Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талбарт хөлбөмбөгчид төдийгүй тэднийг хувцаслаж, пүүзийг нь урладаг хүмүүс ч өрсөлддөг. Гэхдээ мэдээж тэд талбайд гарч, бөмбөг өшиглөхгүй. Харин тэдний өмнөөс лого, нэрийг нь пүүз эсвэл өмсгөлдөө тээсэн хөлбөмбөгчид өрсөлддөг билээ. Ингээд “Russia-2018”-д оролцсон 736 тоглогчийг судалсны үндсэн дээр арилжаа, брэндийн талбарт ямар компани ялалт байгуулсныг “Nielsen Sport” компанийн судалгаанаас сонирхоё.
БАНКИРУУД ИХИЙГ ТӨЛДӨГ
ДАШТ-д оролцсон 32 улсын баг нийт 364 ивээн тэтгэгчтэй гэрээ байгуулжээ. Тэдний дунд төрөл бүрийн салбар, чиглэлийн компани, аж ахуйн нэгж байсан ч санхүүгийн салбарынхан (банк, хөрөнгө оруулалтын сан гэх мэт) толгой цохижээ. Тэд спонсорын гэрээний 15 хувийг эзэлсэн юм. Хоёрдугаар байрт, хүнс болон шингэн хүнс үйлдвэрлэгч компаниуд оров. Эхний тавд спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч (11%), харилцаа, холбооны компани (9) болон жижиглэн худалдааны салбарын (7) төлөөлөгчид багтлаа.
ХАМГИЙН “БРЭНДЛЭГ” НЬ КОСТА РИКА
FIFA-гийн албан ёсны тэмцээнд тоглогчид өмсгөл дээрээ ганц бүтээгдэхүүний лого эсвэл нэр байрлуулах ёстой бол бэлтгэлийн хувцсанд ийм хязгаарлалт үгүй. Мэдээж, бие халаалтыг тоглолтынх шиг олон хүн үздэггүй боловч бэлтгэлийн үеэр өмсөх хувцас, хэрэглэлд зориулсан ивээн тэтгэгчийн гэрээ түгээмэл байдаг аж. Тэр дундаа Коста Рикагийн багийн бэлтгэлийн хувцсан дээр нь зургаан өөр компанийн лого чихэлдэж байлаа. Бэлтгэлийн хувцсаа таван компанийн нэрээр “гоёсон” Панамын баг удаад нь орсон бол дараа нь Франц, Бразилын шигшээ (тус бүр дөрвөн компани) оржээ. Алдарт “Coca-Cola” компани энэ удаагийн ДАШТ-ий үеэр хамгийн олон буюу Аргентин, Колумб, Коста Рика, Мексик, Перу, ОХУ-ын багтай гэрээ байгуулан ажилласан байна.
“АДИДАС” ХУВЦАСЛАЖ, “НАЙК” ГУТЛЫГ НЬ УРЛАВ
FIFA-гийн гол спонсоруудын нэг бол “Адидас” компани. 21 дэх удаагийн ДАШТ-д оролцсон 32 багийн 12 нь тус компанид итгэж, хувцас өмсгөлөө даатгасан бол гол өрсөлдөгч “Найк” нь 10 багийг хувцасласан “амжилтаар” удаалжээ. Харин үлдсэн багуудыг “Пума” (дөрөв), “Амбро” (хоёр) болон “Хаммел”, “Эрреа”, “Ульспорт” (тус бүр нэг) дааж авсан юм. Сонирхолтой нь, “Адидас” олон багийг “гангалж” тэргүүлсэн боловч финалд өрсөлдсөн Франц, Хорватын баг “Найк”-ынх байлаа.
Хөлбөмбөгчид “Найк” нэртэй брэндийг сонгох нь улам нэмэгдсээр. Бразилд болсон ДАШТ-д 386 хөлбөмбөгч (52%) АНУ-ын компанийн пүүзийг сонгосон бол энэ тоо ОХУ-д 450 (61%) болж өсчээ. Харин “Адидас” компани 61 хөлбөмбөгчөө алдсан ч хоёрдугаар байраа (27%) хадгалж үлдэв. Гуравдугаар байрт “Амбро” брэнд оржээ. Дөрвөн жилийн өмнө Британийн энэ компанийн пүүзийг ердөө дөрвөн тоглогч сонгосон бол энэ жил 32 болж өссөн аж.