“Өнө цагийн “Оонон хар” -уу
Өвгөн ноёны алтан хишиг үү
Олойр татсан тэнгэрийн заадас уу
Од хайраагүй “нар сар” тамга уу” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Ц.Чимиддорж дуу алдан шүлэглэсэн удаатай. Түүний төдийгүй монгол түмний бахдлыг төрүүлж, өдгөө ч домог мэт яригддаг хүлэг бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Ц.Сандагдоржийн оонон хар юм. Улсын наадамд ганцхан удаа шандас сорихдоо Хөдөлмөрийн баатар Д.Даваахүүгийн уяаны дөрвөн азаргатай ана мана уралдсаар аман хүзүүдсэн түүх нь үнэхээр сонирхолтой.
Шүдлэн насанд нь уяж эхэлснээс хойш нутагтаа түрүү алдалгүй, хурдаараа гайхагдсан алдарт хүлэг улсын наадамд хэрхэн уралдах нь морины хорхойтнуудын анхаарлыг гойд татаж байв. Ц.Сандагдоржийнх газрын хол, усны уртад амьдардаг болоод ч тэр үү, оонон харыг Төрийн наадамд сойх гэж төдийлөн яардаггүй байсан юм билээ. Оонон хар Хэнтийдээ онцгойрсоор, олон наадамд түрүүлсээр.
Тэгж байтал 1997 онд буюу Ардын хувьсгалын 76 жилийн баяр наадмын өмнө “Сандагдорж хар азаргаа улсад сойхоор ирж явна” гэх яриа олны чихийг дэлсэж, наадамчин олныг баясгав. Наадмын өмнөх сунгаанд магнайдаа тоосгүй хурдалсан оонон хар тэр жилийн наадамд дөрвөн азаргаа сойсон XX зууны манлай уяач Д.Даваахүүгийн анхаарлыг татсан нь мэдээж. Хашир уяач наадмын өмнөх сунгаанд дөрвөн азаргаа сойгоогүй, өөрөө ч очоогүй гэдэг.
Тэгэхдээ зул хэмээх хонгор, 1994 онд улсын наадамд түрүүлсэн түмний эх, цолмон хэмээх халтар, өмнөх жилийнх нь наадамд түрүүлсэн Г.Батхүүгийн толин хул, Өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойн даншигт магнайдаа тоосгүй хурдалсан М.Зоригийн хүрэн зэрэг дөрвөн азаргаа дөрвөн өөр уяагаар сойж, оонон харын урд гишгүүлэх нарийн төлөвлөгөө боловсруулсан гэдэг юм билээ. Хэнтий нутагтаа тодорсон хүлэг Яармагийн зүлэг ногоон хөндийд, газар газраас цугларсан шигшмэл буянуудтай хэрхэн уралдах бол.
Үе үеийн хурдан буянуудын хөлс шингэсэн алтан зурхайгаас азарга эргэж, төд удалгүй шар өнгийн цамцтай хүүхэд унасан бараан зүсмийн азарга өнгөлсөн нь оонон хар байлаа. Айдсын даваа уруудан, Алдар толгой өгсөхөд түмний эх халтар азарга зуузай холбожээ. Хоёр азарга нэлээд хэдэн км хурд мэдэн уралдаж, шандсаа сориход халтар азарга суулаа. Хамаг хүчээ шавхан уралдаж, хар азарганы тамирыг шавхсан нь тэр.
Жаахан амсхийж байтал араас нь толин хул азарга нэхэн ирж, дөрөө харшуулах үед оонон харын хүүхэд амыг нь ер татахгүй харин ч хааяа нэг ташуурдаад байж. Морины комиссынхныг гуйж байгаад автомашинд нь суун, азарганы уралдааныг дагасан Сандагдоржид “Уралдаан дөнгөж эхэлж байна. Араас нь нэхэх олон хүлэг бий. Шандсыг нь нөөж уралдах хэрэгтэй” хэмээн захихад “Миний хүлэг цуцахгүй. Газар хол байх тусам улам дийлж уралдана. Дамдинжав (өмнөх эзэн)-ын хул азарга Хэнтийд миний харыг хэзээ ч гүйцэж байгаагүй” гээд тоогоогүй юм билээ. Тэгж байтал араас нь зул хонгор гүйцэн иржээ.
Даваахүүгийн уяаны хоёр азарганы хүүхэд байсхийгээд л гуядан, аль болох тарлан, оонон харыг тэлж уралдахыг эрмэлзэж буйгаас сая л Сандагдоржид хар буусан ч хэтэрхий оройтсон байлаа. Нэг их удалгүй толин хул цуцан, зул хонгор хошуу өлгөв. Гараанаас гарсан цагаасаа өнгөлсөн оонон хар дөрвөн лут хүлэгт тэлүүлсэн ч хонгор азаргыг нэхсээр аман хүзүүдсэн юм. Тэгж Д.Даваахүү уяач улсын наадмын азарганы уралдаанд зул хонгороо түрүүлүүлж, толин хулыг гуравт, М.Зоригийн хүрэнг тавд хурдлуулсан түүхтэй.
Тэр жилийн наадамд зууны манлай уяач маань дөрвөн азаргаа өөр, өөр сойлгоор уяж, нарийн арга боловсруулаагүй, Сандагдорж оонон харынхаа тамирыг гараанаас нөөж уралдуулсан бол хэрхэх байсныг таахад бэрх. Наадмын дараа нутгийнх нь нэгэн хүн Сандагдоржийн аав Цэрэндондог агсанд “Азарганыхаа амыг нь татаж, хүчийг нөөж уралдуулсан бол түрүүлэх байсан” хэмээхэд нь “Төрийн сүлд өршөө. Улсын наадамд хүлгээ айрагдуулна гэдэг их завьяа” гээд залбирсан гэдэг.
1987 оны унага оонон харын эцэг нь сумын наадамд нэг түрүүлж, нэг айрагдсан Цэрэндондогийн халтар азарга, эх нь Жаргалтхаан сумын малчин Чанцалын хар гүү юм.
Хар азарга наадмын дараа Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн анхны уралдаанд түрүүлж, түмний эх цол хүртжээ. Тэгэхэд Ардын хувьсгалын 70 жилийн ойд түрүүлсэн (улсын наадамд ганцхан удаа уралдсан) босоо хэмээх хээр азарганы эзэн, алдарт уяач Х.Сүрэнхор хар азарганы духыг илэнгээ “Босоо хээрээс минь хойш өвгөн ноёны нутгаас босоо төрсөн хүлэг яахын аргагүй мөн байна” хэмээн өгүүлсэн гэдэг.
Оонон хар дараа жил нь болсон анхны “Их хурд”-д айргийн тавд хурдлан, онцгой төрсөн хүлэг гэдгээ баталсан юм. Уралдааны дараа Цэрэндондог агсан “Монголын шигшмэл буянуудтай хурд сорин, өндөр заяат хүлэг гэдгээ түмэн олонд харууллаа. Азарганаасаа үүнийг л хүсэж байсан юм. Одоо болно оо, болно. Олон жил хурдан хүлгийн уяа тааруулж, сүүлийг нь боосны хэрэг бүтлээ” хэмээн инээмсэглэн, хар азаргаа хөтөлсөөр нутгийнхаа зүг хүлгийн жолоо залсан гэдэг юм билээ. Түүнээс хойш тэрбээр хүлгээ улсын наадам, “Их хурд”-д дахин сойгоогүй ч онцгой хурдан оонон хар монгол түмний сэтгэлд тоосоо өргөн хурдалсаар байна.
Оонон хар азарганы гаргасан амжилт:
1990 онд хязааландаа Цэнхэрмандал сумын наадамд наймд хурдалсан
1991-1993 онд Цэнхэрмандал сумын наадамд түрүүлсэн
1993 онд Жаргалтхаан сумын 70 жилийн ойд түрүүлсэн
1993 онд Хэнтий аймгийн 70 жилийн ойд түрүүлсэн
1994, 1995 онд Цэнхэрмандал сумын наадамд түрүүлсэн
1996 онд Жаргалтхаан, Цэнхэрмандал сумын наадамд түрүүлсэн
1997 онд улсын баяр наадамд аман хүзүүдсэн
1997 онд Өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит бүсийн наадамд түрүүлсэн
1998 онд “Их хурд-1” уралдаанд айргийн тавд хурдалсан
1999 онд “Боржигон” бүсийн наадамд 20-д давхижээ.