Монголын боулинг сонирхогчдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн нэгдүгээр тойргийн гуравдугаар шатны тоглолт өчигдөр “Big bowling” төвд амжилттай боллоо.
Тэмцээнд уламжлал ёсоор 14 багийн 42 тамирчин өрсөлдсөнөөс Ч.Элбэгзаяат ахлагчтай С.Хандаа, Ж.Цэвэгмид нарын баг анх удаагаа түрүүлж, Ц.Лхаасүрэн ахлагчтай Б.Оюунболд, Б.Тамир нарын баг гурав дахь удаагаа аман хүзүүдлээ.
Харин гуравдугаар байранд Ж.Содномдорж ахлагчтай Ч.Золжаргал, Х.Хишигбат нарын баг шалгарсан юм.
Шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс Х.Хишигбат (233 оноо), эмэгтэйчүүдээс “Страйкс” клубын Т.Долгормаа (204 оноо) нар тодорлоо.
Энэхүү тэмцээний онцлог нь баг тус бүр зургаан тоглолт гүйцэтгээд, дараа нь бүгдээрээ хасагдах шатанд өрсөлдөж аваргаа тодруулсан юм. Багуудын хожил, хожигдлын онооны зөрүү 10-ын дотор эргэлдэж байлаа.