Английн нэрт дуучин Робби Уильямс ОХУ-д эхэлсэн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ажиллагааны гол зочноор сонгогдож уран бүтээлээ хүргэхдээ телевизийн эфирээр дунд хуруугаа гаргаж дэлхий нийтийг алмайрууллаа. Тэрбээр хоёр дахь дуугаа хөлбөмбөгийн талбай дээр гаран дуулж байх үеэрээ ийм үйлдэл гаргав. Нээлтийн ажиллагааг найруулсан нэртэй уран гулгагч Илья Авербух “Ийм үйл гаргасныг хараад нүдэндээ ч итгээгүй. Би үүнийг хий гэж хэлээгүй. Уильямс Орос оронд хандаж дунд хуруугаа гаргаагүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн өөрийг нь тойрон бүчих сэтгүүлчдэд ярьжээ.
ДАШТ-ий нээлтэд оролцох нь тодорхой болсон өдрөөс эхлэн Уильямст дарамт ирсэн. Учир нь ОХУ, Барууны орнуудын дунд үүссэн улстөрийн зөрчлөөс үүдэн нээлтийн ажиллагаанд оролцохгүй байх шахалтыг олон талаас үзүүлжээ. Мэдээлэлд ойр гадны хүмүүсийн ярьж буйгаар Уильямс дээрх үйлдлээрээ дарамтлах гэж оролдсон нөхдөд хариу барьсан байх магадлалтай гэнэ.