18 дахь удаагийн Азийн наадамд оролцож буй Монголын тамирчдын амжилтыг үргэлжүүлж, дөрөв дэх медалийн болзлыг дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон хангалаа. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны бөх тэрбээр хагас шигшээд олимпын аварга, ДАШТ-ий алт, мөнгөн медальтай, Японы бөх Рисако Кавайг яллаа. Ингэснээр Гавьяат маань мөнгөн медаль өвөртлөв. П.Орхон аваргын төлөө Энэтхэг, Кыргызстаны тамирчдын ялсантай барилдана.
Өнөөдөр манай дөрвөн бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 57 кг-д 23 хүртэлх насны дэлхийн дэд аварга, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медалийн төлөө зодоглохоор болов.