Өнгөрсөн бямба гарагт мэргэжлийн боксын түүхэнд бичигдэх үйл явдал Абердин хотод боллоо. Шотландын хөнгөн жингийн боксчин Ли Макалистер Их Британийн хүнд жингийн Дэнни Уильямстай WBU холбооны аваргын төлөө тулалдаж, Х раундад техникийн нокаутаар буулгаж авчээ. Уг тулаан юугаараа онцгой байв?
Шотланд боксчин долоон жин өгсөж, өөрөөсөө 18 см өндөр, 35 кг-аар хүнд боксчинтой тулалдсанд хэргийн учир бий. Өрсөлдөгч Д.Уильямс нь 45 настай, алдарт М.Тайсонтой 2004 онд зодолдож, тэтгэвэрт нь гаргаж байсан жаатай эр. Тэрбээр мэргэжлийн бокст олон жил хүч үзэхдээ О.Маскаев, В.Кличко, О.Харрисон, Д.Чисор нарын хүнд жингийн шилдэг бүх тамирчинтай нударга зөрүүлсэн.
Уг нь Л.Макалистертай тулалдах ёсгүй байсан юм. Түүний өрсөлдөгч нь Л.Келле байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас тулаанаас татгалзжээ. Ингээд түүний оронд 2013 оны дөрөвдүгээр сард хамгийн сүүлд рингэнд гарсан, хагас дунд жин буюу 63 кг-ын ангилалд хүч үздэг Л.Макалистер сонгогдсон аж. Гэхдээ мань эр бас зүгээргүй, бокс тоглолгүй таван жил болохдоо бараг 90 кг хүртэл жин нэмсэн байж.
Маш зөрүүтэй жинд өрсөлддөг хоёр боксчны тулаан олонхын таамаглаж байснаар төгссөнгүй.Боксын хүрээлэлд “Абердины алуурчин” нэрээрээ алдаршсан Л.Макалистер өрсөлдөгчөө гурван удаа нокдаунд оруулж, улмаар эсрэг баг нь Х раундад цагаан алчуур шидсэнээр шүүгч тулааныг зогсоожээ. Ийнхүү шотланд тамирчин мэргэжлийн боксын түүхэнд хэний ч төсөөлөөгүй амжилтад хүрч, хүнд жингийн аварга боллоо.