Монгол Улсын 2018 оны Оюутны улсын аваргын тэмцээнийг Монголын оюутны спортын холбоо /МОСХ/ их дээд сургуулиудтай хамтран хоёр сар гаруйн хугацаанд зохион байгууллаа. Их, дээд сургуулиуд өөрийн сургуулийн нэрэмжит болгон зарласан уг тэмцээнд сагсан бөмбөг, гар бөмбөг, чирлидинг, жүдо бөх, гандбол, шатар, футзал, ширээний теннис, таэквондо, модон бөмбөг, хөнгөн атлетикийн 13 төрлөөр 35 их, дээд сургуулийн 2165 тамирчин 189 дасгалжуулагч, 106 шүүгч нийт 2460 хүн оролцов.
Сагсан бөмбөг, волейбол, чирлидингийн тэмцээнийг МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн 75 жилийн ойн хүрээнд тус сургууль хариуцан явуулсан бол жүдо бөх, гандболыг МУБИС, шатар, футзалыг “Мон-Алтиус” БТДС, чөлөөт бөх, ширээний теннисийг ҮБТДС, таэквондог ҮБХИС, модон бөмбөгийг ХААИС, хөнгөн атлетикийг ШУТИС, олс таталтыг “Аварга” дээд сургууль тус тус удирдан МОСХ-той хамтран ажиллажээ.
Мөн оролцсон их, дээд сургуулиудын дүнг анх удаа медалийн чанараар гарган дүгнэсэн бөгөөд багийн нэгдсэн дүнгээр МУБИС-ийн баг тамирчид 15 алт, 14 мөнгө, 16 хүрэл медалийн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа. Харин дэд байрыг ҮБТДС-ийн баг тамирчид 13 алт, 22 мөнгө, 33 хүрэл медалийн амжилтаар, ШУТИС-ийн баг тамирчид 11 алт, 5 мөнгө, 5 хүрэл медалиар удаах байрыг эзлэв. Эхний 4 байрт “Аварга” дээд сургуулийн баг 8 алт, 5 хүрэл медалиар шалгарсан бол 5 дугаар байрт ХААИС-ийн баг тамирчид 7 алт, 7 мөнгө, 7 хүрэл медалийн амжилтаар айргийн тавдугаар байрт орлоо. Нийт төв, орон нутгийн 24 их дээд сургуулийн баг тамирчид алт 79, мөнгө 79, хүрэл 116 нийт 274 багц медаль хүртжээ.
Шалгарсан баг тамирчид БНХАУ-ын Жиньжиан хотноо ирэх 10 дугаар сард болох Азийн оюутны аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцох эрхтэй боллоо.