“Хилэнцэт хорхой”, “Үлэмж хурд”, “Мастер кросс”, “Инфо бокс”, “Чингис хаан”, “Цайны зам”, “Ice racing cup” зэрэг янз бүрийн, сүрдэм нэртэй авто уралдаан Монгол орны газар сайгүй болж байна. Хил дамнасан, олон улсын уралдаануудад ч манай залуус оролцох нь олширсон. Үүний хойноос бас нэг уралдаан “нэхэж явна”. Энэ бол олон улсын гэх тодотголтой марафон.
“Үзэсгэлэнт Улаанбаатар”, “Тал нутгийн Монгол”, “Gobi march”, “Gobi khangai”, “Дөрвөн цөл”, “The gobi wolf” гээд дурдаад байвал өчнөөн. Эдгээрээс ядаж нэг, хоёр нэр нь танд танил сонсогдож байгаа биз. Тийм байхаас ч аргагүй. Учир нь, эдгээр марафоны заримыг нь монголчууд сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж ирсэн юм.
Марафон зохион байгуулах, уралдахын ач холбогдол юу вэ. Мэдээж эрүүл мэндэд гойд нөлөөтэй. Түүнчлэн газар орноо таниулан сурталчлах ач холбогдолтой. Аялал жуулчлалынхан ч энэ төрлийн уралдааныг “Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тусгай сонирхлын нэг төрлийн бүтээгдэхүүн” гэж тодорхойлдог. Үнэхээр тийм аж. Лондон, Бостон, Берлин, Хамбург, Сиднейд жил бүр болдог томоохон марафонд оролцохоор хэдэн мянган жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг тухай нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан онцлов.
Тэд “Зөвхөн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газар байгаад жуулчдыг татахгүй. Тиймээс улс орнууд урлаг, спорт, соёлын янз бүрийн арга хэмжээ сэддэг. Үүний нэг нь марафон. 1981 оноос улбаатай Лондоны марафонд зөвхөн ойр дотнынхон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих гэж мянга мянган жуулчин очдог гэсэн статистик байдаг. Энэ ач холбогдлыг нь мэдэрсэн дэлхийн томоохон хотууд өөрсдийн онцлогийг шингээсэн марафон зохион байгуулах болсон” гээд өөр олон баримт эшлэв. Тэгвэл манай улсад болдог ийм уралдаанууд үүргээ биелүүлдэг үү. Бид марафонд хэр ач холбогдол өгдөг бол.
Энэ төрлийн арга хэмжээ борооны дараах мөөг шиг олширсны хэрээр үүнтэй холбоотой гомдол, шүүмжлэл мэргэжлийн байгууллагуудад ирэх нь нэмэгджээ. Ялангуяа зохион байгуулалттай холбоотой “хов” тасардаггүй гэнэ. Баримт дурдъя. Нийслэлийн ЗДТГ-аас сүртэй гэгч мэдэгдэл хийж, ажлын хэсэг хүртэл гарган байж өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан “Улаанбаатар марафон”-д 30 орны тамирчин оролцжээ.
Гэтэл тэдний төлөөлөл бүхий гадаадын гурван ч иргэн зохион байгуулалтад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, франц бүсгүй “Гүйлтийн зам, талбайг саадгүй байлгахад анхаарснаас биш, тамирчдын аюулгүй байдлын чухалчлаагүй. Нэг найз маань замын хашлагад шахагдан, гараа төмөрт цохиж, гэмтсэн” хэмээн БОАЖЯ-ныханд гомдол мэдүүлжээ. “Улаанбаатар марафон”-ы дараа “30 мянган хүн оролцлоо.
Жил ирэх тусам оролцогчдын тоо нэмэгдэж, Монголын нэр хүнд өсөж байна” гэсэн сурталчилгааны шинжтэй албаны ярилцлага, мэдээлэл сонин, сайтуудаар “шуурсан”. Гэвч хэн ч зохион байгуулалтын алдаа дутагдал, гомдлын талаар ам нээгээгүй өнгөрсөн юм. Нэгэнт жуулчдыг татах зорилготой, тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн ийм арга хэмжээг худал магтаал, хуурамч мэдээллээр бус, иргэдийн санал, шүүмжлэлийн дагуу өөд нь татах ёстой. Үзэл бодлоо ил илэрхийлсэн нь гуравхан болохоос чухам хэчнээн хүн сэтгэл гонсгор буцсан нь тодорхойгүй.
Өнгөрсөн зургадугаар сард Өвөрхангайд болсон “Gobi khangai-2018” богино зайн марафоны үеэр герман тамирчны бие муудаж, зохион байгуулагчдыг сандаргажээ. Олон улсын марафонд хурд сорих тамирчид, ялангуяа гадаадынхан өмнө нь эмчид зайлшгүй үзүүлж, оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт бичүүлэх ёстой аж. Тухайн нутгийн байгаль, цаг агаарын онцлог тамирчдад шууд нөлөөлөх эрсдэлтэй учир ийм шалгуур тавьдаг байна.
Зарим тохиолдолд оролцуулахгүй байх эрх ч бий. Гэтэл дээрх тамирчин үүнийг биелүүлэлгүй уралджээ. Энэ нь нэг талаас тухайн оролцогчийн буруу боловч нөгөөтэйгүүр зохион байгуулагчид ч гэм бий. Хэрэв гай таарч, тамирчин нас барсан бол яах вэ. “Эмчид үзүүлээгүй түүний буруу” гээд өөрсдийгөө өмгөөлөөд зогсох байсан уу. Эсвэл “Бид дүгнэлтийг нь харахаа мартчихаж” гэх үү. Үүнийг бодууштай.
Марафонтой холбоотой энэ мэт ноцтой баримт, сөрөг мэдээлэл байна. Бид үүгээрээ Монголд зохион байгуулдаг бүх гүйлтийн тэмцээнийг харлуулах гэсэнгүй. Нийгэмд үр өгөөжөө өгсөн, зохион байгуулалт сайтай марафон ч бий. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө болсон “Gobi march” уралдааныг хувийн хэвшлийн нэг байгууллагаас зохион байгуулсан. Үүнд 40 гаруй орны 230 гаруй тамирчин оролцож, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн дурсгалт газруудын дагуу уралдсан.
Оролцогчид “Gobi march”-ын тухай тун ам сайтай байсан бөгөөд эл арга хэмжээг сурвалжлахаар ирсэн Японы NHK телевизийнхэн манай орны талаар нэвтрүүлэг бэлтгэн, гаргасан нь томоохон сурталчилгаа болжээ. “Үзэсгэлэнт Улаанбаатар” өртөөт марафон ч Монголыг дэлхийд өөрөөр нээсэн гэж аялал жуулчлалын салбарынхан ярьдаг.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр марафоныг мөнгө олох хэрэгсэл, жуулчдыг татах хялбар арга гэж боддог хүн олширсноос болсон, болоогүй, гадаад, монгол нэртэй уралдаан олон “төржээ”. Монголын аялал жуулчлалын холбооноос авсан мэдээллээр манай улсад 2-3 жилд багадаа 50-60 төрлийн марафон болдог гэх. Хадны зураг, агуй, мал аж ахуй, загас гээд нэг л зүйлээр дагнасан тусгай сонирхлын 500-600 төрлийн аяллыг төрөлжүүлэн хөгжүүлэх боломж, нөөц Монголд бий хэмээн судлаачид тогтоосон байтал марафоноос өөр арга хэмжээ аялал жуулчлалын салбарт байхгүй мэт аягладаг нь ямар учиртай вэ.
Энэ төрлийн арга хэмжээнээс аялал жуулчлалын салбарт төвлөрөх орлого тийм ч хангалттай биш гэнэ. Салбарын нийт орлогын нэг хувьд ч хүрдэггүй аж. Ийм байхад бид тоо бус, чанар чухалчлан, марафонуудоо цөөлж яагаад болохгүй гэж. Лондоны, Берлиний гэдэг шиг Монголоор овоглосон жинтэй, томоохон арга хэмжээ жилдээ нэг, хоёр зохион байгуулж болно шүү дээ.
Аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэгийн багш С.Эрдэнэдалай “Мөсний, бүргэдийн, тэмээний гэх мэт баяр шиг дэлхийд танигдсан, цөөн боловч жуулчин тогтмол хүлээн авдаг марафонтой болмоор байна. Заавал олон хүн хамруулах гээд улайраад байх шаардлагагүй. Жуулчдад аюулгүй байдал, тав тух юу юунаас чухал. Марафонд оролцоход ч ялгаагүй. Энэ бүхнийг бүрдүүлсэн байхад аяндаа танигдана. Жуулчид ч ирнэ.
Манайхны дутагдал нь гадаадаас хэдэн зуун хүн ирнэ гээд өөрсдийгөө сүрхий сурталчлаад, эрсдэл, аюулгүй байдлыг ойшоодоггүй” хэмээн ярьсан нь учиртай. Аялал жуулчлалын салбарынхан болон марафоны хорхойтнууд цаашдынхаа “үйл хэрэг”-т үүнийг анхаарна биз ээ.
Бэлтгэсэн: Ж.Сувд