“Энэ жил төрийн баяр наадмын нээлт цаанаа л эхийн сүү, аавын ухаан шингэсэн, хатууг зөөллөж, харигийг эвсүүлсэн аялгуутай байлаа. Хүний зүрх сэтгэлийн дотуур баяр хөөрийн гол мөрөн дотно сайхнаар урсах шиг болов. Сэтгэлд бяр амтагдаж, магнай тэнийлээ. Эрхэм Та, ерөөс монголчууд, гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө ямар их нандин хайр, хариуцлага хүлээх ёстойг хашхирч биш, зөөлнөөр илэрхийлж чадав. Юм л бол үгүйсгэж, харааж, доромжилж, гүтгэн гүжирдэн байсан цэвдэг сэтгэлийг уясгаж, арай өөр талаас нь сэтгэх, ярих, өгүүлэх сургамж суугаа болов уу. Их уялдаа холбоотой яруу сайхан найруулжээ” хэмээн Монголын бахархалт сэхээтний нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав сэтгэгдлээ цахим хуудсандаа бичжээ.
Энэ мэтээр зөв, сайхан талаас нь тусган авсан хүн олон байна. Үүнээс эсрэгээр, наадмын нээлтийн тоглолтын гол цөм санааг, найруулагчийн өгүүлэмжийг хараахан ухаарч, ойлгоогүй бололтой таагүй, эсвэл дайрсан өнгө аястай сөрөг сэтгэгдэл ч цахим ертөнцөд мундахгүй харагдана. Хүн бүхэн өөрийнхөөрөө хүлээн авч, шүүн тунгаах буй за.
“Өнөөдөр” сонины сурвалжлах багийн нэгэн эд, эс болсны хувьд чухам энэ хэсэг буюу нээлтийн урлагийн тоглолтыг үзэж, “амтлах” үүрэг хүлээсэн юм. Тийм ч учраас олны сэтгэгдлийг ийнхүү онцгойлон уншиж үзлээ. Харин цахим орчинд бус, Төв цэнгэлдэх хүрээлэнд буюу газар дээр нь уур амьсгал, мэдрэмж арай өөр, эерүү, халуун дулаан байсныг онцлох хэрэгтэй болов уу.
Миний хувьд энэ жил Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатарт урьдын адил “онц” гэсэн дүн тавьсан. Яагаад гэвэл, аливаа зүйлийн гүн рүү хөтлөх гэсэн түүний эрмэлзэл, үүнийхээ төлөө хөдөлмөрлөсөн, судалсан, уншсан нь тоглолтын эхнээс л “ханхлах” шиг болсон. Тэрбээр Монгол бол туурга тусгаар улс гэдгийг дахин дахин хэлэхийг хүссэн учраас “Монгол Улсын хил амгалан тайван байгааг илтгэе” гэсэн үгээр тоглолтыг эхлүүлжээ. Энэ улс минь мөнхөд мандан бадраг. Мандуулан бадраахын тулд иргэд нь зөв сэтгэлтэй, энэрэхүйн ухаантай, ахас дээдсээ хүндэлдэг, эцэг, эхээ эрхэмлэдэг байх ёстойг дараагийн гол шугамаа болгож “Монголчууд ээжийн сүү амлаж, бүүвэйн “маани” сонсож өсдөг” гэсэн санаагаа гаргасан аж.
“Би хүмүүсийн зүрх, тархинд гэр бүл чухал гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. Аливаа улс, үндэстэн, нийгэм гэр бүл дээр л тогтдог. Тиймээс сүүлийн гурван жил наадмын тоглолтдоо энэ санаагаа үзүүлбэр давталгүйгээр гаргахыг хичээсэн. Өнгөрсөн хоёр жил түүхийн сэдэв рүү илүү анхаарсан бол энэ удаа монгол хүмүүсийн аж байдлыг, ямар өв соёлтой, яаж амьдарч ирснийг харуулахыг хичээсэн” гэж Н.Наранбаатар тайлбарласан.
Нээрэн л бид гал голомтоо бадрааж буй хосдоо ерөөл хэлж, тэнгэрээ дээдэлж, байгалиа хүндэлж, уул, ус, модоо шүтэж, айргаа бүлж, адуу, малынхаа ашиг шимийг хүртсээр ирсэн нүүдэлчин удамтай улс шүү дээ. Үүнийг мэддэг хэрнээ бид өнөөдөр өв соёл, уламжлалт ухаанаа улам бүр гээсээр.
Энэ бол төрийн их баяр наадмын нээлтийн нэгээхэн хэсгийн талаарх сурвалжилга учраас үзүүлбэрүүд ямар байсан, яагаад тэгсэн, ингэсэн гэдэг тайлбараас илүүтэй юу өгүүлэхийг зорьсныг нь түлхүү бичихийг хүслээ.
Мэдээж жил бүр энэ өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан түмэн олон есөн хөлт цагаан тугаа залах ёслолыг сэтгэл юугаан огшоон байж хүлээн авдаг. Ихэр мэт есөн шарга морь, тугаа залсан цэрэг эрс бахархам, бас хөөрхөн гэж гадаадын сэтгүүлч, жуулчид онцлон ярьсан талаар манай гэрэл зургийн сурвалжлагч Г.Аргуужин бидэнд дуулгав. Ер нь гадаадын аялагчид урьд жилүүдийнхээс олон харагдана лээ, цэнгэлдэхэд. Мэргэжлийн байгууллагынхан энэ талаарх статистикаа удахгүй танилцуулах буй за.
Зохион байгуулсан багийнхны онцолсноор Монголын бахархал болсон, Төрийн шагнал хүртсэн уран бүтээлүүдийг найруулгадаа ашигласан, нийт 2500 гаруй хүний хүч хөдөлмөр шингэсэн, шинэ бүжиг, шинэ санаагаар дүүрэн байсан энэ удаагийн наадмын нээлтийн тоглолт сайхан байлаа.
Сүүлийн үед тренд болсон “За, яах вэ, тэгж л байг” гэдэг шиг “12 жилийн амьтдын өнгө, хийц муу, дэвшилт техник, технологи ашиглаагүй, эрчүүдийн буухиа уралдаан шиг” гэхчилэн зөвхөн өнгөн талыг шүүмжилсэн үгс “явж” л байг, яах вэ, тэр бол үзэл санаа, утга агуулгад хамаарахгүй шүү дээ. Харин өөлнө, шүүмжилнэ гэж зориуд “ухаж, төнхөх” юм бол телевизүүд нээлтийн ёслолыг дамжуулахдаа зарим үед хэтийдсэн, дэндүү сүржин, зүгээр л толгой холбочихсон үг хэллэг хэрэглэсэн. Мөн ам нь “халтираад” Ш.Гүрбазар “Дээлтэй бүхэн барилддаг” гэж хоёронтоо уулга алдсаныг эрчүүд наргиа болгон охид, бүсгүйчүүдийг “За, нэг барилдчих уу” хэмээн “хоргоож” байлаа. Магадгүй, энэ наадмын нэгэн шигтгээ эл наргиан ч байж мэднэ.
Аль болох улиг болсон зүйлсийг давтахгүйгээр, нүсэр биш төсвөөр ажлаа гүйцэтгэх нь бас нэгэн зорилго гэдгийг ерөнхий найруулагч дуулгаж байсан ч үнэндээ урлагийн тоглолтын нэлээд мөнгийг дуучдад зориулсан нь халаасаа тэмтрэхэд хүргэсэн гэсэн. Энэ ч бас бодууштай, шүүмжлүүштэй зүйл гэдгийг олны танил болсон эрхэм уран бүтээлчид дор бүрнээ болгооход гэмгүй биз.
“Техник, технологийн эринд амьдарч байж гэрлийн шоу хийж чаддаггүй юм уу, даавуунаасаа хэзээ салах вэ” гэж шүүмжилсэн хүмүүст дуулгахад манай “стжоон” задгай учраас тийм нөхцөл бүрддэггүй, нөгөөтэйгүүр, наадмын нээлт нартайд болдгийг санахад илүүдэхгүй. Харин зурагтаар наадмын нээлт үзсэн хүмүүс ам сайтай байсан нь дрон ашигласных гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна лээ. Аль болох өргөн хүрээ хамарсан бичлэг цацахыг хичээснийг нь үнэлэх хэрэгтэй.
Энд нэг зүйлийг зориуд хэлмээр санагдсан нь Ерөнхийлөгчийн үг. Тэрбээр тун энгийн хувцасласан шигээ элдэв чимэг, хачиргүй сайхан үг хэлсэн. Тэр дундаа археологийн олдворт түшиглэсэн, бүр тодруулбал, наадам маань 9000 жилийн улбаатай гэсэн баримт дурдсан нь тун мэдрэмжтэй, шинэлэг байлаа.
Наадамчин олныг хурдан морь, хүчит бөх, мэргэн харваачдаас дутахгүй догдлуулж, сэтгэл, оюуныг нь баясган цэнгээдэг зүйл бол яах аргагүй Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулдаг нээлтийн арга хэмжээ. Энэ үүргээ сайн биелүүлсэн Н.Наранбаатар найруулагч, түүний багийнханд талархан, мэхийн ёсолъё. Монголын театрын урлагийн холбооны амин сүнс, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбатад тусгайлан баяр хүргэж, алга ташъя. Ачааны нэлээдийг үүрдэг, “үл үзэгдэгч” тэрбээр сүүлийн гурван жил наадамчин олныг баяр цэнгэлд умбуулахад асар их үүрэг гүйцэтгэсэн юм шүү.
ЭШЛЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үеэр хэлсэн үгнээс эшлэн хүргэж байна.
• Түүх сөхвөл, бөх барилдаж, үзэгчид тойрон баясаж буйг дүрсэлсэн хадны зураг Монголын маань газар нутгаас олдсон нь 9000 гаруй жилийн өмнөх Шинэ чулуун зэвсгийн үед хамааралтай юм байна. Энэ бол наадам лавтай 9000 гаруй жилийн түүхэн уламжлалтайг харуулсан тод баримт юм.
• Монгол наадам бол нүүдэлчин ард түмний хувьд эртний Грекийн олимпоос дутахааргүй ач холбогдол, нэр хүндтэй байсаар ирсэн.
• Үндэстэн оршин тогтнох үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгч нь ард түмэн байдаг. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгаан мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг.
• Монгол Улсад зорин ирсэн гадаадын жуулчид та бүхэн Монголын сайхан оронд минь тав тухтай аялж, ихийг үзэж хараарай. Ахин дахин ирж байгаарай. Монголчууд та бүхнийг хэзээд найрсгаар хүлээн авах болно.
• Монгол наадмыг жил тойрон тэсэн ядан хүлээж, хөлс хүч, ухаан самбаагаа шавхан бэлдэж оролцсон бүх наадамчдадаа баярлалаа. Та нарын нөр их хөдөлмөр, уламжлал соёлоо дээдэлсэн ариун сэтгэл, спортод шимтэх дур сонирхол дээр монгол наадам оршиж, дэвжин дэлгэрч байдаг.
“Вакцин тариулсан” МОНГОЛЧУУД
Тостой гараар баримгүй, тоостой газар суумгүй гоёмсог дээл, хувцсаар гангарсан наадамчин олон Төв цэнгэлдэхийг зорино. Гадаа сэрүүвтэр байсан ч Энхтайваны гүүрний хоёр талаар алхан цэнгэлдэхийг зорих хүмүүсийн нүд нь гэрэлтэж, нүүрэнд нь улаа бутарна. Төв цэнгэлдэхийн багтаамжаас шалтгаалан наадамчин олон бүгдээр тийшээ орох боломжгүй. Тэд гадуур нь хэд эргэн, ганц нэг зураг даруулж, хуушуур амталж, айраг амсчихвал хувьдаа наадамласан болдог гэвэл буруудахгүй.
120 мянгатын автобусны буудлаас эхлэн Төв цэнгэлдэх хүртэлх замд нарны шил, хүүхдийн тоглоом, ахуйн бараа зэргийг аанай л худалдсан хэвээр. Үндэсний хувцас, бэлэг дурсгалын зүйлс дэлгэн, шивээс наах, монгол уран бичлэгээр нэрээ бичүүлэх, сугалаа сугалуулах зэрэг нь үйлчлүүлэгч олонтой харагдана лээ. Мөн хүүхдийн угсардаг тоглоом байрлуулж, үлгэрийн баатруудтай зургаа авхуулах боломж бүрдүүлсэн нь багачуудын сонирхлыг татаж байлаа. Мэдээж наадмын гол зоог бол хуушуур.
Энэ жил Төв цэнгэлдэхэд хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллуулах эрх авчээ. 350 асарт хүмүүс зогсолтгүй ажиллах атал наадамчид хуушуурандаа 2-3 цаг дугаарласныг яалтай. Монгол, гадаад гэлтгүй тэвчээр заан дугаарлаж даарч жиндсэн зарим нь халуун цай оочиж зогсоно. Мах гурилын харьцаа тавь, тавин хувьтай гэх “статистиктай” наадмын хуушуур сиймгэр нимгэн төрхтэй, тасхийсэн амттай, часхийсэн халуун байсныг тэмдэглэе. “Таван” махтай хуушуураа таалан идэж, амтлах “нарийн ажлаа” хийх гэтэл суух сандал, ширээ хомс тул хүлээх зуураа ширээгээ “эзлэх” хэрэг ч бас гарч байв. Та босох нь уу, би суучихъя гэх мэтээр наадамчид түлхэлцэн зоогоо барихаар зогсож байсан нь аргагүй л зон олон ихтэй, зай талбай багатай байсных биз ээ.
Бид холын наадамчдын сэтгэгдлийг сонирхлоо. Англиас ирсэн жуулчин Майк Ками “Монголд анх удаагаа ирж байна. Наадам маш сонирхолтой, өвөрмөц баяр юм. Нээлтийн үзүүлбэр таалагдлаа. Хуушуур авах гээд дугаарлаж байна, дажгүй үнэртэж байна шүү” гэсэн юм. Харин Өмнөд Солонгосоос ирсэн Жун Хэйбин “Жижиг талбайд олуулаа цуглаж, үнэхээр сайхан баярлаж чадаж байна. Хөтөч маань айраг уухыг санал болгосон ч ууж чадсангүй. Харин хуушуур, шорлог амттай байлаа. Хүй долоон худаг руу явж морь уралдахыг харахаар тэсэн ядан хүлээж байна” хэмээв.
“Цэвэрхэн наадацгаая” аяны хүрээнд иргэдэд хоггүй наадахыг уриалан, арван метр тутамд нэг хогийн сав байрлуулснаар ил хог төдийлөн харагдаагүйг онцлууштай. Мөн цагдаа, дотоодын цэрэг, ХСИС-ийн оюутан зэрэг 1000 гаруй хүнтэй бүрэлдэхүүн орчин үеийн техник, технологи ашиглан, хичээн ажилласны дүнд гэмт хэрэг, зөрчилгүй нааджээ. Хүнсний эрүүл ахуйд ч холбогдох байгууллагууд хяналт тавьсан тул идээ, ундаанаас хордсон хүн гараагүй байна. Харин ариун цэврийн өрөө рүү орохоор наадамчид уртаас урт дугаарласан юм. “Ходоод руугаа хоол оруулах гэж хүлээлээ, хойно нь бас гаргах гэж удах нь” хэмээн хошигнох хүмүүс ч байна билээ.
Нэгэнтээ Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Наадмаар монголчууд үндэстний дархлаажуулалтад хамрагдаж буй гэхэд буруудахгүй. Бүгд л аль болох үндэсний хувцсаа өмсөж, ёс заншлаа хэлэлцэн, үүх түүхээ хуучлан, урлаг, уран сайхны тоглолт тавих, мэндлэх хүндлэхдээ ч өөрсдийн онцлогоо шингээхийг хичээдэг. Энэ бол баяр цэнгээн төдийгүй өв соёл, заавал дэглэж тавих учиртай бүтээл юм” хэмээсэн. Тийм ээ, бид даарсан ч, замын түгжрээнд саатаж, бага талбайд багтахгүй чихэлдсэн ч нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой байж дэнж хотойж, дэлхий дэлдийтэл сайхан наадаж, дархлааны “вакцинаа тариулж” аваад харьцгаалаа.
Амжилтдаа эзэн болох хүчтэнүүд цол хүртэн,
ҮНДЭСНИЙ БӨХ
Улсын харцага, начин цол хүртсэн бөхчүүд
“Амжилтдаа эзэн болж чадах, сайхан хүчтэнүүд цол хүртлээ” хэмээх үгийг хэчнээн олон хүнээс сонсов оо. Ерөөсөө өнөө жилийн наадмыг ингэж дүгнэж болмоор санагдав. Төрийнхөө наадамд түрүүлсэн Н.Батсуурь аваргаас авхуулаад олон жил улсын цолтны таамагт багтсан бөхчүүд харцага, начин болсон учраас тэр. 512 бөх зодоглосон энэ жилийн наадамд иртэй яваа аварга, арслангуудын нэг нь түрүүлж, шинэ аварга юм уу, даян аварга цолтон төрөх болов уу хэмээн олонх бөхийн хорхойтон таамаглаж байсан гэхэд хилсдэхгүй. Наадмын өмнөхөн бөхийн галуудаар сурвалжилга бэлтгэж явахдаа цөөнгүй хүчтэнтэй уулзахад ч бас тийм таамаглал дэвшүүлж байгаа нь анзаарагдсан. Сүүлийн 12 жилийн хугацаанд 12 өөр бөх (Д.Сумъяабазар, Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, Г.Өсөхбаяр, Б.Ганбат, С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, Э.Оюунболд, Н.Санжаадамба, Ц.Содномдорж) түрүүлсэн жишгийг эвдэж, хэн нэг нь дахин манлайлах, эсэхийг наадамчин олон чих тавин хүлээж байв. Харин энэ жил дурсан ярилцах зүйлсээр дүүрэн, шинэ аваргатай төдийгүй олон жил хүсэн хүлээсэн хүчтэнүүд цол хүртсэн, олны сэтгэлийг тэнийлгэсэн сайхан наадам болов.
УВС АЙМГААС МЭНДЭЛСЭН ДӨРӨВ ДЭХ УЛСЫН АВАРГА Н.БАТСУУРЬ
2009 онд улсын наадмаас дөрөв дэх түрүүгээ хүртсэн дархан аварга Г.Өсөхбаяраас хойш манлайлсан бөхчүүдийн хэн нь ч дахин түрүү, үзүүр булаалдаж чадахгүй байсаар өнөө жилтэй золгосон. Тэгвэл эл бараан цувралыг Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын харцага Г.Намсрайжавын хүү Батсуурь зогсоон, улсын аварга боллоо. Өдгөө 31 настай тэрбээр дөрвөн жилийн өмнө улсын гарьд Ш.Жаргалсайханыг өвдөг шороодуулан түрүүлж, арслан болсон амжилтаа давтаж, цолоо ахиулав. Н.Батсуурь есийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамбатай хүч сорьсон.
Хэрвээ тэрбээр давбал аварга, Ч.Санжаадамба түрүүлбэл даян аварга цол хүртэх байв. 36 минут үргэлжилсэн барилдаанд Ш.Батсуурь өрсөлдөгчөө дотуур өхийлдөх мэхээр давж, Монгол Улсын 23, Увс нутгаас мэндэлсэн дөрөв дэх аварга (түүнээс өмнө Х.Баянмөнх, О.Балжинням, С.Мөнхбат) боллоо. Ингэснээр тэрбээр улсын наадамд хоёр удаа ес даван түрүүлж, нэг удаа найм, гурван удаа долоо, нэг удаа тав давсан амжилтаар аварга цолтой бөхчүүдээс Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нарын ард эрэмбэлэгдэж байна. Н.Батсуурь аваргын өвөө Ж.Гэлэг 1950 онд буюу Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор тавын даваанд дархан аварга Ш.Батсуурийг өвдөг шороодуулан, улсын начин болсон түүхтэй.
Улсын харцага Ж.Намсрайжав аавынхаа эл сайхан тохиолыг бэлгэдэн, аварга болохыг бэлгэшээн хүүдээ Батсуурь гэдэг нэр хайрласан юм билээ. Тэгсэн нь өнөө жилийн наадмаар биеллээ олов. Ш.Батсуурь 1948, Н.Батсуурь 2018 онд улсын аварга болсныг наадамчин олон бэлгэшээж байна. Гурван үеийн бөхийн удамтай Н.Батсуурийн авга ах Г.Даваасамбуу улсын начин (химийн ухааны доктор), Г.Дансран нь аймгийн заан (самбо бөхийн ОУХМ), Н.Баярмагнай аймгийн арслан (чөлөөт бөхийн Азийн аварга, УАШТ-ий таван түрүүтэй) цолтой бол нагац ах нь олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалай юм.
Мөн ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Энхбаяр, улсын начин Л.Эрхбаяр нар ээжийнх нь талын хамаатан. Хоёр талаасаа бөхийн удамтай тэрбээр таван настайдаа бүх цэцэрлэгийн үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлж, Ерөнхийлөгч асан П.Очирбатаас гурван мянган төгрөгийн шагнал хүртсэндээ бэлгэшээж явдаг гэнэ лээ. Улсын наадамд ес дэх жилээ барилдсан Н.Батсуурь 2006 онд аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд түрүүлж, арслан цол хүртжээ.
Тэр жил Цагаан сарын барилдааны үеэр дархан аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагнал хүртэн, 2013 онд тухайн үед аймгийн хурц арслан цолтой байсан Л.Цэрэнтогтохоор зургаа даван, аавынхаа цолонд хүрсэн. Дараа жил нь улсын наадамд түрүүлж, арслан болсон юм. Үндэсний бөхөөс гадна жүдогоор барилддаг тэрбээр Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, Азийн АШТ-ий хүрэл медальтай, УАШТ-ий гурван түрүүтэй (2011-2013).
Түрүү бөхийнхөө амжилтыг хэрхэн шагнан, урамшуулж байгаа нь олны анхаарлыг чамгүй татдаг. Тэгвэл одоогоор Н.Батсуурь аваргыг Увс аймгийн нутгийн зөвлөлөөс дөрвөн өрөө байр, “Nissan”-ы хамгийн сүүлийн үеийн загвар болох “QX 80”, “Toyota” компаниас “Land cruiser 200” автомашин, “Химон констракшн” компани “Sunshine garden” хотхонд 11 өрөө хаусаар шагнан, амжилтыг нь мялаажээ.
Өнгөрсөн онд будилаантай барилдааны улмаас тавын даваанд өвдөг шороодсон Ч.Санжаадамба аварга өнөө жилийн наадамд тун ч хянамгай, хийгүй өрсөлдөв. Ихэвчлэн Төв цэнгэлдэхийн баруун талд, хөлийн цэцүүдийн өмнө барилдсан нь олны анхаарлыг их татсан. Ямар сайндаа бөхийн тайлбарлагч С.Гантөр “Хаширсан хүн гэж Санжаа аваргыг л хэлэх болов уу. За сайн хараарай, баараггүй нь дээр гээд л хөлийн цэцийн өмнө барилдаж байгаа бололтой” гэх вэ дээ. Хоёр жилийн өмнө улсын наадамд түрүүлж, монгол түмнээ баясгасан аварга энэ удаа олон шилдгийг өвдөг шороодуулсан ч амжилтаа батлан, даян аварга болж хараахан чадсангүй.
ОЛНЫ ХҮЛЭЭЛТИЙГ АМЖИЛТААР ХАРИУЛСАН ХАРЦАГУУД
“Мөнгөөр улсын цол авснаас Мөнгөнбаатар шиг аймгийн арслан байсан нь дээр” гэтлээ улсын цолны босгонд бүдрэн, наадамчин олныг олон жил хүлээлгэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, аймгийн цолтнуудыг эрэмбээрээ өнгөлж буй Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Золбоо нар улсын начин цолыг алгасан, шууд харцага болсон нь наадамчин олныг бүр ч их баярлуулав.
Тэд өнөө жил түрүү, үзүүр булаалдаж магадгүй гэгдэж байсан Ховд аймгийн хоёр улсын харцгийг өвдөг шороодуулсан. Тодруулбал, Ш.Мөнгөнбаатар дөрвийн даваанд улсын харцага О.Хангай, Н.Золбоо тавын даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давсан юм. Мөн өнөө жил Монгол туургатны барилдаанд түрүүлж, бэлтгэл тун ч сайтай байсан Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх Т.Бэгзсүрэн тавын даваанд улсын заан, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, харцага цолны даваанд улсын гарьд Н.Ганбаатарыг өвдөг шороодуулан, шуугиулав. Өдгөө 25 настай тэрбээр Завхан нутгаас мэндэлсэн 56, Очирваань хайрханы өвөрт орших Отгон сумаас мэндэлсэн улсын анхны цолтон боллоо.
ЗУРГААН УЛСЫН НАЧИН ЦОЛТОН ТӨРӨВ
Дөрвийн давааг аймаг, цэргийн цолтой 10 бөх гэтэлснээс аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүүгээс бусад нь давж, гурав нь улсын харцага цол хүртсэн нь барилдааныг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгов. Тавын даваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Хакүхо М.Даваажаргалын хүргэн ах Б.Батжаргал дархан аварга Г.Өсөхбаяраар, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх Ц.Бямба-Очир улсын арслан Э.Оюунболдыг, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбыг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Б.Даваа-Очир улсын заан Б.Батмөнхийг, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх Д.Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсийг, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Ш.Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулан, улсын цолтны гэр бүлд багтав.
Сүүлийн жилүүдэд наадмын сайхан өнгийг гундаадаг маргаан, будилаан цөөнгүй гардаг болоод буй. Улсын шинэ начин Ц.Бямба-Очир Э.Оюунболд арслангаас тахим авахдаа элэг рүү нь хүчтэй мөргөсөн нь олныг бухимдуулан, өдгөө ч шүүмжлүүлж байна. Зорьсондоо хүрлээ, улсын арслан цолтой бөх тахим өглөө, түүнд өөр юу хэрэгтэй байсан юм бол. Найраанд нь орсонгүй, эсвэл удаан барилдлаа гэж уурссан юм болов уу. Жудаггүй авирласан түүний больчимгүй үйлдлээс болж Э.Оюунболд арслангийн хоёр хавирга хугарсан сураг дуулдсан. Ер нь иймэрхүү муухай үйлдлээс болж бөхчүүдийн нэр хүнд унасаар. МҮБХ-ны холбооноос тухай бүрт нь шийтгэл ногдуулж байхгүй бол алсдаа бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээр, наадамчин олны өмнө зодолддог, бие биеэсээ өшөө авдаг болох нь.
ҮНДЭСНИЙ СУР
Д.НОРЖМАА ДАЯН МЭРГЭН БОЛЛОО
Өнөө жил үндэсний сурын харваанд 580 мэргэн цэц сорьсноос 240 нь улсын цол, зэрэгтэй байлаа. Эрэгтэйчүүдээс Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Засагт хан” клубийн харваач, спортын мастер Б.Дашзэвэг 40 сумнаас 37 онон түрүүлж, улсын мэргэн цол хүртэв. Баян-өлгийчүүд хэдийгээр түрүүлж чадаагүй ч тун өнгөлөг наадсаныг тодотгох нь зүйтэй болов уу. Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, спортын дэд мастер Х.Цогбаяр мөнгөн медаль авч гарамгай, тус сумын харьяат, спортын мастер Н.Алтансүх хүрэл медалиар энгэрээ мялаан, гоц харваач боллоо. Мөн IV, V байрт Баян-Өлгий аймгийн харваач Н.Алтантулга, Х.Болдбаатар нар оров.
Говь-Алтай нутгаас улсын наадамд түрүүлсэн анхны харваач болсон Б.Дашзэвэг “Нутгаасаа төрсөн анхны мэргэн болсондоо баяртай байна. Би 2012 онд буюу 40 настайдаа сур харваж эхэлсэн. Анхны багш маань улсын хүндэт мэргэн Батмөнх. Өнөө жилийн наадамд сайхан оролцъё л гэж бодсоноос заавал түрүүлэх юм сан гэж зориогүй ээ. Манай аймаг өнгөрсөн жил галтай бас клубтэй болсон. Миний амжилтад “Засагт хан” клубийн хамт олны дэм их. Улам хичээн, амжилтаа ахиулахын төлөө зүтгэнэ” гэв.
Даян мэргэн цол хүртсэн Д.Норжмаа
Одоогоос 11 жилийн өмнө улсын наадамд түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хорооны харваач Д.Норжмааг амжилтаа баталж, цолоо ахиулаасай хэмээн монгол түмэн олон жил хүлээсэн нь энэ онд биелэв. Сүүлийн таван жил түрүү байрын төлөө товхолж, дөрвөн удаа дэд аварга болсон тэрбээр 40 сумнаас 37 онон түрүүлснээр даян мэргэн боллоо. Удаах байрт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, “Мэргэн зэв” клубийн харваач, улсын мэргэн Г.Батзаяа, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, гарамгай
харваач Ч.Гандаваа нар шалгарч, улсын наадмаас медаль хүртэв. 1998 оноос хойш сур харваж буй Д.Норжмаа “Наадмын эхний өдөр бороо орж, харвахад бэрхшээлтэй байлаа. Аль болох элдэв юм бодож, анхаарлаа сарниулахгүй байхыг хичээсэн. Бэлтгэл сайтай байсан болохоор түрүүлнэ л гэж зорилоо. Таван жил түрүү байраас атгаад алдах амаргүй. Юу юунаас илүү түрүүлэх сэн гэж хүссэн болохоор энэ жил үнэхээр их баяртай байна. Ерөнхийлөгчөөс даян мэргэн цол хүртэн, ахдаа үнсүүлэх хамгийн сайхан байлаа” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцав. Сонирхуулахад, тэрбээр улсын заан Д.Бумбаярын төрсөн дүү, аймгийн алдарт уяач Д.Баатархүүгийн эгч нь юм. Нэг айлын гурван хүүхэд үндэсний спортоор хичээллэн, өндөр амжилт гаргаж яваа нь яахын аргагүй ховор тохиолдол биз ээ.
Эгэл малчны азарга торгон жолоо өргөв
ХУРДАН МОРЬ
Төв аймгийн Дэлгэрхаан сумын Ш.Мөнгөншагайн зээрд морь
Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билгүүдэйн хонгор халзан соёолон
Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Х.Болорчулууны хүрэн хязаалан
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайгийн бор шүдлэн
Сүхбаатар аймгийн Халзан сумын Н.Баярхүүгийн хүрэн даага
УЛСЫН НААДАМД АНХ УДАА 27 НАСТАЙ УЯАЧИЙН ХУРДАН ХҮЛЭГ ӨНГӨЛЛӨӨ
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан долдугаар сарын 10-нд хязаалан насны морьдын уралдаанаар эхлэв. Энэ жилийн наадмаар хуртай, сэрүүхэн байсан нь наадамчин олон, тэр дундаа хурдан морь унаач, уяач нарт нэн таатай байлаа.
2011 оноос эрлийз морьдыг тусад нь уралдуулах шийдвэр гарсан учир морьдыг шүдлэхдээ сэрвээний өндөр, үүлдэрлэг байдлыг нь шинждэг болсон. Уг шалгуураар нас, насны морьдоос нэлээд хэд нь хасагдсан юм. Тухайлбал, хязаалан насанд 346 морь уралдуулахаар бүртгүүлсэн ч шүдлэхэд хоёр, сэрвээний өндрөөр 30, үүлдэрлэг байдлаар 55 нь хасагдаж, 236 нь гараанаас гарав. Энэ насны морьдын сэрвээний өндрийг 137 см-ээр хязгаарладаг аж. Энэ мэтээр бүх насанд нийт 1781 хурдан хүлэг уралдахаар бүртгүүлсэн ч зарим нь шалгуур давалгүй хасагдаж, 1238 нь шандсаа сорьсон юм.
Хязаалан насанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат Х.Болорчулууны хүрэн хязаалан түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд аман хүзүүдлээ. Тод манлай уяач Д.Хишигжаргал “Булган аймгийн түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна. Уясан хүлэг минь аман хүзүүдсэн нь нутгийн зон олондоо ойн баярын бэлэг барьж буй явдал юм” гэв. Тэрбээр улсын баяр наадмын хязаалан насанд гурав дахь айргаа авч буй. Өнгөрсөн жил улсын наадамд долоод давхисан Увс аймгийн Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ айргийн гуравт ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулав.
22 км-ийн зайд хурд, хүчээ сорьдог азарганы уралдаанд Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, сумын алдарт уяач Б.Баттөрийн бидэрт халиун азарга өнгөлсөн нь Үндэсний их баяр наадамд 27 настай залуугийн уясан морь түрүүлж буй анхны тохиолдол болов. Төв аймгийн Угтаалцайдам сум улсын наадмын азарганы уралдаанд түүхэнд анх удаа түрүүлж буй нь энэ. Тус сумаас 20 жилийн өмнө соёолон насанд улсын түрүү төрж байжээ.
Удаах байрт Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан хурдалж, айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн хүү, Д.Баянбатын хонгор азарга хурдаллаа. Түүний өвөөгийн уясан азарга одоогоос 30 жилийн өмнө улсын баяр наадамд түрүүлж байсан түүхэн ой тохиож байгааг тэрбээр бэлгэшээн ярьсан юм.
Энэ жилийн их насны морьдын уралдаанд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Мөнгөншагайн зээрд морь өнгөлж, тус аймгийн Батсүмбэр сумын Б.Саянсанаагийн хээр аман хүзүүдлээ. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат улсын манлай уяач Д.Баяраагийн хүрэн айргийн дөрөвт ирлээ. Хүрэн морь 2016 оны улсын баяр наадамд аман хүзүүдсэн билээ. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, улсын тод манлай уяач Д.Ганбаатарын хүрэн хурдалсан юм. Их насны морьдын уралдаанд гурван морь багтарч, дөрвөн хүүхэд унасан талаар салбар комиссынхон мэдээлсэн.
Түмэн олны шимтэн хүлээдэг соёолон насны уралдаан үзэгч олонтой байлаа. Энэ жил 281 соёолон бүртгүүлснээс 197 нь хурдалжээ. Уралдааны түрүүг Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билгүүдэйн хонгор халзан үрээ хүртэв. Завхан аймгийн Завханмандал сумын Ц.Мөнххуягийн цавьдар үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хээр хурдалсан юм. Хээр үрээ Хэнтий аймгийн наадамд түрүүлж, Багануур дүүргийн наадамд айрагдаж байжээ.
Шүдлэн насны уралдаанд 308 морь бүртгүүлснээс 201 нь 14 км-ийн зайд уралдлаа. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Х.Гарьдмагнайгийн бор шүдлэн улсын баяр наадамд түрүүлж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан. Увс аймгийн Зүүнговь сумын “Ундарга Увс” компанийн Б.Норовсамбуугийн халиун аман хүзүүдэж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын С.Гантөмөрийн хонгор, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Д.Очирсүрэнгийн хул айргийн тавд орж ирлээ.
Үндэсний их баяр наадам дааганы уралдаанаар өндөрлөсөн юм. 112 даага шандас сорьсноос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ж.Бат-Эрдэнийн бор даага нэг км гаруй зайд хол тасархай давхиж түрүүлсэн. Гэвч бор даага эрлийз хэмээн хасагдаж, Сүхбаатар аймгийн Халзан сумын Н.Баярхүүгийн хүрэн даага Үндэсний их баяр наадмын түрүүг хүртэв. Энэ талаар Хурдан морины комиссын салбар хорооны нарийн бичгийн дарга С.Галбадрах “Бор даага уралдаан эхлэхээс өмнө эрлийз гээд хасагдсан.
Гэвч тавиад явуулсан байна” гэв. Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Т.Төрмөнхийн хүрэн орсон бол Хөвсгөл аймгийн Тариалан сумын П.Батбаярын хээр, Ховд аймгийн Мянгад сумын Б.Энхбаярын халтар, Увс аймгийн Зүүнговь сумын Б.Норовсамбуугийн хүрэн халзан даага удааллаа.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр нийт 18 хүүхэд мориноос унасан ч ноцтой бэртэл гэмтэл аваагүй гэж албаны хүмүүс мэдээлсэн. Ийнхүү Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг Төв, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн хурдан хүлгүүд өнгөллөө.
Сурвалжилгыг бэлтгэсэн: Б.Буяндалай, Ж.Уранмандал, С.Цэрэндулам, Э.Хана, Ж.Цогтбаяр