Холимог тулааны спортын түүхэн дэх магадгүй хамгийн их хүсэн хүлээсэн, дуулиант дуэль аравдугаар сарын 6-нд болно.
БӨХИЙН ЭСРЭГ БОКСЧИН
Хабиб, Конор хоёр 1988 онд төрсөн онжавууд. Авар эр 26 тулалдаж, нэг ч ялагдаагүй бол ирланд залуу 21 ялж, гурван удаа дийлджээ. Гэхдээ К.Макгрегорын өрсөлдөгчид хавьгүй дээд түвшнийх байсан юм. Х.Нурмагомедов топ гэж болохоор тулаанчдаас Рафаэль Дос Аньос, Эдсон Барбосаг л ялсан бол К.Макгрегор харин Макс Холлоуэй, Дастин Порье, Чед Мендес, Жозе Альдо, Нэйт Диас, Эдди Альваресыг буулган авч байв.
Хабиб мэдээж сайн тулаанч. Эдүгээ UFC-д түүн шиг сайн грэпплер байхгүй гэхэд болно. Хэвтээ байрлалаас түүнтэй хүч үзвэл ялагдах нь тодорхой. Харин Конор цохилт сайтай эр. Нийт 18 тулаанаа нокаутаар ялсан гэхээр тэрбээр ямархуу айхтар цохилттой тулаанч болох нь ойлгогдоно. Тэдний тулааны арга барил өөрөөс гадна амьдралын зам мөр нь ч ялгаатай юм. Нурмагомедов ухаан орсон цагаасаа шахуу тулаанч болно гэдгээ ойлгосон бол Макгрегор сантехникчээр ажиллаж байгаад холимог тулаанаар хичээллэж, улмаар инстаграмдаа 25 сая дагагчтай супер од болон хувирсан. Тэд тэс өөр орчин, цаг уурын бүсэд, эсрэг тэсрэг сэтгэл зүй, амьдралын үнэт зүйл бүхий орчинд өсөж, өдий зэрэгт хүрчээ.
МӨНГӨ
UFC холбооны орлогын гол эх үүсвэр бол телевизийн шууд дамжуулалтыг худалдах юм. Тус холбооны хамгийн их орлого олсон таван тулааны дөрөвт нь Макгрегор оролцжээ.
Ирланд эр Э.Альварестай тулалдаад 3.59 сая ам.долларын шан харамж авсан нь түүний дээд амжилт юм. Тэрбээр тус холбоонд элсээд 10 тулалдахдаа нийт 9.54 сая ам.доллар олсон байна. Харин Хабибын орлого хавьгүй бага. Өдий тооны тулаанд оролцохдоо тэрбээр нэг сая гаруй ам.доллар л авчээ. Яквинтайтай тулалдаад 500 мянган ам.доллар өвөртөлсөн нь түүний хувьд дээд амжилт.
Аравдугаар сарын 6-нд октагонд гарсныхаа төлөө тэд хэр их мөнгө авах нь одоогоор тодорхойгүй боловч Хабиб урьд өмнө авч байгаагүй их мөнгө хүртэх нь гарцаагүй.
БАЙРЛАЛ
Тулаан Лас Вегас хотод, 20 мянган хүний багтаамжтай “T-Mobile Arena”-д болно. 2016 онд ашиглалтад орсон уг ордонд UFC-гийн есөн тулаанаас гадна маш олон концерт, шоу, NHL-ийн “Вегас” багийн тоглолт явагджээ. Тулааны тасалбар наймдугаар сарын 17-нд худалдаанд гарна.
ТҮҮХ
Хэрэв та санаж байгаа бол UFC 223 тулааны өмнө К.Макгрегор хэсэг тамирчдын сууж байсан автобус руу сандал шидэж, бөөн дуулиан дэгдээсэн билээ. Тухайн үед автобусанд Хабиб сууж байсан, ирланд эр түүнтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахаар ирсэн байв. Гэвч Конор цагдаад баригдаж, саяхан болсон шүүх хурлын үеэр таван өдөр олон нийтэд тустай ажил хийх, уураа барьж сурах сургалтад гурван удаа хамрагдах шийтгэл хүлээсэн юм.
Эл дуулиант явдлаас дөрвөн жилийн өмнө Х.Нурмагомедов Конортой хамт зургаа авхуулж, твиттер хуудсандаа “UFC 178-д итгэмээргүй ялалт байгуулсан Конор Макгрегортой хамт. Аюултай бацаан” гэсэн тайлбартай оруулж байв.
Тэр цагаас хойш Хабиб “уулзах газраа хэл, би очъё” гэж өдсөн ч Конор чимээгүй байсаар ирсэн. Бүр тахиагаар нь дуудсан ч Конор юм хэлээгүй. Харин одоо тэд октагонд халз үзэх нь тодорхой боллоо. Мэргэжлийн бокст олон дуулиант тулааны тов гарсан ч харамсалтай нь огт болдоггүй эсвэл боксчид нь оргил үеэ өнгөрөөсөн хойноо тулалддаг. Харин холимог тулаанд байдал огт өөр. Тэд үзэгчдэд хүссэн тулааныг нь хүссэн үед нь “бэлэглэж” чаддаг аж. Уг тулаанд саад болох гол хүчин зүйл бол гэмтэл (Хабиб, Фергюсоны тулаан шиг) эсвэл сэргээш (дос Сантос, А.Оверимын тулааныг санагтун) юм. Тийм болохоор Хабиб, Конор хоёрт эрүүл энхийг хүсье.