оруулж байлаа. Тэр жилээ өсвөрийн УАШТ-д өрсөлдөөд XI байрт шалгарсан юм. Анхны маань тэмцээн тэр. Санаанаас ер гардаггүй юм. Жижигхэн биетэй байсан намайг гараанаас гарах гэж байхад зарим хүн “Хүн, морь хоёр жижигддэггүй юм. Хөөрхий дөө, барианд орж чадах болов уу” гэж өхөөрдөж билээ.
УАШТ-ий өсвөрийн ангилалд 2010 оноос хойш дөрвөн жил дараалан түрүүлсэн. 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий тав, 10 км-ийн зайн уралдаанд Сочи, Пёнчаны олимпод оролцсон Ч.Отгонцэцэг эгчийн ард орж, мөнгөн медаль авч байлаа.
-Улсын 16 удаагийн аварга танд эзэмшдэг дээд амжилт бий юү?
-Монголд уралдааны стандартын замгүй, эрс тэс уур амьсгалд өрсөлддөг болохоор улсын дээд амжилтыг хэмжих, тогтоох боломжгүй байдаг. Харин УАШТ-д хэн олон түрүүлснээр нь дээд амжилтыг хэмждэг. Одоогоор улсынхаа дэвжээнд 27 түрүүлсэн амжилтаар ОУХМ Д.Энхээ эгч рекорд эзэмшиж байгаа. Би түүнээс үргэлж үлгэрлэж, хүндэлж явдаг.
-2022 оны олимпод хурд сорихыг зорьж байгаа нь мэдээж. Бэлтгэлээс гадна юун дээр түлхүү анхаарч байна вэ?
-Олимпод өрсөлдөх боломж надад байгаа. Хэрхэн хөдөлмөрлөж, хичээхээс минь бүх зүйл шалтгаална. Дөрвөн жил урт хугацаа юм шиг мөртлөө нэг мэдэх нь ээ болчихсон байдаг. Тэгэхээр өдөр бүр хичээж, зүтгэхгүй бол эргээд харахад л 2022 он хаяанд ирчихсэн байна. Бэлтгэлээс гадна сэтгэл зүй, техниктээ их анхаарч байгаа.
Орон нутгаар аялангаа хийсэн энэ удаагийн бэлтгэлийн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Зорьсондоо хүрснийхээ дараа “2018 онд тийм хүнд бэлтгэл хийсний ач” гэж бодох сайхан өдөр ирэх байх. Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн байхгүй. Аравдугаар сард олон төрөлтийн УАШТ-д өрсөлдөхөөр төлөвлөсөн. Дараа нь Оюутны универсиад наадам болон ДАШТ-д хурд сорино.