Албани улсын Дуррис хотноо өнгөрсөн 4 дүгээр сарын 20-29-нд болсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оролцсон юм. Энэ тэмцээнд 40 орны 387 шатарчин сурагчид оюун ухаанаа сорьсноос манай шатарчид хос алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Өнгөрсөн жил Румын улсад зохион байгуулсан Сурагчдын ДАШТ-ээс манай шатарчид тус бүр гурван алт, мөнгөн медаль, нэг хүрэл медальтай ирж байсан.
Сурагчдын ДАШТ-нд Манай улсын баг тамирчдаас Стандарт төрлийн 13 хүртэлх насанд Төрийн банк, Төв клубын тамирчин тус тэмцээний хошой аварга, ДШХ-ны дэд мастер /эмэгтэй/ Д.Мөнхзул түрүүлж алтан медаль, ДШХ-ны эмэгтэй мастер цолны болзол хангажээ.
Харин 11 хүртлэх насны хөвгүүдийн Чингэлтэй дүүрэг, “Цэцэн Нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны Л.Очирбат түрүүлж алтан медалийн эзэн болов. Мөн ес хүртлэх насны охидын ангилалд “Төгс нүүдэл” клубын тамирчин ДШХ-ны ДМ Х.Есүгэн мөнгөн медаль хүртсэн бол хөвгүүдийн ангилалд “Гоби чесс” клубын тамирчин ДШХ-ны ДМ Б.Тэнүүнболд хоёрдугаар байр эзэлжээ.
Охидын долоо хүртлэх насны ангилалд “Занданшатар” клубын тамирчин Н.Содгэрэлт, хүрэл медаль хүртэж ДШХ-ны ДМ цолны болзол хангасан бол охидын ангилалд “Гоби чесс клубын тамирчин ДШХ-ны ДМ Г.Лхагважэд мөн хүрэл медаль хүртжээ.