Швейцарь улсад болсон буудлагын армийн ДАШТ-ий 25 метрийн гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн аварга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Харамсалтай нь, түүний амжилтыг хүчингүйд тооцон, алтан медалийг нь хураажээ. Учир нь тэрбээр хүзүүндээ лент нааж байгаад ДАШТ-д оролцсон нь тэмцээний дүрмийг зөрчсөн аж. Улмаар мөнгөн медаль хүртсэн Хятадын тамирчин түрүүлж, Герман, ОХУ-ын мэргэн буучид мөнгө, хүрэл медаль хүртэв.
О.Гүндэгмаагийн хань, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ талаар “Халз тулаан, бөхийн спортод л шүүлтийн будлиан гардаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Буудлагын спортод ч бас тийм зүйл байдаг юм байна. Өвдсөн хүзүүндээ жижиг лент наагаад ДАШТ-д оролцтол оноог нь тэглэчихлээ. Тэмцээн дууссаны дараа гэнэт ийм шийдвэр гаргах гэж. ДАШТ-ий өмнө яагаад сануулаагүй юм бэ.
Тэртээ, тэргүй шалгаж байгаад өрсөлдүүлсэн байж. Монголын буудлага, спортын холбооныхон шинэ дүрмийг тамирчдадаа цаг тухайд нь танилцуулах учиртай биз дээ. Тамирчид энэ мэтчлэн хохирсоор байх уу. Бидний цөөхөн монголчууд хаана ч, аль ч спортод ад үзэгдэх юм даа” хэмээн бухимдаж буйгаа илэрхийлэн, эхнэрийнхээ лент наасан хүзүүнийх нь зургийн хамт цахим хуудсандаа нийтэлсэн юм. Түүний постний дор Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр “Бүхэл бүтэн хоёр олимпын өмнөөс хэрэгжиж байгаа дүрмийг зөрчсөн бол хэлэх үг алга даа.
Буудлага харьцангүй шударга шүүлттэй спорт. Элдэв башир арга манай спортод даанч байхгүй л дээ. Лентний шалгалтыг тэмцээнд оролцсоных нь дараа хийдгийг мэдэхэд илүүдэхгүй нь дээ” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байв. Энэ талаар Монголын буудлага, спортын холбооныхноос тодруулахад “Тийм харамсалтай зүйл болсон нь үнэн. Тамирчид армийн ДАШТ-д өөрийн улсын Буудлага, спортын холбооны шугмаар бус Батлан, хамгаалах яамаараа дамжуулан оролцдог.
Тэгэхээр энэ тэмцээнийг Олон улсын буудлага, спортын холбооноос зохиогоогүй гэсэн үг. Манай холбооны шугмаар өрсөлдөөгүй, бид хамт яваагүй болохоор зөв, буруу гэж ярьмааргүй байна. О.Гүндэгмаа, дасгалжуулагч Л.Ундралбат нарыг Монголд ирэхээр нь тодруулж, илүү бодит мэдээлэл авах нь зүйтэй болов уу. Өмнө нь манай тамирчид лентнээс болж амжилтаа хураалган, оноогоо тэглүүлж байгаагүй” гэв.