Нэр хүнд, цар хүрээгээрээ олимп, ДАШТ-ий дараа, тивдээ хамгийн томд эрэмбэлэгддэг Азийн наадмын чөлөөт бөхийн барилдаан үргэлжилсээр. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97 кг-ын аваргууд тодорно. Монголын таван бөх барилдсанаас 57 кг-д зодоглож буй ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр алт, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальтай Б.Батмагнай, 86 кг-д Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, армийн дэлхийн аварга О.Үйтүмэн хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
Э.Бэхбаяр эхний тойргуудад Тажикистаны Х.Вохидовыг 7:0, БНСУ-ын Ким Сун Гвоныг цэвэр ялж, шөвгийн наймд Азийн АШТ-ий мөнгөн медальтай, Узбекистаны М.Шавкатовыг 5:4-өөр өвдөг шороодуулав. Хагас шигшээд Ираны Р.Атриг ялсан тэрбээр аваргын төлөө 23 хүртэлх насны ДАШТ болон энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн аварга, БНАСАУ-ын бөх Кан Кум Сонтой өрсөлдөнө.
Харин 74 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан Японы бөх Ю.Фүжияма, 97 кг-д Ө.Батзулыг дийлсэн БНСУ-ын тамирчин Ким Жэ Ган нар хагас шигшээд ялагдсан тул манай бөхчүүд дагах барилдаан хийх боломжгүй болж, үзэгчдийн суудалд шилжив.