“Атланта-1996” олимпын мөнгөн медальтай, Азийн наадмын хошой аварга (1998, 2002), чансаа, цар хүрээгээрээ олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг Бостоны марафоны түрүүтэй (2001) БНСУ-ын алдарт тамирчин И Бон Жутай ярилцлаа. Бостоны марафонд түрүүлсэн гурав дахь солонгос гүйгч тэрбээр 2000 онд Токиод болсон тэмцээнд оролцохдоо 2:07:20 секунд гүйн, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн нь өнөө ч эвдэгдээгүй байна. Мөн 1992 оны нэгдүгээр сард 1.01:04 секунд гүйн, улсынхаа хагас марафоны (21 км) дээд амжилтыг тогтоож байв. Өдгөө 48 настай тэрбээр олимпод дөрөв (1996-2008), ДАШТ-д гурван (1995, 2001, 2003) удаа хурд сорьсон юм.
И Бон Жу 2009 онд зодог тайлснаасаа хойш марафон гүйлтийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулан, гадаад, дотоодын сургуулиудад лекц уншиж явна. “Инчон-2014” Азийн наадмын марафоны тэмцээнийг шүүсэн тэрбээр спортоос гадна урлагийн шаггүй авьяастай нэгэн. 2014 онд дуучин Ким Жан Хуны хандивын тоглолтын клипэнд тоглосон нь хүмүүсийн талархлыг ихэд хүлээсэн. И Бон Жу Монгол, Солонгосын хамтарсан “Run for reace” тэмцээнд урилгаар оролцоод өнгөрсөн даваа гарагт нутаг буцсан юм. Нэгэн хүлээн авалтын үеэр түүнтэй ийн ярилцав.
-Танаас өмнө марафон гүйлтийн алдартай тамирчин Монголд бараг ирж байгаагүй. Манай улсад ирсэнд тань, түүгээр ч үл барам тэмцээнд оролцон, монголчуудтай хамт хурд сорьсонд спортын хорхойтнууд сэтгэгдэл өндөр байна. Тэрэлжид болсон “Run for reace”-д оролцох урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Энэ тэмцээнийг Монголын нэгэн томоохон сургуулиас (МУБИС) санаачлан манай улстай хамтран зохион байгуулсан. Анхны тэмцээндээ спорт сонирхогчдыг өргөнөөр оролцуулах, сонирхлыг нь татахын тулд намайг урьсан гэнэ лээ. Би ч дуртайяа зөвшөөрсөн. Нэг ч болтугай хүнийг марафоны спортод дурлуулбал аштай юу даа. Ер нь жилийн жилд нэлээд олон орны марафон гүйлтийн тэмцээнд хүндэт зочноор оролцдог, урилгаар хурд сорьдог. Арваннэгдүгээр сард Нью-Йорк, дараа нь Тайванийн марафонд урилгаар өрсөлдөнө. Монголын тал нутагт гүйхэд ямар мэдрэмж төрөх нь миний сонирхлыг их татсан шүү. Тийм, ийм байх болов уу гэж нэлээд төсөөлсөн.
-Яг ямраар төсөөлж байв?
-Уудам тал нутагтай, адуу мал нь хөндий дүүрэн бэлчдэг гэж гадарладаг байлаа. Монголын тухай нэвтрүүлэг, кинонд зөндөө гардаг шүү дээ. Ер нь миний төсөөлснөөс хавьгүй гоё байсан. Зуны дэлгэр цагт ирсэн болохоор өргөн талаар, өнгө алагласан цэцэгсийн дундуур уралдах сонирхолтой байлаа. Би ийм гоё мэдрэмжийг дахиж мэдрэхгүй байх. Бусад орны тэмцээнд авто замаар уралддаг. Монголд шороон замаар хурд сорьсон нь миний сонирхлыг бүр ч их татсан. Дараа жил энэ тэмцээнийг зохион байгуулбал заавал оролцоно.
-Өнөөдөр (энэ сарын 13) “Алдар” спорт хорооныхон танд хүндэтгэл үзүүлэхэд замын түгжрэлийн улмаас очиж чадаагүй гэсэн. Замын хөдөлгөөний ачааллын улмаас ажлаа амжуулж чадсангүй гээд бухимдсан уу ?
-Юу гэж тэгэх вэ. Манай улсад ч бас замын түгжрэл ихтэй болохоор бухимдаагүй ээ. “Run for reace” тэмцээнийг зохиоход “Алдар” спорт хорооны хамт олон дэмжиж, хамтарсан юм билээ. Тэгээд манай улсын төлөөлөгчид болон надад хүндэтгэл үзүүлсэн юм. Очиж чадаагүйдээ санаа зовоод л байна. Нутаг буцахаасаа өмнө “Алдар”-ын дарга нартай утсаар холбоо барьж, уучлал гуйна аа. Монголд хэдхэн хоноод буцах шаргуу хуваарийн улмаас цөөнгүй хүнтэй уулзаж амжсангүй. Би өнөө орой (өнгөрсөн даваа гараг) Солонгос руу явна.
-Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн зүйл юу вэ?
-Монголчуудыг Чингис хаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс зорин байж Цонжин болдогт очсон, сүрдмээр том хөшөөг нь хараад уулга алдсан шүү. Жуулчид магтан, “Заавал тэнд очоорой” гэж захидаг нь аргагүй юм билээ. Тэнд очсон маань сэтгэлд хамгийн тод үлдсэн. Сайхан байгаль, олон мал хараад сэтгэл өөрийн эрхгүй огшсон шүү. Монголд өмнө нь ирж байх минь яав даа.
-Та Солонгосын алдартай тамирчдын нэг. Бүхий л амьдрал тань хэвлэл мэдээллийнхэн төдийгүй, солонгосчуудын анхаарлын төвд байдаг юм билээ. Харин Монголд ирснийг тань тийм ч олон хүн мэдсэнгүй, хэвлэлийнхэн ч шуугисангүй. Нутагтаа үргэлж олны анхааралд байдаг хүнийг монголчууд даруухан угтахаар ямар мэдрэмж төрөх юм бэ?
-Би аль болох олны анхаарлыг татахгүй, ирснээ мэдэгдэхгүй байж байгаад буцъя гэж бодсон юм. Гэхдээ олон хүнд баригдсаан, гарын үсгээ өгсөн (инээв).
-Монгол тамирчдын онцлог, ур чадварын талаар ямар бодолтой явдаг вэ. Биднээс суралцах зүйл байна уу?
-Хөнгөн атлетикийн төрлөөс Монголд хамгийн өндөр хөгжиж, тамирчид чамлахааргүй амжилт гаргаж байгаа нь марафон гүйлт юм билээ. Тус спортыг ийм олон хүн сонирхон, хичээллэж буйд олзуурхаж байна. Танай улсад спорт хүмүүсийн сонирхлыг дагаж хөгждөг. Тэр хэрээр олон тамирчин хичээллэн, богино хугацаанд амжилт гаргадаг онцлогтой. Монгол тамирчид тэвчээртэй, авхаалжтай. Өөртөө итгэлтэй байдал, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг нь арай л өөр шүү. Уралдааны зориулалтын тартан замгүй мөртлөө Б.Сэр-Од тэргүүтэй олон шилдэг тамирчинтайгаараа монголчууд чамлаж болохгүй. Бидэнд монгол тамирчдаас суралцах зүйл их бий. Бэлтгэлийн нөхцөл, техник хэрэгслийн хангамжаа чамлалгүй, бор зүрхээрээ зүтгэж байгаад нь баярладаг.
-Та багаасаа марафоны тамирчин болохыг мөрөөдсөн юм билээ. Эл спортыг сонгоход юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Багадаа нэлээд үймүүлэгч, хөдөлгөөнтэй хүү байлаа. 1936 оны Берлиний олимпын марафоны тэмцээнд түрүүлсэн Сон Ги Жон намайг эл спорттой амьдралаа холбоход их нөлөөлсөн. Түүний уралдааны бичлэгийг үзэх тусам марафоны спортод улам дурлаж байлаа. Тэгж явсаар ахлах ангид сурч байхдаа марафончин болсон. Арайхийж мөрөөдлөө биелүүлтэл аав, ээж хоёр “Миний хүү боль. Эсвэл өөр спортоор хичээллэ” гээд эсэргүүцсэн. Тэгэхэд нь юу ч дуугаралгүй зүгээр л инээмсэглэдэг байв.
-Өөр мэргэжил эзэмшүүлэх сонирхолтой байсан юм уу?
-Харин тийм ээ. Нэг нагац ах маань чөлөөт бөхөөр барилдаж байгаад бэртлийн улмаас спортоо орхихоос өөр аргагүй болсон нь нөлөөлсөн байх. Аав, ээж хоёр минь намайг ч бас тийм хүнд байдалд орох вий гэж санаа нь зовсон гэнэ лээ.
-42 км замыг гурван цагийн турш туулж, уралдана гээд төсөөлөхөд ч бэрх. Шантрах үе гарч байв уу?
-Анхандаа шантарч, “Больё” гэмээр үе тохиолдож байсныг нуугаад яах вэ. Амжилт гарган, ур чадвар ахихын хэрээр урамшин тэр бүхнээ умартдаг юм билээ.
-Марафоноор тууштай хичээллэвэл дэлхийн энтэй тамирчин болж чадна гэх итгэлийг хэзээнээс мэдэрсэн бэ?
-1990 онд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, дараа жил нь түрүүлэхдээ их урамшсан. 1993 онд АНУ-д болсон олон улсын марафонд түрүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэн, уйгагүй хөдөлмөрлөж чадвал олимп, ДАШТ-ээс медаль хүртэх нөөцтэйгөө улам мэдэрсэн юм. Тэр жил дөрвөн том тэмцээнд хурд сорин, бүгдээс нь алтан медаль хүртэж билээ.
-Хамгийн дурсамжтай, догдлуулсан тэмцээн тань 1996 оны олимп болов уу. Анхныхаа олимпоос мөнгөн медаль авна гэж та таамаглаж байсан уу?
-Үнэнээ л хэлье. “Түрүүлэх л зорилготой очсон, итгэлтэй байсан” гэж худлаа яриад яах вэ. Шударга байх хамгийн сайхан. Миний хамгийн чаддаггүй зүйл бол худал ярих. Тийм хүнд ясны дургүй. 1996 оны олимпод оролцохын өмнө надад түрүүлэх байтугай медаль хүртэнэ гэх итгэл, багцаа байгаагүй. 1992 оны Барселоны олимпод хурд сорих болзол хангасан ч өвдөгний бэртлийн улмаас өрсөлдөж чадаагүй.
Тиймээс олимпод оролцох мөрөөдлөө биелүүлье, туршлага хуримтлуулъя гээд уралдсан юм. Хэдийгээр бэлтгэл сайтай, тодорхой амжилт гаргасан байсан ч өөрийгөө чамлаж байлаа. Уралдааны тал дундаас бодол өөрчлөгдсөн. Ер нь дэлхийн шилдгүүдтэй түрүү булаалдаж болмоор санагдаад болдоггүй ээ. Тэгээд л бүхнээ шавхсан. Түрүүлсэн тамирчнаас гуравхан секундээр хоцорч, мөнгөн медалиар энгэрээ мялаав. Олон хүн баяр хүргээд, зүүд биш байгаадаа л гэж бодсон шүү. “Атланта- 1996”-гаас манай улсын тамирчид долоон алт, 15 мөнгө, таван хүрэл медаль хүртсэн.
-Анхныхаа олимпоос мөнгөн медаль авлаа гэх бахдал, гуравхан секундээр хоцорсны улмаас түрүүлж чадсангүй гэх харууслын аль нь танд илүү төрж байв ?
-Тухайн үед тэгж бодох сөхөө байгаагүй. Бөөн баяр хөөр бололгүй яах вэ. Ер нь түрүүлж чадаагүйдээ харамсдаггүй. Хэрвээ алтан медаль хүртсэн бол амжилтдаа ханаад, өөрийгөө бүрэн дайчлахаа больчих ч байсан юм бил үү.
-Медалийнхаа өнгийг хувиргах, хослуулах боломж танд байсан нь мэдээж. Хамгийн харамсалтай нь аль олимп вэ?
-Мэдээж дараагийнх нь болох “Сидней-2000” олимп. Зарим хүн намайг азаар медаль хүртсэн гэж шүүмжилж байв. Анхныхаа олимпоос медаль хүртсэн тамирчин тийм ч олон биш л дээ. Тэр хэрээр хүмүүсийн анхаарлыг татсан юм. Тиймээс амжилтаа батлах, ахиулахыг юу юунаас илүү хүссэн ч санаснаар болоогүй. Уралдааны үеэр бүдэрч унаад, нэлээд хүнд бэртсэн. Эмч нар тэмцээнийг дуусгахыг зөвлөсөн ч олны итгэлийг алдахгүйн төлөө уралдаанаа үргэлжлүүллээ. Шүд зуун зүтгэсээр уралдааны замаа дуусган, 24 дүгээр байрт орсон. Тэмцээнийг дундаас нь орхиогүйд нөлөөлсөн амжилтаас илүү бас нэг шалтгаан байсан юм аа.
-Тэр нь юу юм бэ?
-Ээж минь. Хүүгээ олимпын аварга болохыг харна гэж догдолсоор Сиднейд очин, дэмжсэн ээжийгээ баярлуулахыг би хүссэн юм. Марафоны тамирчдад уралдааны замаа дуусгана гэдэг том амжилт. Би хэдийгээр барианд орсон ч нүүрийг нь яаж харна гэхээс яс хавталзаж байлаа. Уйлсаар угтсан ээждээ очоод тэврүүлэхэд л сэтгэл минь жаахан тайвширсан.
-Тухайн үед олимпоос азаар медаль хүртсэн гэх хүмүүсийн шүүмжлэл бүр ч ихссэн үү?
-Тэгсэн. Солонгосчууд маань намайг хэрхэн угтах бол гэж санаа зовсон. Санасныг бодоход элдвээр хэлж, буруутгаагүй. Гэхдээ өнөөх азаар медаль авсан гэх шүүмжлэл зодог тайлтал дагсан шүү. Би амжилтаа батлахыг хичээн дахин хоёр олимпод оролцохдоо “Афин-2004”-т 14, “Бээжин-2008”-д 28 дугаар байрт шалгарсандаа харамсдаггүй. Миний л хувь заяа тийм юм байлгүй дээ.
Энэ үеэр бид хоёрын уулзсан өрөөнд нэгэн солонгос хүн орж ирснээ хүндэтгэлийн үг хэлэх цаг болсныг нь түүнд сануулан, ярилцлагаа дуусгахыг зөвлөв. Бүхий л амьдралаа марафоны спортод зориулж, үлгэр жишээ олон амжилт гаргаж яваа И Бон Жугаас асуух, ярилцах зүйл их байсан ч шахуу хуваарьтай явсных нь балгаар тийм ч тухтай уулзаж чадаагүйдээ сэтгэл гонсгор үлдсэнээ нуугаад яах вэ. Тэрбээр “Монгол орон, монголчууд миний сэтгэлийг их татсан. Ирэх сард дахин ирж, явган аялал зохион байгуулахыг хүсэж байна. Төлөвлөсөн ажил их байгаа ч заавал зохицуулна аа. Тэгээд энэ удаагийнх шиг шахуу хуваарьтай бус, аажуу уужуу ирнэ. Нэгмөсөн хэд хонон, хөдөө нутгаар аялах юм сан” хэмээн инээмсэглэн өгүүлээд, хүндэтгэлийн тайзны зүг яаран алхсан юм.