Индонезийн нийслэл Жакарта хотод болж буй Азийн 18-р наадамд оролцох Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг “Хасу” клубийн тоглогчдод тулгуурлан бүрдүүлсэн. Тус клуб Волейболын холбооны цомын энэ жилийн аваргаар шалгарсан юм. Азийн наадмын “Б” хэсэгт Пакистан, Ираны шигшээтэй багтсан манай волейболчид эхний тоглолтоо өнөөдөр пакистанчуудын эсрэг хийж 0:3-ын харьцаагаар хожигдлоо. Үе тус бүрээр нь танилцуулвал 16:25, 19:25, 14:25 байлаа. Хэдий хожигдсон ч гэлээ довтолгоо болоод хамгаалалтдаа муугүй тоглосон. Тухайлбал, А.Даваажаргал, М.Цэрэнбаатар нарын довтолгооны үзүүлэлт айлын шилдгүүдээс ч илүү байсан бол Э.Алтангэрэл хаалт сайн тавьж өрсөлдөгчийнхөө цөөнгүй довтолгоог зогсоосон байна. Тиймээс тус тоглолтод гаргасан хувийн үзүүлэлтээ дараагийн тоглолтод багийн амжилт болгох боломж байна. Монголын шигээ удаах тоглолтоо 24-нд Ираны эсрэг хийнэ.
(Гэрэл зургийг Э.ХАРЦАГА, Жакарта хот, Индонез улс).