Монголын боулинг сонирхогчдын холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн нэгдүгээр тойргийн хоёрдугаар шатны тоглолт өчигдөр “Big bowling” төвд амжилттай боллоо.
Багуудын хүчийг тэнцүүлэхийн тулд багийн ахлагчаар чансаа өндөртэй, туршлагатай тамирчныг томилж багийн бүрэлдэхүүнд нэг шинэ, нэг эмэгтэй тамирчныг сугалааны зарчмаар оруулдаг нь үндэсний лигийн тэмцээний нэг онцлог. Энэ нь багуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг.
Хоёрдугаар шатанд 14 багийн 42 тамирчин өрсөлдсөнөөс тэргүүн байранд Б.Батхүү ахлагчтай Т.Нансалмаа, Г.Золбоо нарын баг, хоёрдугаар байранд Ц.Лхаасүрэн ахлагчтай Б.Оюунболд, Б.Тамир нарын баг, гутгаар байранд Э.Харцага ахлагчтай Т.Долгормаа, З.Амаржаргал нарын баг орлоо. Ийнхүү хоёр, гуравдугаар байрны багууд амжилтаа бататгав.
Шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “Big bowling” клубын тамирчин Б.Батхүү (253 оноо), эмэгтэйчүүдээс мөн клубын Т.Нансалмаа (192 оноо) нар тодорлоо. Ингэснээр шилдэг баг болон шилдэг тоглогчдоор нэг клуб, нэг багийн тамирчин шалгарсан ховор тохиолдол энэ удаа боллоо.
Мөн бүх багууд урьдчилсан шатанд 6 тоглолт хийгээд шилдэг 8 багийг хоёр хэсэгт хувааж, улмаар хэсгээс шалгаран хасагдах журмаар аваргаа тодруулсан юм.