232 см өндөр, 190 кг жинтэй Увайс Ахтаев биеийн хэмжээнээсээ шалтгаалж, сагсан бөмбөгийн талбай дээр ч, жирийн амьдралдаа ч хүмүүсийн нүдэнд өртөхгүй байж яаж чадах билээ. Энэ тамирчин чечень залуу спортоор ямар нэг өндөр цолонд хүрээгүй ч тухайн цагийнхаа сайн сагсан бөмбөгчдийн нэг гэгдэж байжээ. Мэдээж хамгийн өндөр нь.
Түүнийг хэн ч Увайс гэж нэрлэхгүй, аварга биет төвийн довтлогчийг шавж байдаг хүмүүс Вася Чечень л гэцгээнэ. Аятайхан энэ орос нэрэндээ тэр дуртай ч удам угсаагаа яахан мартах билээ. 14 настай байсан Увайс 1944 оны хоёрдугаар сард олон зуун чечень хүний хамт Казахстан руу илгээгдэв. Үеийнхнээсээ хавгүй өсгөлүүн хүүтэй энэ айл Карагандад очжээ.
Төв Азийг зорьсон нүүдлийн цуваанаас 1000 гаруй хүн нас барж, түр зогсож тэднийгээ цасанд булчихаад цааш хөдөлдөг байлаа. Вагонд чихэлдэж суусан хүмүүс өлсөх, даарах, өвдөхийн зовлон шаналалд өртөж байв. Амьд үлдсэн хэдэд нь харийн нутагт хөл тавихад газар хийгээд ажил, хоол хүнс өгсөнгүй, хэн ч алгаа тийлгэсэнгүй.
Тиймээс нүүн ирэгсэд түлш, идэх юм хулгайлахаас аргагүйд хүрчээ. Нэгэн ийм явдлын үеэр хоёр метр өндөр Ахтаев төмөр замын дэр мод дөрвийг авч яваад цагдаа нарт “гардуулах нь” тэр. Жирийн хүн бол тэр дэр модны нэгийг нь л арайхийн даах байсан биз.
Цагдаа Увайсыг шийтгэсэнгүй, харин спортын дугуйланд орохыг зөвлөсөн байна. Ингээд бокс, бөх, хөнгөн атлетикаар хоёр, гурван жил оролдлоо. Гэтэл үлэмж биетэй залууг анзаарсан дасгалжуулагч Исаак Копелевич түүнийд Алматыд очиж сагсан бөмбөгөөр хичээллэхийг санал болгов.
Актаев ч зөвшөөрч 1947 онд тэндхийн биений тамирын техникумын багт орж Бүх холбоотны спартакиадад өрсөлдөхөөр Ленинградыг зорив. Төвийн тоглогч 17 настай, 232 см өндөр хүү ёстой л алдаршиж эхэллээ. Сониуч хүмүүс түүнийг салахгүй дагана, тоглож буй нь, өмссөн хувцас нь, ерөөс хэрхэн амьдардаг нь тэдний шохоорхлыг төрүүллээ.
Түүний өндөр нуруу гол давуу тал нь байлаа. Вася цагаригны ойр зогсож байгаад ямар ч бөмбөгийг шүүрэн авч өөрөөсөө намхан тоглогчдод дамжуулж, хэдхэн алхаад нөгөө талд гарчихаж чадна. Дээгүүр дамжуулсан бөмбөг Ахтаевын гарт түвэггүй орж, улмаар цагариг руу шиднэ. Түүнд бөмбөг байхад хөдөлгөөнд нь саад болох нь битгий хэл хэн ч үсрээд үл хүрнэ.
Том биетэй болохоор гүйхэд бэрхшээлтэй. Тэгээд ч түүний хөл бараг 200 кг ачааг дээрээ тээж явах тул хөдөлгөөн нь удаавтар, түргэн хөдөлгөөнтэй биш. Ер нь талбайд удаан байж чаддаггүй, энэ нь тэвчээр муутай нь холбоотой. Бас хөлдөө тохирсон аятайхан гутал ер өмсөж байсангүй, 58 размерийн гутал хэрэгтэй тул захиалж хийлгэхээс аргагүй. Тэгсэн хэрнээ хүнд жинтэй болохоор гутал тэснэ гэж ер үгүй.
“Тэрбээр бөмбөгөнд их эвтэйхэн зөөлхөн, бүр эелдэг ч гэмээр ханддаг. Вася сайн тоглож байсан. Мэдээж, өндөр нуруугаа ашиглаж бөмбөгийг юуны түрүүнд цагариганд хийхийг хичээнэ. Тэгэхдээ ялангуяа торгуулийн шугамнаас бөмбөг тун дажгүй шиднэ, хамгаалахдаа ч сайн, түүний хоёр гар дээр нь халхалчихсан цагт тэр дороос мултарна гэдэг хэнд ч хэцүү. Ухаалаг, сагсан бөмбөгт дуртай, түүнийг ойлгож, мэдэрдэг тоглогч байсан гэж Зөвлөлтийн алдартай дасгалжуулагч Александр Гомельский бичиж байжээ.
Актаев аль ч талаараа тун эвгүй өрсөлдөгч. Даан ч ялгарч алдар цол хүртэж байсангүй.
Зөвлөлтийн аварга шалгаруулах тэмцээнд дунд хэрд нь л явдаг Алматы хотын “Буревестник” багт л Ахтаев тоглож байв. Овор том алхагчтай, жижигхэн, бардам энэ багт тоглоход үнэхээр хэцүү байдаг байжээ. Түүнийг зогсоох гэж дасгалжуулагч болон тоглогч нь янз бүрээр л оролддог байлаа.
Шүүгч байсан Эдуард Асриянацын дурсан ярьснаар Москвагийн “Динамо” багтай тоглож байх үеэр өрсөлдөгчдийн нэг нь Ахмаевын суга руу нь гараа хийчихснээс гижиг нь хүрээд бөмбөгөө алдчихаж. Үүнд дургүй нь хүрсэн Вася нөгөө тоглогчийн хөл дээр нь гишгэчихсэн чинь тэр нь ухаан алдаад ойчсон аж.
Ийм тоглогч ЗХУ-ын шигшээ багт хэрэгтэй, шигшээ баг нь түүнд хэрэгтэй байв. Гэвч Ахтаев нь нутгаасаа хөөгдсөн чечень хүн байснаас үндэсний багийнхаа хувцсыг өмсөөд тоглож чадаагүй юм.
1952 онд Ахтаев Хёльсинкид болсон олимпийн тоглолтод оролцохоор явдгийн даваан дээр очоод байв. Улсын шигшээ баг түүнийг олимпод оролцуулах сонирхолтой, өөрөө ч зөвшөөрч байжээ. Гэтэл 1944 онд нутаг зааж явуулах ажлыг удирдсан Лаврентий Берия олимпод оролцох тамирчдыг сонгох ажлыг хариуцаж байсан юмсанж.
Тэрбээр Ахтаевын үндэс угсааг нь мэдчихээд овог, нэрээ сольж, өөрийгөө еврей хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаардсан байна. Вася үүнийг зөвшөөрөлгүй, Алматы руугаа буцав. Хоёр жилийн дараа тэрбээр ЗХУ-ын багийн бүрэлдэхүүнд тоглох завшаан тохиосон ч болгарчуудад хожигдон, муу тоглолоо гэж зэмлүүлжээ.
“Дэлхийн аварга шалгаруулах, олимпын тоглолт дээр давуу байдал Зөвлөлтийн багт бий болсоор байсан, үүнд Ахтаев, Круминьш нарын тоглогчдын оруулсан хувь нэмэр асар их. Тэд орж ирснээр манай сагсан бөмбөгийн тоо, чанарын огцом ахиц гарсан” гэж мөнөөх Александр Гольельский хэлсэн байдаг.
Ахтаевыг 27 настай байхад 1957 онд сахарын өвчтэй болох нь илэрч, удалгүй уушги нь үрэвсэв. Үлэмж биет маань эрүүл болсон ч тоглох талаар ярилтгүй болжээ. Хоёр жил болоод Грозныи хотдоо эргэн ирж, дасгалжуулагчаар ажиллах болов. Хоёр давхар сууцтай болж, Тамара хэмээх намхан бүсгүйтэй түүндээ амьдарч байв. Тэд 1956 онд Васягийн ээжийн зөвлөснөөр танилцсан байна.
Өндөр нуруутайгаасаа болоод эмэгтэй хүнтэй үерхэхэд Ахтаевт амаргүй байдаг байж. Нуулгүй хэлэхэд Тамара эхлээд түүнээс айсан аж. “Мэдээж, түүнийхээ тухай хүмүүсийн амнаас сонсож байсан ч тийм айхтар өндөр гэж бодоогүй байв. Анх таараад золтой л ухаан алдаагүй. Надаас хоёр дахин өндөр хүн байсан” гэж гэргий нь дурссан байна.
Машины урд талын суудал дээр багтаж суудаггүй тул Тамара нь нөхрийнхөө хувийн жолооч болжээ. Тусгайлан захиалж хийлгэсэн гурван метр урт оронд дээр унтана.
Ахтаев 1973 он хүртэл, хөлөө хугалтлаа дасгалжуулагч байв. Урд талд нь шатаар бууж явсан мууран дээр гишгэхээс болгоомжилж дээгүүр нь гарахдаа хөл алдаж унаад шилбээ хугалсан нь олигтой эдгэж өгсөнгүй. Увайс Ахтаев 48 настайдаа хорвоог орхив. Бүх юм нь нөхрийг нь санагдуулсан том сууцаа Тамара нэг өрөөтэй болгон сольж, 44 насандаа бэлэвсэн хоцроод насан өөд болтлоо журмыг сахиж дахин хүнтэй гэрлээгүй гэдэг.