Азийн наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Б” хэсэгт Япон, Хятад, Тайланд, Хонгконгтой өрсөлдөж буй. Тэд эхний хоёр тоглолтын дүнгээр 1 хожиж, 1 хожигдоод байсан. Тэгвэл гурав дахь тоглолтоо Хятадын хүчтэй багтай хийж 36:110-ээр хожигдлоо. Хонгконгийн эсрэг тоглохдоо холын зайн шидэлтийг сайн гүйцэтгэсэн монголчуудад давуу талаа ашиглах боломжийг хятадууд олгосонгүй. Өмнөд хөршүүд ур чадвар болоод тактикийн давуу талаа ашиглан манай багийг 74 онооны зөрүүгээр бут ниргэв. Япон, Хонконгийн эсрэг хийсэн тоглолтын адилаар Монголын багийн лидер нь М.Булбул байлаа. Тэрбээр тус тоглолтод багаасаа ганцаар 10-ээс дээш буюу 15 оноо авав.
Хэдий хожигдсон ч гэлээ Монголын шигшээ хэсгээсээ шалгарах боломжоо хадгалсаар байна. Азийн наадамд нийт эмэгтэй арван баг оролцож буй бөгөөд хоёр хэсэг тус бүрээс дөрвөн баг хасагдах шатанд шалгарна. Тиймээс 23-нд хийх хэсгийн сүүлчийн тоглолтод Тайландыг хожих аваас хэсгээсээ гурваар эсвэл дөрвөөр шалгарна. Өмнөх тоглолтуудын үзүүлэлтээс харахад Тайландын багийн түвшин манайхтай ижил байна.