Алдартай тамирчид маш их мөнгөтэй. Тэд мөнгөө тансаг унаа, ганган үнэт эдлэлд үрэхээс гадна ашигтай хөрөнгө оруулалт хийдэг аж.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ
Тамирчид хөрөнгөө оруулдаг гол салбар. “The Daily Mail” сонин цагтаа нэрт хөлбөмбөгч Д.Бэкхэм шинэ байшин авах бүртээ хуучнаа зарж, хэдий хэр орлого олдог тухай бичиж байв. Бекс 1996 онд Манчестерт жижгэвтэр байшин 150 мянган фунтээр худалдаж аваад 40 мянгыг нэмж зарсан бол 2013 онд Лондонд 21 саяар авсан эдлэн нь эдүгээ 25 сая болж өссөн тухай уг нийтлэлд дурдсан.
Үл хөдлөх хөрөнгөд гар татдаггүй өөр нэг хөлбөмбөгч бол З.Ибрагимович. Швед довтлогчийн мэдэлд Милан, Майами, Нью-Йорк болон Лос Анжелест байшин, эдлэн бий. Тэр байтугай 2015 онд Стокгольм хотод 110 сая кроноор (8.5 сая фунт) сүм худалдаж авсан тухай нь “Aftonbladet” мэдээлж байв.
NBA-гийн шилдэг төвийн тоглогчдын нэг Д.Робинсон 2008 онд “Admiral Capital Group” компани байгуулж, есөн сая долларын хөрөнгө оруулсан аж. Гэтэл одоо түүний компанийн мэдэлд 100 сая давсан үнэтэй үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээд байна.
Нэрт боксчин асан О.Де Ла Хойя байшин, барилгаас зөвхөн ашиг хүртээд зогсохгүй, бусдад туслахыг хичээдэг аж. Түүний “Golden Boy Partners” компани нь латин америк иргэдэд зориулж, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Харин үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулагч тамирчдын дээд амжилтыг NFL-ийн экс тоглогч Р.Стаубах тогтоосон гэж үзэж болно. Тэрбээр 2008 онд өөрийн үл хөдлөх хөрөнгийн компаниа “JLL” компанид 613 сая доллараар зарсан сүйхээтэй нэгэн.
Зочид буудал бол тамирчдын сонирхдог бизнесийн нэг. К.Роналду Монте Карлод зочид буудал барихад 105 сая фунт зориулсан агаад цаашид уг “CR7” буудлаа сүлжээ болгож, Лис
сабон, Мадрид, Мадейрад салбарыг нь нээхээр төлөвлөжээ. Л.Месси ч зочид буудал сонирхож, Газар дундын тэнгисийн эрэгт, Каталоны Ситжест нэгэн жижгэвтэр зочид буудал 26 сая фунтээр худалдаж авч байв. Гэхдээ Лео өөр нэг том ажил эхлүүлсэн нь БНХАУ-ын Нанжин хотод 2020 онд нээгдэх нэрэмжит парк нь юм.
ЗООГИЙН ГАЗАР
Супер одууд өөрийн гэсэн зоогийн газартай байхыг нэр төрийн хэрэг гэж үздэг бололтой. Домогт М.Жорданы стэйкхаус Чикаго, Нью-Йорк, Коннектикут зэрэг хотод бий бол америк хөлбөмбөгийн супер од Б.Фавр олон жил хүчин зүтгэсэн “Пэкерс” багийнхаа байрладаг Грийн Бэй хотод “Brett Favre`s Steakhouse” зоогийн газраа нээжээ. Харин У.Гретцки Торонто хотод зоогийн газар, спорт баар, дээвэр дээрээ коктейль үдэшлэг хийж болох төв эзэмшдэг. Өөр нэг алдартай хоккейч О.Буркын нээсэн “Треска” зоогийн газрыг “USA Today” сонин АНУ-ын баруун эрэгт тамирчны зээмшдэг хамгийн шилдэг зоогийн газраар тодруулж байв.
Гурван өөр багийн бүрэлдэхүүнд тоглож, “Аваргуудын лиг”-т түрүүлсэн цорын ганц тоглогч болох К.Зеедорф тэртээ 2004 онд Милан хотод япон хоолны газар нээсэн бөгөөд италичуудад голланд тамирчны эхлүүлсэн япон хоолны бизнес ихэд таалагдсан гэдэг. Үүнд
урамшсан К.Зеедорф 2011, 2014 онд Сардини, Францад салбараа нээжээ. Гэхдээ ийм төрлийн хөрөнгө оруулалт тэр бүр үр шимээ өгдөггүй аж. Хөлбөмбөгч Ж.Каррагер Ливерпульд хоёр зоогийн газар нээсэн ч 100 мянга гаруй фунтийн алдагдал хүлээснээр хааж байсан бол мөн ийм явдал сагсан бөмбөгч Я.Минд тохиолдсон юм.
СТАРТАП
Өндөр технологид хөрөнгө оруулах хөдөлгөөн голдуу NBA-д өрнөж байна. “Уорриорз”-ын лидер С.Көрри 2016 онд “Slyce” хэмээх стартапыг үүсгэн байгуулснаас гадна хувийн дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг “CoachUp”-д хөрөнгө оруулсан. Харин довтлогч К.Энтони АНУ дахь “Uber”-ийн өрсөлдөгч “Lyft” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг юм. Мөн хүүхдэд зориулсан контент үйлдвэрлэдэг “Hullabalu” медиа компанид Мэло хөрөнгө оруулсан. К.Брайант венчур сан үүсгэн байгуулсан агаад түүний хөрөнгө оруулсан төслийн нэгэнд хятад хүүхдүүдэд англи хэл заадаг “VIPKid” онлайн платформ ордог гэнэ.
Мэдээллийн технологийг ойлгодог алдартнуудын нэг бол бэйсболч асан Д.Жетер. Тэрбээр хүчирхийллийн эсрэг тэмцэх зорилготой StopIt аппликэйшнд хөрөнгө оруулснаас гадна видео хостингийн “Blue Jeans Network”, “Players Tribune” вэб сайтыг эзэмшдэг аж.
Түүнчлэн К.Роналду “Mobbito” аппликэйшн, Д.Бэкхем интернэт стримингийн “MyEye” платформ, теннисчин С.Уильямс зураг хуваалцдаг “Mobli”, онлайн дэлгүүр “Maybenn” зэрэг төсөлд хөрөнгө оруулжээ.
БУСАД САЛБАР
Хөлбөмбөгч асан Р.Фердинанд өөрийн нэрийн хувцас гаргасан бол Д.Бекхэм үнэртэй ус борлуулж, Майамид хөлбөмбөгийн баг худалдаж авчээ. М.Жордан NBA-гийн “Шарлотт” багийн эзэн бол М.Шарапова чихэр “зардаг”. Харин Америкийн нэртэй скэйтбордчин Т.Хок энэ төрлийн спортын бараа үйлдвэрлэдэг компани нээжээ.