Тулааны урлагийн нэг төрөл болох шинкиокүшинкай каратэ манай улсад 2014 оноос хөгжиж эхэлжээ. Өдгөө 15 клубийн 260 гаруй тамирчин эл спортоор хичээллэдэг.
Мэргэжлийн каратэгийн төрлийг хөгжүүлж, тамирчдад туршлагаасаа хуваалцахаар Дэлхийн шинкиокушинкай каратэгийн холбооны ерөнхийлөгч, мэргэжлийн каратэгийн дэлхийн аварга, тус спортын төрлийн түүхэнд амьд домог хэмээгддэг Кенжи Мидори манай улсад ирсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Монголд ирсэн зорилго тань юу вэ?
-Би Монголд анх удаагаа ирлээ. Шинкиокүшинкай каратэг олимпын наадамд оруулахын тулд энэ төрлөөр хичээллэдэг бүх клубийг зангидан, нэгдсэн дүрэм, чиг баримжаатай болгох зорилготой. Клубүүдийн удирдлагатай нэгбүрчлэн уулзаж байна. Уг нь хуваарийн дагуу хоёр жилийн дараа Монголд ирэх байсан.
Монгол хүнд байдаг дайчин, эрэмгий зан надад их таалагддаг. Бие бялдрын хөгжил ч онцгой, монголчуудын. Сүүлийн үед манай үндэсний сүмо бөхөөр монголчууд өндөр амжилт үзүүлж байна. Ийм гентэй хүмүүс мэргэжлийн каратэгийн төрөлд амжилт гаргана гэж би найддаг. Манай холбооны зүгээс Монгол Улсад эл спортын төрлийг илүү хөгжүүлж чадвал 5-10 жилийн дараа дэлхийн аварга төрөхөд гайхах зүйлгүй гэж боддог.
-Манай улсын мэргэжлийн каратэ ямар түвшинд явна вэ?
-Шинкиокүшинкай буюу мэргэжлийн каратэ нь спортын каратэгийн төрлөөс өөр. Нэг нь хамгаалалттай, спорт чиглэлийнх, нөгөөх нь хамгаалалтгүй. Мэргэжлийн бокс ямар ч дуулга, хамгаалалтгүй тулалддаг бол сонирхогчийн бокс дуулга, шүдний хамгаалалттай, илүү аюулгүй тулалддаг шүү дээ. Түүнтэй ижил.
Өөр нэг ялгаа нь спорт каратэ нь цохилт бүрт оноо тооцдог бол мэргэжлийнх нь цохиж унагааж байж оноо авдаг. Спорт каратэгийн төрөл олимпод багтсан. Харин бид мэргэжлийн каратэг олимпын төрөл болгохоор хичээж явна. Өнгөрсөн хавар мэргэжлийн каратэгийн Монгол дахь салбарын тэргүүн Б.Гомбогэрэл Японд очиж бидэнтэй уулзсан. Түүнээс хойш нэгдсэн холбоо байгуулсан гэж сонсоод танилцахаар ирсэн нь энэ.
Тиймээс хамтын ажиллагаа, түүнээс гарах үр өгөөж, хөгжил одоо л эхлэх болов уу гэж бодож байна. Юутай ч, энэ удаагийн уулзалтаар Монголын мэргэжлийн каратэгийн нэгдсэн холбоонд юу дутагдаж байгааг судалж, боломжтойг нь Японы талаас шийдвэрлэж, дэмжиж ажиллана. Цаашид хийхээр төлөвлөсөн нэг ажил бол Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах. Энэ жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Сингапурт зохион байгуулна.
-Олимпын наадмын төрөлд багтаах ажил ямар шатандаа явж байгаа бол?
-Мэргэжлийн каратэгийн төрлөөр хичээллэдэг 95 орны 100 мянга гаруй тамирчин бий. Танай улсад 20 хоногийн өмнө Мэргэжлийн каратэгийн нэгдсэн холбоо байгуулагдсан. Яг үүн шиг энэ төрлийг хөгжүүлсэн бүх улсад холбоо байгуулж нэгдсэн чиг шугаманд оруулах шатандаа явж байна. Ингэж спорт каратэгийн түвшинд очих нь олимпын төрөлд орох анхны алхам гэсэн үг.
Спорт каратэг олимпын төрөлд багтаахын тулд 10 холбоо нэгдэж байсан. Харин мэргэжлийн каратэ үүнээс олон төрөл учраас нэгдэхэд тодорхой хугацаа шаардлагатай. Япон улсад мэргэжлийн каратэгийн 400 гаруй холбоо байдгаас 302 нь нэгдээд байна. Үүн дээр 95 орны холбоод нэгдэнэ. Саяхан Осакад олон улсын тэмцээн зохион байгууллаа. Холбоо бүр өөрсдийн дүрмээр тулалддаг учраас нэгтгэж, нэгдсэн дүрэмтэй болгох зайлшгүй шаардлагатай.
Түүнчлэн шинкиокүшинкай каратэ урьд нь киокүшинкай нэртэй байсныг би 2003 онд өөрчилсөн. Нэр нь л ялгаатай болохоос биш, баримталдаг дүрэм нь адилхан. Дүрмээ нэгтгэж ажиллах нь энэ төрлийн спортынхны каратэгийн гол зорилго.
-Хамгийн өндөр амжилттай яваа нь аль улс вэ?
-Мэргэжлийн каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд өнгөрсөн хугацаанд 11 удаа зохион байгуулагдсан. Энэ хугацаанд бүгдэд нь Японы тамирчид аварга болжээ. Ирэх жил 12 дахь удаагийнх болно. Өнгөрсөн жил Казахстан улсад хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн болсон.
Найман жингийн долоод нь япон тамирчин аваргалсан. Гэхдээ сүүлийн үед олон орны тамирчин манай улсад бэлтгэл хийдэг болсон учраас өрсөлдөөн улам ширүүснэ гэж бодож байна.
-Эмэгтэйчүүд хэр их хичээллэдэг вэ?
-Эрэгтэй, эмэгтэй төрөл ижил түвшинд хөгжиж яваа. Мэдээж эмэгтэй хүн тулааны урлагаар хичээллэхэд хэцүү. Гэхдээ тухайн хүн өөрөө чадна гэж бодож байвал болохгүй зүйлгүй.
-Каратэгээр хэдэн наснаас хичээллэвэл зохистой вэ?
-Японд хүүхдийг гурван наснаас нь эхэлж хичээллүүлдэг. Энэ бол хамгийн тохиромжтой үе. Танайд бол зургаан наснаас нь хичээллүүлдэг юм билээ. Цаашид хүмүүст илүү танигдаад, ойлгодог болохоор 4-5 бүр цаашлаад гурван настайгаас нь хичээллүүлэх боломж бүрдэх байх. “Хэт балчир байна” гэж айх хэрэггүй.
Учир нь бага насны хүүхдэд шууд тулааны техник заадаггүй. Сунгалтын дасгал, дүрэм, ёс зүйг нь зааж орчинд нь дасгадаг. Тулааны урлаг бол зодолддог зүйл биш. Энэ нь хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, зөв хэлбэрээр хөлсөө гаргах арга юм. Мөн стресс тайлагдаж, наснаасаа залуу харагддаг.
Манай улсад 70, 80 хүрсэн ч техник, дасгалаа хийдэг тамирчид бий. Гэхдээ тэмцээнд орж, хүчээ сорьдог нь 45 хүртэлх насныхан. Мэргэжлийн каратэ нь дотроо нас, жингийн ялгаа харгалздаг, харгалздаггүй гэж хуваагддаг. Тиймээс 45-аас дээш насныханд нас жин харгалзахгүй тулалдана гэдэг хэтэрхий хатуудсан зүйл.
100 гаруй кг жинтэй хүн 70-аас доош жинтэй тамирчинтай тулалдаж ч болно шүү дээ. Тэр дундаас л жинхэнэ өрсөлдөөн, ур чадвар, авхаалж самбаа харагддаг.
-Та энэ спортоор хэзээнээс хичээллэсэн бэ?
-16 настайгаасаа хичээллэсэн. Түүнээс хойш 40 жил өнгөрлөө. Анх эр хүний хүчирхэг байдлыг бүрдүүлэх зорилгоор уг спортоор хичээллэж байлаа. Миний аав хөрөнгөтэй, бизнесмен хүн. Би аавынхаа ажлыг өвлөж үргэлжлүүлж болох байсан ч сонирхлоо дагаж, насаараа мэргэжлийн каратэгийн төлөө зүтгэж байна.
Эцэг, эх минь миний сонирхлыг дэмжиж, тусалдаг байсан. Тэмцээн бүрийг минь үздэг байлаа. 1991 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийн үеэр үнэхээр хэцүү, бүр шантармаар байсан. Гэхдээ өдөр, шөнөгүй бэлтгэл хийж, маш их хичээсэн учраас дэлхийн аварга болж чадсан гэж боддог.
-Хамгийн анх ямар тэмцээнд оролцсон бэ?
-Ахлах сургуулийн хоёрдугаар ангид сурч байхдаа аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тухайн үед бүх цагаа бэлтгэлдээ зориулж чаддаггүй байсан. Харин 1985 онд Япон улсын мэргэжлийн каратэгийн аварга шалгаруулах тэмцээнд орж түрүүлснээс хойш шаргуу хичээллэж, өдөрт 7-8 цаг тогтмол бэлтгэл хийдэг болсон.
-Мэргэжлийн каратэд нас, биеийн өндөр, жин харгалзахгүй тулалддаг гэсэн. Таны хувьд ДАШТ-ий аваргын төлөөх тулаанд ямар хүнтэй таарсан бэ?
-Мэргэжлийн каратэгийн нас, жин харгалздаггүй төрөлд дэлхийн аварга болсон тамирчдын олонх нь өндөр, хүнд жинтэй байдаг. Аваргын төлөөх тулаанд 178 см өндөр, 88 кг жинтэй тамирчин таарсан. Гэтэл би тухайн үед 168 см өндөр, 70 хүрэхгүй кг жинтэй байлаа.
-Өөрөөсөө өндөр, жин ихтэй тамирчинтэй тулалдана гэдэг сэтгэл зүйн хувьд сүрдмээр байх. Тухайн үед өөрийгөө хэрхэн зоригжуулав. Ямар арга техникээр тулалдсан бол?
-Би жижиг биетэй учраас олон цохиулж болохгүй. Тиймээс аль болох бултаж, өөрөө цохих нь чухал. Сэтгэл зүйн хувьд эхнээсээ л “Би ялна. Ялах ёстой” гэж өөрийгөө зоригжуулж байсан. Ингэж өөрийгөө хурцалж байж чаддаг бүхнээ шавхах итгэл төрсөн.
Танай тамирчдад би өрсөлдөгчийнхөө цохилтыг хэрхэн гаргаж, өөрийнхийгөө хэрхэн оновчтой болгох, хэрвээ цохиулсан тохиолдолд яах вэ гэх мэт техникийг түлхүү заах бодолтой байгаа. Үүнийг чадамгай эзэмшиж чадвал монгол тамирчид дэлхийн аварга болох зам ойрхон бий.
-Та хэчнээн шавьтай вэ. Шавь нартаа ойлгуулахыг хичээдэг гол зарчим тань юу вэ?
-Би өөрөө хичээллүүлдэг хоёр клуб бий. Нийт 1500-гаад тамирчинтай. Шавь нартаа захидаг хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, бусдаас илүү бэлтгэл хий, хоёрдугаарт, хэзээ ч битгий бууж өг, гуравдугаарт, хэтэрхий энгийн байх хэрэггүй.
Асашёорюү шиг эрэмгий, дайчин бай гэж захидаг. Мөн хүчирхэг болсон ч бусдад энэрэнгүй хандаж, аль болох тусалж байгаасай гэж хүсэж, захидаг. Өөрийн хүүхдүүдэд ч ингэж хэлдэг дээ.
-Монгол Улсын талаар тээж ирсэн төсөөллөөс тань зөрүүтэй байна уу?
-Өнгөрсөн шөнө (долдугаар сарын 26-нд) 03.00 цагт ирсэн учраас орчинтойгоо танилцаагүй байна. Тиймээс ямар байхыг хэлж мэдэхгүй юм. Дэлхийг байлдан дагуулж байсан Чингис хааны удирдан зохион байгуулах чадвар, мөн танай тамирчид сүмод яаж ийм өндөр амжилт гаргаж байгаа нь их сонирхолтой санагддаг.
Нүүдлийн соёл иргэншилтэй, хүнд, хэцүү амьдрал дунд санаа зовохгүй, дандаа инээмсэглэж амьдардаг нь наашаа ирэх бас нэгэн шалтгаан болсон.