К.Брайант, Ш.О`Нил, К.Мэлоун зэрэг супер одоос бүрдсэн 2004 оны “Лос Анжелес Лейкерс” баг яагаад NBA-гийн аварга болж чадаагүй шалтгааныг тус багийн холбон тоглогч байсан Г.Пэйтон нэрлэв.
“Хамгийн гол шалтгаан бол Карл Мэлоуны гэмтэл. Бид улирлыг 18 ялалт, гурван ялагдалтай эхлүүлж, хүн бүхэн л “Чикаго Буллз”-ын амжилтыг эвдэнэ гэцгээж байлаа. Гэвч бидэнд юу тохиолдсоныг хүмүүс сайн мэдэхгүй. Коби Брайант хүүхэд хэвээрээ байлаа. Тэр эвгүй явдалд орооцолдож, яаж шоронд орохгүй байх вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуулж эхэлсэн. Цаашид юу болохыг тэр хэлж мэдэхгүй байлаа. Тэр байнга Денвер рүү шүүх хуралд оролцохоор явж, багтайгаа хамт байх нь багассан. Тэгтэл Шакил болон “Лейкерс”-ийн удирдлагын хооронд гэнэт асуудал үүссэн дээ” хэмээн тэрбээр “The Nerd”-д ярьжээ.