Дэлхийн хошой аварга Ф.Алонсо сүүлийн хэдэн жил бодож, цэгнэж байсан зүйлээ бодит болгохоор шийдвэрлэж, энэ улирлыг дуусгаад “Формула-1” уралдааныг орхино гэдгээ зарлалаа.
Түүний эл шийдвэрийг “дуулиант” гэж нэрлэхэд зохимгүй. Учир нь испани нисгэгч “Формула-1”-д 17 дахь улиралдаа уралдаж байна. Энэ хугацаанд тэрбээр 300 гаруй уралдаанд оролцохдоо 32 ялалт байгуулж, 97 удаа ялалтын тавцанд гишгэж, 22 удаа байрлал тогтоох уралдаанд түрүүлэн, 23 удаа тойргийг хамгийн хурдан тойрсон амжилтын эзэн болж, 1800 гаруй оноо авсан юм.
Хамгийн гол нь “Рено” багт байхдаа 2005, 2006 онд дэлхийн аварга болж байлаа. Чухам Ф.Алонсо “Формула-1”-ийн хамгийн залуу дэлхийн аварга болсноос гадна таван жил дараалан түрүүлсэн М.Шумахерын хаанчлалыг эцэслэсэн юм. Сонирхолтой нь, тэрбээр 2010 онд М.Шумахерыг залгамжлан “Феррари”-д ирсэн ч энэхүү домогт багт аваргын цом авчирч чадаагүй билээ.
Испани нисгэгч “Рено” багт байхдаа оргил амжилтаа үзүүлсэн. 2003 онд “Унгарын гран при”-д түрүүлсэн нь түүний анхны ялалт байлаа. Хоёр жилийн дараа Японд Фернандо дэлхийн долоон удаагийн аварга М.Шумахерыг гүйцэж түрүүлсэн нь улирлын хамгийн үзүүштэй мөчөөр тодорч, “Формула-1”-д шинэ лидер төрөн гарч буйг зарласан юм.
Тэрбээр ч олны итгэлийг алдалгүй, 2005, 2006 онд дараалан дэлхийн аварга болсон билээ. 2010 онд Ф.Алонсо “Феррари” багийн төлөөх эхний уралдаандаа “Бахрейны гран при”-д түрүүлж байв. Харин 2013 онд “Испанийн гран при”-д түрүүлсэн нь түүний хувьд 32 дахь агаад одоогийн байдлаар хамгийн сүүлчийн ялалт нь болж байна. Түүнээс хойш “Макларен”, “Хонда” багт хүчин зүтгэсэн ч өндөр амжилт үзүүлээгүй.
Ф.Алонсогийн хувьд дараачийн сорилго нь АНУ-ын алдарт “IndyCar” цуврал болох биз ээ. Учир нь “Монакогийн гран при”, “Ле Маны 24 цаг”, “Инди-500” хэмээх гурван түүхэн уралдаанд түрүүлж, “гурван титэм” гэж нэрлэдэг амжилтын эзэн болоход нь түүнд ердөө ганц алхам дутуу.
Өднөөг хүртэл энэ амжилтад Британы домогт уралдаанч Грэм Хилл л хүрээд буй. Харин Ф.Алонсо 2006, 2007 онд Монакод түрүүлж байсан бол энэ жил “Тоёота” багийн бүрэлдэхүүнд Ле Маны уралдаанд аваргалсан юм. Испани нисгэгчид одоо ганцхан Америкт болдог супер уралдаанд түрүүлэх л үлдээд байна.