МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ Э.ХАРЦАГА ИНДОНЕЗООС МЭДЭЭЛЖ БАЙНА
“Монгол ньюс” группийн “Өнөөдөр” сонин байгуулагдсан цагаасаа хойш тив, дэлхийн томоохон тэмцээнд сурвалжлагчаа илгээн, хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон тэмцээн, наадмын торгон мөч, тамирчдынхаа ялалт, ялагдлын агшнуудыг сонины хуудсаараа дамжуулан уншигчдадаа хүргэсээр өдий хүрсэн. Өвөл, зуны 10 олимп, төдий тооны олон улсын тэмцээн сурвалжлан, газар дээрээс нь мэдрүүлж байсан буухиаг манай гэрэл зургийн албаны дарга Э.Харцага үргэлжлүүлж байна.
18 дахь удаагийн “Жакарта-Палембанг-2018”-ыг сурвалжилж буй тэрбээр Азийн наадмыг гурав дахь удаагаа зорьсон юм. Өнөө жил “Пёнчан-2018” олимп сурвалжилсан тэрбээр “Гуанжоу-2010”, “Инчон-2014”-ыг гэрэл зургийн хальснаа буулган, хүргэсэн туршлагатай. Оюутны ширээнээс амьдралын далайд хөл тавьсан цагаасаа хойш сониндоо 17 дахь жилдээ ажиллаж буй Э.Харцагын зургуудыг наадмын туршид “Өнөөдөр”-өөс тольдоорой.