Монголын боулинг сонирхогчдын холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн нэгдүгээр тойргийн эхний шатны тоглолт өчигдөр “Big bowling” төвд амжилттай болж өндөрлөлөө.
Багуудын хүчийг тэнцүүлэхийн тулд багийн ахлагчаар чансаа өндөртэй, туршлагатай тамирчныг томилж багийн бүрэлдэхүүнд нэг шинэ, нэг эмэгтэй тамирчныг сугалааны зарчмаар оруулдаг нь үндэсний лигийн тэмцээний нэг онцлог. Энэ нь багуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, тэмцээнийг шударга болгодог билээ.
Ингээд тэмцээнд 42 тамирчин 14 баг бүрдүүлэн оролцсоноос тэргүүн байранд А.Батжаргал ахлагчтай Л.Цэцэгсүрэн, Г.Шинэбаяр нарын баг; удаах байранд Ц.Лхаасүрэн ахлагчтай Б.Оюунболд, Б.Тамир нарын баг; гутгаар байранд Э.Харцага ахлагчтай Т.Долгормаа, З.Амаржаргал нарын баг шалгарлаа.
Шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс “ТЭЦ-3” багийн тамирчин Э.Чүлтэмжамц (248 оноо), эмэгтэйчүүдээс “Big bowling” клубын Т.Нансалмаа (201 оноо) нар тодорсон.