Азийн 18 дахь удаагийн наадамд оролцож буй Монголын тамирчдын амжилтын салхийг ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Бэхбаяр алтан медалиар хагалж, Индонезын тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлэв. Тивийнхээ “олимп”-д анх удаа түрүүлсэн түүний амжилтыг Азийн болон дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон буухиалж, дийлдэшгүй мэт байлаа. Зөвхөн олимпын наадмаас л медаль хүртэх, түрүүлэх дутуу байгаа тэрбээр аваргын төлөөх барилдаанд Кыргызстаны бөх А.Тыныбековаг 11:0-ээр өвдөг шороодуулав.
Энэ онд Азийн АШТ-д түрүүлж, сорил барилдаанд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг өвдөг шороодуулан ДАШТ-д зодоглох эрх өвөртөлсөн П.Орхон эхний тойрогт хийлж, удаах даваанд Вьетнамын Т.Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга, Японы бөх Рисако Кавайг цэвэр ялж, шуугиулсан юм. Тэрбээр ийнхүү нэг жилийн дотор Азийн наадам, Азийн АШТ-д түрүүлсэн Монголын анхны бөх болов.
“Жакарта-Палембан-2018”-д түрүүлэх манай гол найдваруудын нэг Гавьяат тамирчин Э.Бэхбаяр яахын аргагүй мөн байсан. Дэлхийн дэвжээнд сүүлийн гурван жил дараалан хүрэл медалийн төлөө барилдан, хоёрт нь ялж, олимпоос бусад бүх томоохон тэмцээний медальтай тэрбээр эхний тойргуудад Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0, БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр, шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр, хагас шигшээд Азийн АШТ болон армийн ДАШТ-ий хүрэл медальтай, Ираны Реза Атриг цэвэр цэвэр ялсан. Улмаар аваргын төлөөх барилдаанд энэ жил Азийн аварга болсон БНАСАУ-ын бөх, 20 настай Кан Кум Сонтой өрсөлдөв.
Хэзээнээс Хойд Солонгосын бөхчүүд Азийн наадмын чөлөөт бөхийн хөнгөн жинд өндөр амжилт гаргадаг уламжлалтай. Үүнийг “Доха- 2006”-д Жон Хьюн Гук, “Гуанжоу-2010”-т Ян Кьюн Ил, “Инчон-2014”-т Жон Хак Жин аваргын төлөө өрсөлдөж байснаас харж болно. Энэ удаа Кан Кум Сон өнгөтэй байж, хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Японы Юки Такахашийг өвдөг шороодуулсан.
Хэдийгээр тэрбээр дийлдэшгүй мэт байсан ч Э.Бэхбаяр барилдааны эхнээс илүүрхэн, 8:2-оор ялав. Ингэснээр Бэхээ Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийнхнөөс 11 дэх тамирчин боллоо. Мөн чөлөөтийнхнөөс Азийн наадам, Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн зургаа дахь тамирчин (Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, Гавьяат тамирчин П.Сүхбат, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар) болж байгаа юм.
ДАШТ-ий хошой мөнгөн медальтай, Гавьяат тамирчин А.Энхээгийн шавь Э.Бэхбаяр 2004 оны есдүгээр сарын 15-нд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны бөх тэрбээр 2015 оны Азийн аварга, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны календарьт багтдаг А зэрэглэлийн олон улсын тэмцээний 12, УАШТ-ий таван түрүүтэй. Гавьяат маань өнгөрсөн жил ДАШТ-ээс хошой хүрэл медаль авсныхаа дараа “Өнөөдөр” сонинд ярилцлага өгөхдөө “Аав минь 2012 онд бурхан болоход нь би залуучуудын дэлхийн аварга ч болж амжаагүй байсан шүү дээ. Намайг багад “Миний дэлхийн аварга хүү” гээд өхөөрддөг байсан.
ОУХМ О.Үйтүмэн Азийн наадмаас анхны медалиа авлаа
Өнөөгийн амжилтыг зөгнөж байсан гэдэгт би итгэдэг. Тэгж бодохоор сэтгэл тайвширдаг юм. Яасан эрт аавыг минь аваад явчихав даа гэж цөхрөх үе ч цөөнгүй. Амжилт гаргах бүртээ багшаараа бахархаж, аавыгаа үгүйлдэг” гэсэн юм. Түүнтэй цахим хуудсаар нь холбогдож, цөөн хором ч болтугай ярилцлага авах санал тавихад “Юуны өмнө монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэндээ баяртай байна. Өнөөдөр, маргааш барилдах бөхчүүдийнхээ бэлтгэлийг нь хангалцах, мэхийг нь давталцах гээд түмэн завгүй гүйж явна. Ярилцлага өгч амжаагүйд уучлаарай” хэмээв.
А.ЭНХЭЭ: ХАНЬ МИНЬ АЗИЙН НААДАМД БЭХЭЭГ ДАСГАЛЖУУЛСАН
Э.Бэхбаярыг шагналаа гардаж буйг гар утасны лайваар үзэж буй А.Энхээ багшийнх нь бичлэг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Ялж, дийлдэх бүхий л мөчид нь төдийгөөс өдий хүртэл хамт яваа А.Энхээ гавьяатын баярын сэтгэгдлээс нь хуваалцахад “Шавиараа бахархаж байна. Намайг мөн ч олон удаа баярлуулж байна даа. Өчигдөр (уржигдар) барилдааныг нь зурагтаар шууд дамжуулаагүй, яаж үзэх вэ гэж их сандарлаа. Аргагүйн эрхэнд гар утасны лайваар үзэж байхад шавь нар маань бичлэг хийсэн байна лээ.
Түүнийг нь манай охин цахим хуудсандаа нийтэлсэн юм билээ. Бэхээ алтан медалиа зүүн, Төрийн дуулал эгшиглэхэд сэтгэл догдолж, самсай шархирлаа. Бид наадмын өмнөх бэлтгэлээ 14 хоногийн хугацаанд базаасан. Бэлтгэлийг нь хангалцсан тамирчдад хонь бэлэглэсэн нь амжилт дагууллаа гэж бэлгэшээж сууна. Бэхээг Азийн наадамд шигшээ багийн дасгалжуулагч нараас гадна хань минь дасгалжуулж байгаа. Монголоос явахынх нь өмнө жинд нь тэгж оруулж, хоолыг нь ингэж тохируулаарай гээд түүнд зөндөө зүйл захисан. Хэрхэн оролцох, хэнтэй яаж барилдах төлөвлөгөөг нь нарийн гаргасан.
Хань маань чөлөөт бөхийн олон улсын шүүгч. Насаараа надтай хамт эл спортын төлөө зүтгэж яваа хүн дээ. Би хөгжлийн бэрхшээлтэй болохоор санасан зүйлээ хийж чаддаггүй. Гар, хөлийн үзүүрт туслан, надад ганц дэм болж байгаа хүн, миний хань. Бэхээд одоо олимпын медаль, дэлхийн аварга цол л дутуу. Энэ жил ДАШТ-д том зорилготой очно. Бид хоёрын гол зорилго Токиогийн олимпод түрүүлэх. Шавь маань Азийн наадмын дараа шигшээ багийнхныхаа хамт Японд хамтарсан бэлтгэлд оролцчихоод аравдугаар сар дөхүүлээд эх орондоо ирнэ” гэв.
Мөн хоёр Гавьяатын амжилтыг эрэгтэйчүүдийн 86 кг-д армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальтай, УАШТ-ий таван түрүүтэй О.Үйтүмэн, 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальтай Э.Сумъяа, 57 кг-д залуучуудын Азийн болон дэлхийн аварга А.Батцэцэг нар үргэлжлүүлж, хүрэл медаль хүртэв.
Аавыгаа залгамжлан, итгэлийг нь амжилтаар хариулж яваа бүсгүй
Азийн наадмын дэвжээнд өрсөлдөж буй Монголын тамирчдын гурав дахь медалийг хийн урт бууны 10 метрийн төрөлд оролцсон ОУХМ Ганхуягийн Нандинзаяа хүртэв. Уржигдар болсон эл дасгалын холимог багийн төрөлд ОУХМ Н.Баяраагийн хамт цэц сорихдоо медалийн оосроос атгаад алдан, V байрт шалгарсан тэрбээр ийнхүү зорьсондоо хүрлээ. Тэрбээр урьдчилсан шатанд 626.6 оноо авч, дөрөвдүгээр байраар шилдэг наймд үлдсэн.
Улмаар шигшээд 227.4 онож, хүрэл медалийн болзол хангажээ. Эл төрөлд 46 мэргэн бууч өрсөлдсөнөөс Инчоны Азийн наадмын аварга Ч.Нарантуяа 19 дүгээр байрт шалгарсан бол БНХАУ-ын Роу Жу Жао (250.9) түрүүлэхдээ тивийнхээ дээд амжилтыг шинэчлэв. Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, оюутны дэлхийн аварга, “Рио-2016” олимпод оролцсон туршлагатай Г.Нандинзаяа Азийн наадмаас медаль хүртсэн Монголын буудлагын 12 дахь тамирчин болов.
Энэ жил УАШТ-д түрүүлэхдээ, улсын дээд амжилтыг шинэчилсэн түүний аав нь буудлагын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг юм. Залуудаа шаггүй амжилт гарган, улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд цөөнгүй өрсөлдөж явсан өвөө, аав хоёроо залгамжлан, амжилтынх нь жимээр алхаад 12 жил болж байна, Г.Нандинзаяа. Түүний ээж ч бас спортын хүн. Радио спортын ОУХМ цолтой, Азийн аварга.
Г.Нандинзаяагийн ур чадвар өдрөөс өдөрт ахисаар буудлагаар хичээллэснийхээ дараа жилээс л амжилтын “ургац” хурааж эхэлжээ. “Холбооны цом”-д цэц сорихдоо спортын мастер цолны болзол хангасан тэрбээр ОХУ-д болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэн, амжилтын салхиа хагалсан юм. Түүнээс хоёрхон сарын дараа болсон Монголын бүх ард түмний спартакиадад оролцохдоо олон улсын хэмжээний мастер цол хүртэн, шуугиулав. Ийн онцолсны учир нь Г.Нандинзаяа Монголын буудлагын спортын түүхэнд хамгийн залуудаа ОУХМ цол хүртсэн тамирчин болсон юм. Ганцхан жилийн дотор спортын хоёр цол авах амаргүй нь мэдээж.
Бэлтгэлээ аавынхаа удирдлагад базаадаг тэрбээр 2012 онд оюутны ДАШТ-д ганцаарчилсан болон багийн төрөлд түрүүлж, хос алтан медаль хүртэн, дараа жил нь дэлхийн оюутны универсиадад гуравдугаар байрт шалгарсан юм. Тэр жилээ БНСУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо гурван байдлаас 20 сум буудах дасгалд 565 оноо авч, залуучуудын дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.
Г.Нандинзаяа 2015 онд АНУ-д болсон Дэлхийн цомд анх удаа өрсөлдөхдөө IV байрт шалгарч, “Рио- 2016” олимпод оролцох эрх өвөртөлсөн. Олимпын өмнө болсон Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэн, бэлтгэлээ сайтар базааж чадвал ур чадвараар хэнээс ч дутахгүй гэдгээ нотлов. Тэрбээр урт бууны төрөлд тус тэмцээнээс медаль хүртсэн Монголын хоёр дахь тамирчин болсон юм.
Г.Нандинзаяа олимпын дэвжээнд анх удаа цэц сорихдоо урт бууны гурван байдлаас 60 сум буудах төрөлд IX, 10 метрийнхэд XIV байрт шалгарсан. Тамирчин бүхний мөрөөдөл болсон олимпод өрсөлдөж, хоёр төрөлд оролцсон нь түүнд чамгүй туршлага болсон нь мэдээж.