“Энэ жил ДАШТ-д оролцох үеэр аав, ээж хоёр БНСУ-д байсан болохоор надтай хамт явж чадаагүй. Тэмцээнд өмнө нь хоёр ч удаа ганцаараа оролцож байсан тул айгаагүй ээ. Тайван, ухаалаг тоглоё л гэж бодсон. Бас ДАШТ-ий үеэр утаснаасаа фэйсбүүкийн аппликэйшнээ устгасан. Тэмцээнд оюунаа сорьж бус, зусланд бэлтгэл хийж байна гэж бодоод л оролцлоо. ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүлсэн болохоор гоё санагдсан, гэхдээ би тийм ч их баярлаагүй ээ.
Өнгөрсөн жил дэлхийн хошой аварга болохдоо л их баярласан” хэмээн хэзээний хал үзэж, хашир суусан тамирчин аятай өгүүлэх шатарчин Даваахүүгийн Мөнхзултай ярилцлаа. ДАШТ-ий гурван алтан медальтай, Азийн аварга тэрбээр саяхан Албани улсад болсон сурагчдын ДАШТ-д түрүүлэхдээ Дэлхийн шатрын холбооны эмэгтэйчүүдийн мастер цолны болзол хангасан юм.
Өдгөө 12 настай, 33 дугаар сургуулийн 6г ангид сурдаг түүний эгч Хонгорзул сурагчдын дэлхийн аварга (блиц төрөлд) бол дүү Өнөрзул нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай, Азийн аварга юм. Нэг айлын гурван охин шатраар хичээллэн, түүгээр ч үл барам дэлхийн дэвжээнд гялалзаж байгаа нь яах аргагүй ховор тохиолдол. Насныхаа ангилалд чансаагаараа дэлхийд 13, Азид гуравт эрэмбэлэгдэн, улсдаа тэргүүлж буй, өсвөрийн ДАШТ-д түрүүлсэн Монголын гуравхан шатарчны нэг (нөгөө хоёр нь Д.Номин-Эрдэнэ, Д.Батсүрэн) Д.Мөнхзулын ертөнцөөр аялна уу.
-Сурагчдын ДАШТ-д оролцохын тулд хичээлээсээ чөлөө авсан гэсэн. Анги төгсөх шалгалтаас өмнө хичээлээ нөхөж амжсан уу?
-Бараг амжаагүй. Заримыг нь л нөхсөн. Хичээл бага ангийнхаас илүү хүндэрч, олон багш заадаг болохоор нөхөхөд хэцүү юм аа. Гуравдугаар ангиасаа хойш шатрын спортод түлхүү анхаарч, бэлтгэл, тэмцээнд цаг гаргахын тулд хичээлээсээ чөлөө авсаар өдий хүрсэн болохоор бүр дасчихаж. Монгол бичиг, түүх, монгол хэл, хими, биологи, дуу хөгжмийн хичээлийг нөхөхөд амаргүй, их цаг зарцуулдаг. Би математик, англи хэл, биеийн тамирын хичээлдээ сайн, дуртай. Энэ болон ирэх долоо хоногт зөндөө шалгалттай. Өнөөдөр (уржигдар) математикийн шалгалт өгсөн. Урт илэрхийллээ бодож чадаагүй. Бусдыг нь гайгүй хийлээ.
-Хичээл, бэлтгэл гээд жилд хэдий хугацаанд чөлөө авдаг вэ?
-Тэмцээн, бэлтгэл гээд хичээлдээ явах зав төдийлөн гардаггүй. Он гарснаас хойш арванхоёр, гуравдугаар сард л хэсэг суусан. Бас ДАШТ-д өрсөлдөөд ирснийхээ дараа хичээлдээ явж байгаа. Ойрд шалтгалт ихтэй болохоор үдээс хойш бэлтгэл хийж амжихгүй л байна.
-Оюуны спортоор хичээллэдэг болохоор хичээлээ нөхөхөд арай хялбар байдаг уу. Өөрийн гэсэн арга бий юү?
-Тийм байх аа. Хичээлээ зарим хүүхдээс арай хурдан сурдаг, мартдаггүй. Нэг хичээл 40-хөн минут үргэлжилдэг болохоор нөхөж чадахгүй, бүр хоцорчих вий гэж эмээдэггүй. Ангийн хүүхдүүд үймүүлнэ, шуугилдана, анхаарал зөндөө сарнина. Тэгээд хичээлдээ бүрэн төвлөрч чаддаггүй. Тэрний оронд гэртээ ганцаараа, дуу сонсон, сайн төвлөрч, төлөвлөөд хийвэл илүү үр дүнтэй байдаг. Хичээлээ богино хугацаанд нөхдөг миний арга л даа. Тийм болохоор нь би хичээлээсээ чөлөө авдаг юм биш шүү. Зүгээр л бэлтгэлээ сайн хийж, тэмцээнд амжилт гаргахын тулд л тэгдэг юм.
-Сурагчдын ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлэхдээ тийм ч их баярлаагүй гэсэн. Аваргын буурь зааж байгаа юм болов уу?
-Аав, ээж хоёр “Миний охин мундаг байна. Гэхдээ амжилтдаа ханаж, би хамгийн шилдэг нь, өндөр амжилт гаргалаа гэж бодож болохгүй. Харин ч аль болох даруухан байж, бүр өндөр оргилд гарахын төлөө хичээх хэрэгтэй. Өнөөгийнхөөс өнгөлөг ирээдүй охиныг минь хүлээж байгаа” гэж захидаг. Тийм болохоор медаль хүртэж байхдаа л баярлаад, бусад үед бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй гэж боддог.
-ДАШТ-д анх түрүүлэхдээ аавтайгаа, өнгөрсөн жил гэр бүлээрээ яваад, түүгээр ч үл барам эгчтэйгээ хамт дэлхийн аварга болсон. Энэ удаа ганцаараа оролцоод аварга болохдоо “Гэр бүлийнхэн минь хамт байсан ч болоосой” гэж бодсон уу?
-Тэгж бодоогүй ээ. Одоо би угаасаа том хүний тийзээр нисэж байгаа юм чинь том хүн л болсон гэсэн үг. Тиймээс бие дааж сурах хэрэгтэй. Гэр бүлийнхэн, багш хамт яваагүй, тэг, ингэ гээд зөвлөх хүнгүй байсан ч өмнөхөөсөө амар санагдсан. Ямар нэгэн асуудал тулгарвал өөрөө бие даан шийдвэр гаргах гоё байсан. Олон тэмцээнд оролцож байгаа болохоор бүр сурчихжээ. Тэмцээнд өрсөлдөхөөр аав, ээжтэй хамт очиход дүүд л гоё байдаг байх. Надад бол нэг их ялгаа байдаггүй. ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ У.Насанжаргал багшийн удирдлагад хийсэн. Тэмцээнээс ирэхдээ дүүдээ даашинз, эгчдээ зүүлт авсан юм, уг нь. Даанч зүүлтээ хаана хийснээ ер санадаггүй, олддоггүй ээ.
-Тэмцээнд анх хэдэн настайдаа ганцаараа өрсөлдөж байв?
-Шатраар хичээллээд жил болж байсан гэхээр долоон настайдаа Зүүн Азийн АШТ-д оролцсон юм байна. Олон улсын анхны маань тэмцээн л дээ. Алтанбаяр багштай хамт явсан болохоор төөрөх вий, гэрээ санах болов уу гэж бодоогүй ээ. Өдөр нь тэмцээндээ өрсөлдчихөөд буудалдаа очих бүрт зөндөө жимс өгсөн нь таалагдаж билээ. Зүүн Азийн АШТ-д гурван төрөл (стандарт, блиц, рапид)-д оюунаа сорихдоо зургаа, ес, арванхоёрдугаар байрт шалгарсан. Тэгж явахдаа ёстой хөглөсөөн. Монгол руу ирж явахдаа Сөүлийн онгоцны буудал дээр төөрөөд багшийгаа сандаргасан гэсэн.
-Өөрөө төөрснөө мэдээгүй юм уу?
-Харин тийм ээ. Би сандал дээр жаахан амарч байтал нам унтчихаж. Тэр үеэр багш маань намайг мартаад явчихсан гэнэ лээ. Онгоц хөөрөх цаг дөхөөд байдаг, би олддоггүй. Баахан сандарч, нэлээд хайж байж олсон гэсэн. Тэгэхэд нь би унтаж л байж. Юу болсныг ч мэдээгүй (инээв). Тэр үед гэрээ санасан, эсэхээ сайн санахгүй байна аа. Тэгсэн мөртлөө хоёр настайдаа өвөөтэй хамт автобусанд суун, гэр рүүгээ явж байснаа, гудамжны үзүүрээс гэнэт нохой гарч ирэн “Хов, хов” гээд хуцаад дайрахад нь ээжийнхээ мөрөн дээр гарснаа тод санадаг. Бодоод л байвал багын явдал хальт, санагддаг юм.
-Эгч, дүү хоёртойгоо хамт гурвуулаа тэмцээнд оролцон, бэлтгэл хийх гоё байдаг нь мэдээж. Тэднийхээ өрөгт санаа зовж, өөрийнхдөө бүрэн төвлөрөөгүйн улмаас санасан амжилтаа гаргаж чадахгүй байх үе бий юү?
-Байлгүй яах вэ. 2016 оны өсвөрийн ДАШТ-д хошой аварга болно гэсэн зорилготой, 99 хувь итгэлтэй очлоо. Тэмцээнд надтай хамт Өөнөө (Өнөрзул) өрсөлдсөн юм. Би уг нь есдүгээр өрөг хүртэл хошуучилж байлаа. Өөнөө их хурц тоглолттой. Анхаарлаа төвлөрүүлье, өрсөлдөгчөө заавал хожих ёстой гэж зорьсон ч “Дүү маань яаж тоглож байгаа бол. Хожигдчих вий” гэж их айсан. Хэдийгээр тоглолтын дундуур аав, ээж хоёр надад “Дүү нь хожно. Өөнөөдөө итгэх хэрэгтэй.
Миний охин өөрийнхөө өрөгт л анхаарлаа төвлөрүүл” гэж захисан ч санаснаар минь болоогүй. Би хамгийн сүүлчийн өрөгт хожиж явахдаа тоглолтын дундуур Өөнөөгийн өргийг очиж харсан юм. Дүү минь ч хожиж, мөнгөн медаль авах нь тодорхой боллоо. Ширээн дээрээ буцаж ирээд тоглолтоо үргэлжлүүлэх гэтэл анхаарал огт төвлөрөөгүй. Тэгээд л хожигдон, VII байрт шалгарсан. Хэдийгээр би медаль авч чадаагүй ч Өөнөө дэлхийн дэд аварга болсон болохоор харамсаагүй.
Өнгөрсөн жил өсвөрийн ДАШТ-д оролцох бодолтой байсан ч санхүүгийн хүндрэлийн улмаас өрсөлдөж чадаагүй. Гэхдээ сурагчдынхад нь эгчтэйгээ хамт оюунаа сориод түрүүлэх гоё байсан. Аниатайгаа хамт дэлхийн аварга болж, Төрийн дууллаа эгшиглүүлэх мөчид монгол хүн болж төрснөөрөө, охидынхоо төлөө бүхнээ зориулдаг аав, ээжээрээ бахархсан. Төрийн далбаа мандах мөчид уйлах дөхсөн, сэтгэл хөдлөөд аваргын цомоо бүүр өндөр өргөсөн. Тэр тэмцээнд бид хоёр Ган-Од багшийн удирдлагад оролцсон юм.
Энэ үеэр түүний аав Г.Даваахүү “Мөнхзулыг найман настай байхад нь манайх "Сансар” хороололд амьдардаг байлаа. Ажилтай болохоор эхнэр бид хоёр охиноо бэлтгэлд нь тэр бүр хүргэж өгч амждаггүй. Мөнхзул өглөө гэрээсээ 08.00 цаг ялимгүй өнгөрөөж гараад Төмөр замд байдаг Дамдин багшийнд очиж бэлтэл хийнэ. Тэнд хоёр цаг давтчихаад IV хороололд байдаг Их мастер Хатанбаатараар шатар заалгадаг байлаа. Төмөр замаас IV хорооллын эцэс рүү алхана, заримдаа автобусанд сууна. Мастерынд хоёр цаг гаруй бэлтгэл хийчихээд 17.00 цагийн үед гэртээ ирдэг. Наймхан настай жаахан охиндоо санаа зоволгүй яах вэ. Байсхийгээд утсаар холбоо барин, тэгээрээ, ингээрэй гэж захидаг байлаа. Охин минь хоёр сар гаруй тэгж бэлтгэл хийн, Сансраас Төмөр зам, Төмөр замаас IV хороолол, IV хорооллоос Сансар руу жим гартал гүйсэн хөдөлмөрийнхөө үр шимээр тэр жил дэлхийн аварга болсон. Мөөжөө багаасаа бие даасан болохоор их хэрсүү. Одоо 10 настай дүү нь тэгж явах нь байтугай гэртээ ганцаараа үлдэж чаддаггүй шүү дээ” хэмээн инээмсэглэв.
-Та гурвын хэн нь ихэвчлэн хождог вэ?
-Ер нь адилхаан. Өөнөөг аниа бид хоёр гаргаахгүй. Хонгорзул эгч бид хоёр блицээр (түргэн тоглолт) өрсөлдөх дуртай. Би ихэвчлэн хождог, аниа цагаа унагаачихдаг (цагтаа амжиж нүүдэггүй) юм. Хонгорзул эгч тоглолтоо хэрхэн эхэлдгийг би сайн мэднэ. Эгч ойрд гараагаа өөрчлөөд байгаа. Намайг байрлалын тоглолттой, бөхөөр бол барьцаа лавшруулсаар байгаад өрсөлдөгчөө хождог гэдэг.
-Шатрын тоглолт 4-5 цаг үргэлжилдэг юм билээ. Өргийн ард удаан суун, төвлөрөхөд амаргүй нь мэдээж. Заримдаа тэсгэл алддаг уу. Тоглолтын үеэр ихэвчлэн юуны тухай боддог вэ?
-Ихэнхдээ хэрхэн нүүх вэ, ямар тактикаар өрсөлдөх вэ гэж боддог. Гэхдээ нүүдлээ хэтэрхий бодож, олон талаас нь сэтгэсний улмаас заримдаа будличихдаг, буруу нүүчихдэг гэмтэй. Дараагийн нүүдлээ андуурах нь энүүхэнд. Тийм болохоор нүүдлээ сайтар төлөвлөчихөөд Монголдоо очоод юу хийх, гэрийнхэндээ юу авах тухай боддог.
Тоглолтын дундуур түр босож биеийнхээ чилээг гаргадаг. Уйдвал хуруугаараа оролдоно, нүдээ аниж чилээг нь гаргана. Уйдах, тэсгэл алдах сөхөө бараг гардаггүй, тоглолтын үеэр цаг харвасан сум шиг л өнгөрдөг юм. Нэг мэдэхэд л 4-5 цаг болчихсон байдаг. Нээрэн, тоглолтдоо төвлөрөхгүй байгаа тамирчныг би хараад л мэднэ.
-Ямар мундаг юм бэ. Яаж мэддэг юм бол?
-Хажуу ширээнд өрсөлдөж байгаа тамирчин нүүгээд цагаа дарахад анхаарал нь сарнивал төвлөрөөгүй байна гэсэн үг. Тоглолтдоо төвлөрсөн байхад ойр орчинд юу болж байгааг ер анзаардаггүй, анхаарал сарнидаггүй юм.
-Шатар хэнээр анх заалгаж байв. Аав, эгч хоёр нь зааж өгсөн үү?
-Үгүй ээ, зургаан настайдаа би өөрөө сурсан. Аав, эгч хоёрын тоглохыг хараад л суудаг байв. Нэг өдөр гадаа тоглож байгаад гэртээ орсон чинь манай хоёр тоглож байна. Тэгээд харах нь ээ амархан нүүдэлтэй морь байсан. Морины нүүдлийг харсан шигээ л шатар хурдан сурсан. Нүүдэл сураад гурван сарын дараа болсон “Их нүүдэл” тэмцээнд оролцсоноо дурсах дуртай. Тэмцээнд Улаанбаатарын сургуулиудаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин өрсөлддөг юм.
Би 33 дугаар сургуулиас ангийнхаа Төгстөмөртэй хамт оролцоод, түрүүлсэн. Тэгэхдээ бүх өрсөлдөгчөө (долоон тамирчин) “Пионер мад”-аар хожсон юм. Нэг тамирчинтай удлаа л гэхэд хоёр минут өрсөлдлөө гээд хүмүүс гайхаж билээ. Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальтай Төгстөмөр хүртэл “Яаж ингэж хурдан хожоод байна вэ” гэсэн. Тухайн үед надад янз бүрийн гараа, уран нүүдэл байгаагүй ээ. “Пионер мад”-ндаа оруулаад л хожоод байлаа.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Шатрын программ ашиглахад компьютерын мэдлэг чухал юм билээ. Тиймээс IT-ийн чиглэлээр сурах бодолтой. Ирээдүйд шатрын дасгалжуулагч болохыг хүсдэг. Бас сэтгэлзүйч болвол гоё доо.
-Хоёр жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Багш болохыг хүсдэг” гэсэн байсан. Больчихсон юм уу?
-Болиогүй ээ. Дасгалжуулагч чинь тамирчдын багш, адилхан шүү дээ.
-Таван насандаа “Бяцхан мисс” улсын уралдааны фото миссээр шалгарсан юм билээ. Жүжигчин, загвар өмсөгч болох бодол бий юү?
-Уг нь сонирхдог, жүжигчин болох бодолтой байсан юм. 2014 онд Төрийн банкны элч тамирчин болоод рекламанд тоглоход их сандарсан. 30 секундийн рекламны зургийг гурван өдөр авахуулсан юм чинь кинонд тогловол бүр хэцүү байх. Тэгээд л жүжигчин болохоо больчихсон. Гэхдээ эгч, дүү хоёртойгоо хамт кино юм уу, сурталчилгаанд тоглох мөрөөдөл бий. Ялангуяа тэр нь шатрын спортын тухай байвал бүр сайхан.
Өндөр нуруутай, гоё биетэй болохын тулд волейболоор хичээллэе гэж боддог. “Бяцхан мисс” гэснээс тэр уралдаанд оролцсон хөгтэй явдлаасаа танд ярьж өгье. Уралдааны үеэр надад “Нэр хугарахаар яс хугар” гэдэг зүйр цэцэн үгийг тайлбарлах даалгавар өглөө. Тэгсэн чинь би “Өөрийгөө муу хүүхэд гэж хэлүүлсний оронд ясаа хугалсан нь дээр” гэчихэж билээ. Уралдааныг үзэж байсан хүмүүс нирхийтэл инээлдэж, би ичсэн гэж жигтэйхэн.
Гэртээ харьж явахад аав “Миний охин ёстой голыг нь олж тайлбарласан” гэхэд нь л тайвширсан шүү. Би цэцэрлэгт байхдаа шүлэг унших, дуу дуулах, миссийн гээд бүх л уралдаан, тэмцээнд оролцдог байсан. Дуу, бүжгийн төрлөөр олон медальтай. Даанч одоо ичээд дуулж, бүжиглэхээ больчихсон.
-Хүүхдийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ. Ямар бэлэг авах дуртай бол?
-Гэр бүлийнхэнтэйгээ хамт л байвал тэгж, ингэж баярлах юм сан гэж боддоггүй. Гэртээ сайхан хоол хийж идээд баярлах гоё шүү дээ. Эгч, дүү бид гурав энэ жил ашгүй гэртээ баярлах нь. Хоёр жилийн өмнө хүүхдийн баяраар Сочид болсон “Цагаан тэрэг” тэмцээнд гурвуулаа өрсөлдсөн. Намайг ивээн тэтгэдэг Төрийн банкны хамт олон хүүхдийн баярт зориулан зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулна.
Тус арга хэмжээний үеэр би 12.00-14.00 цагийн хооронд зэрэг тоглолт хийхээр төлөвлөсөн. Хүссэн хүн бүхэн надтай тоглох боломжтой. Хүүхдийн баяраар хүүхэд бүхэн инээмсэглэж, гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай баярлаасай. Аав, ээж нь хүүхдэдээ дуртай амттанг нь авч өгөн, цаг гаргаад баярлуулбал л гоё. Энэ дашрамд Монголынхоо бүх хүүхдэд баярын мэнд хүргэе, сайхан баярлаарай.