18 дахь удаагийн Азийн наадмын амжилтын салхийг Гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медалиар хагалж, Индонезын тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүлэв. Эрэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон тэрбээр Азийн наадамд анх удаа түрүүлж байгаа юм.
ДАШТ-ий хошой хүрэл медальтай, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ (UWW)-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн олон улсын тэмцээний 12, улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт хорооны бөх Э.Бэхбаяр эхний тойргуудад Тажикистаны Хикматулло Вохидовыг 7:0, БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр, шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Узбекистаны Махмуджан Шавкатовыг 5:4-өөр, хагас шигшээд Азийн АШТ болон армийн ДАШТ-ий хүрэл медальтай, Ираны Реза Атриг цэвэр ялсан. Улмаар аваргын төлөөх барилдаанд энэ жил Азийн аварга болсон БНАСАУ-ын бөх, 20 настай Кан Кум Сон 8:2-оор дийлэв.
Ингэснээр Гавьяат маань Азийн наадамд түрүүлсэн Монгол Улсын 20, чөлөөт бөхийнхнөөс 11 дэх тамирчин болов. Мөн чөлөөтийнхнөөс Азийн наадам, Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн зургаа тамирчин болж буй нь энэ.
Түүнээс өмнө Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, Гавьяат тамирчин П.Сүхбат, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар нарын шилдгүүд дээрх хоёр тэмцээнд түрүүлж байв.
Э.Бэхбаяр Азийн наадмын аварга болох мөчид түүний багш Гавьяат тамирчин А.Энхээ баярлаж буй сэтгэл хөдлөм агшин.
Мөн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, армийн дэлхийн аварга, Иван Ярыгиний “Алтан гран при”-гийн мөнгөн медальтай, улсын таван удаагийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин, ОУХМ Оргодолын Үйтүмэн хүрэл медаль хүртэв.
Таван барилдаан хийсэн тэрбээр хагас шигшээд олимп, дэлхийн аварга Х.Язданид ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн бөх П.Кумарыг 8:1-ээр яллаа.
Азийн наадмын эхний өдөр медалийн төлөө гурван бөх барилдсан. Эрэгтэйчүүдийн 65 кг-д өрсөлдсөн Азийн АШТ-ий хошой хүрэл, армийн ДАШТ-ий хүрэл, Парисын “Алтан гра нпри”-гийн хүрэл медальт, Яшар Догу, “Монголиа Опен” олон улсын тэмцээний аварга, УАШТ-ий хошой алтан медальтай, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Батчулууны Батмагнай хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөх Сирожиддин Хасанов 10:6-гаар ялагдаж, V байрт шалгарлаа.
Ингэснээр багийн дүнгээр БНХАУ (долоон алт, таван мөнгө, дөрвөн хүрэл) тэргүүлж, Япон (гурван алт, зургаан мөнгө, таван хүрэл), БНСУ (хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл) эхний гуравт багтаж байгаа бол Монгол Улс (нэг алт, нэг хүрэл, хоёр тамирчин V байрт шалгарсан) есдүгээр байрт бичигдэж байна.