18 дахь удаагийн Азийн наадамд оролцож буй Монголын тамирчдын амжилтын салхийг ДАШТ-ий хошой хүрэл медальтай Э.Бэхбаяр алтан медалиар хагалж, Индонезын тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлэв. Тивийнхээ “олимп”-д анх удаа түрүүлсэн түүний амжилтыг Азийн болон дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон буухиалж, дийлдэшгүй мэт байлаа. Зөвхөн олимпын наадмаас л медаль хүртэх, түрүүлэх дутуу байгаа тэрбээр аваргын төлөөх барилдаанд Кыргызстаны бөх А.Тыныбековаг 11:0-ээр өвдөг шороодуулав.
Энэ онд Азийн АШТ-д түрүүлж, сорил барилдаанд Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг өвдөг шороодуулан ДАШТ-д зодоглох эрх өвөртөлсөн П.Орхон эхний тойрогт хийлж, удаах даваанд Вьетнамын Т.Нгьен, хагас шигшээд олимп, дэлхийн аварга, Японы бөх Рисако Кавайг цэвэр ялж, шуугиулсан юм.