Зургаан жилийн өмнө АНУ-д үүдээ нээсэн “Женко” клубийн салбарт дасгалжуулагч Д.Мөнхбаясгалангийн удирдлагад бэлтгэл хийдэг долоон жүдоч хэдхэн хоногийн өмнө болсон өсвөр үеийн УАШТ-д зодоглон, алт, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртэн, шуугиулсан. Монголдоо дөрвөн хоног бэлтгэл хийсэн тэдний гурав нь “Хүч кап”-т оролцохоор үлдэн, бусад нь өчигдөр буцсан юм. Самбо бөхийн дэлхийн болон Азийн дэд аварга, улсын АШТ-ий гурван түрүүтэй, жүдогийн УАШТ-ий нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтай Д.Мөнхбаясгалан болон зарим шавьтай нь ярилцлаа.
-Хаа холын Америкаас зорин ирж Монголдоо тэмцээнд зодоглох амаргүй нь мэдээж. УАШТ-д тамирчдаа оролцуулах санаа хэрхэн төрөв?
-АНУ дахь “Женко” клубийн салбарыг Х.Баттулга захирал (Ерөнхийлөгч)-ын санаачилгаар зургаан жилийн өмнө байгуулсан. Одоохондоо бэлтгэл хийх өөрсдийн танхимгүй. Бид монголчуудад элэгтэй Дэвид Клахан гэдэг хүний жиү жицүгийн клубийн байранд бэлтгэлээ базаадаг.
Өнгөрсөн жил АНУ-д болсон нэг тэмцээнд Сэлэнгэ аймгийн Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Бадрах ах тамирчдаа оролцуулсан юм. Тэгж явахдаа бидэнтэй уулзан, УАШТ-д оролцохыг зөвлөсөн. АНУ өсвөрийн тамирчдаа нас насны ангилалд өрсөлдүүлдэг.
Гэтэл Монголд адилхан жинтэй л бол хэдэн настай байхаас үл хамаарч тамирчид хоорондоо хүч сорьдог байв. Тэгэхээр зарим хүүхэд өөрөөсөө насаар илүү тамирчидтай барилдаад амархан шантардаг, зүрх нь үхээд спортоо орхих эрсдэлтэй.
Тиймээс улсынхаа аваргыг нас, насны ангилалд зохиохыг зөвлөсөн юм. Манай клубт 20-иод хүүхэд бэлтгэл хийдэг. Тэдний хоёр нь хятад, бразил, япон тус бүр нэг бусад нь монгол хүүхэд. УАШТ-ий тов дөрөвдүгээр сарын 26-нд гарахаар нь арай төсөр гээд тийзээ эрт захиалсан юм. Гэтэл тэмцээн 14 хоногоор урагшилчихдаг байгаа.
Захиалсан тийзээрээ бол бид тэмцээнд оролцож амжихааргүй болсон. Онгоц саатаад тэмцээнээс хоёрхон хоногийн өмнө нутагтаа ирлээ. Олон цаг ниссэний улмаас тамирчид их ядарсан. Хүүхдүүдэд хамгийн хэцүү нь хоол байлаа. Тэнд төрж өссөн хүүхдүүд хөнгөн хоол, амттан голдуу иддэг болохоор махсаг бус.
Манай тамирчид АНУ-д олон тэмцээнд оролцон, янз бүрийн чадвартай, өөр өөр орны бөхчүүдтэй барилдаад үзчихсэн болохоор цочроо багатай, сэтгэл зүй сайтай. Өнгөт арьстай хүүхэдтэй учраа таарсан ч гайхахгүй, хэр баргийн тамирчнаас бэргэхгүй. Замын ядаргаа л бидэнд тулгарсан том асуудал байлаа. Бэлтгэл дээр хүүхдүүд маань захын тамирчинд савуулж, ямар ч өрсөлдөөн гаргаагүй.
Дөрвөн медаль хүртэх зорилготой ирсэн хүн чинь шалдаа буусан, тэр үед ёстой юм юм л бодогдсон байх. Тэмцээний өглөө бүгдийнх нь нүд сэргээд, цоглог болчихсон байхаар нь санаа амарсан шүү. Шавь нар маань намайг баярлуулж, би ч зорилгодоо хүрлээ. Амжилтдаа сэтгэл хангалуун байна.
-Энэ бол харийн нутагт зургаан жил зүтгэсэн хөдөлмөрийн тань үр дүн. Нөгөө талаар тамирчдынхаа хэр хэмжээ багцаалсан байх.
-Тэгсэн. Америкийн дэвжээнд сайн өрсөлдөж байгаа ч Монголдоо хэр барилдах, улсдаа хаана яваагаа мэдэх гэж ирсэн юм. УАШТ-ийг анх удаа гурван насны ангиллаар зохиоход нь долоон шавиа зодоглуулан, хоёр алт, хоёр хүрэл медаль хүртлээ. Би гурван хүүхэдтэй.
Хоёр охинтойгоо хамт ирсэн, нэг нь хүрэл медаль хүртэн, нөгөөх нь V байрт шалгарсан. Жүдочдодоо “Заавал ялах нь чухал биш. Дэвжээн дээр гараад миний заасан мэх, техникээр барилд. Өөрийгөө 100 хувь дайчил” гэж л захьдаг. АНУ-д өссөн хүүхдэд нэг давуу тал бий. Тэр нь багшийг үгийг хууль гэж ойлгодог, биелүүлэх гэж бүхнээ дайчилдаг явдал. Тамирчид маань бүгд АНУ-д амьдардаг, олонх нь тэнд төрсөн болохоор монгол хэл мэдэхгүй.
-Эцэг, эхтэйгээ хамт ирсэн үү?
-Тэгсэн. Ээжүүд нь гэрээ харж үлдэн, бүгд аавтайгаа хамт ирлээ.
-Танай клуб хэдэн тамирчинтай вэ. УАШТ-д оролцох жүдочдоо ямар шалгуураар сонгосон бэ?
-Амжилт, бэлтгэлийг нь харгалзаж байгаад найман тамирчинтай ирлээ, нэг нь тэмцээнд оролцоогүй. Дөрвөн шавь маань чансаагаараа АНУ-д тэргүүлдэг. Манай тамирчид амжилтаараа АНУ-д танигдсан, тэндхийнхэн андахгүй. Монголын УАШТ-д түрүүлсэн тамирчин тухайн жилийнхээ тив, ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцдог. Харин АНУ тэс өөр жишигтэй. Жилд 4-5 том тэмцээн зохион, чансааны оноо олгодог. Жилийн турш өндөр амжилт гарган, ахиу оноо цуглуулсан нь томоохон тэмцээнд оролцох эрх авдаг.
Америкийн аварга шалгаруулах тэмцээн нээлттэй болдог. Бичиг баримтны зөрчилгүй гадаадын жүдочид өрсөлдөх боломжтой. Тэд УАШТ-ээ зун, өвөл зохиодог. Бид гурван жилийн өмнө анх зодоглохдоо нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард наймуулаа оролцохдоо 11 медаль хүртэн, багаараа гуравдугаар байрт шалгарсан. Зарим бөх хоёр насны ангилалд өрсөлдсөн юм.
-Тэмцээний дараа нэлээд хэдэн хоног хамтарсан бэлтгэл хийсэн. Ямар бэлтгэл түлхүү хийв?
-Техник болон барилдааны бэлтгэлд анхаарлаа. Монголд олон хүүхэд жүдогоор хичээллэж, олимп, дэлхийн аваргуудын залгамж ундарч байгаад олзуурхаж байна. Ер нь бид бараадаад л яваад байхгүй бол удахгүй амжилт, ур чадвараараа бүр хоцрох нь. Олон орны дасгалжуулагч АНУ-д клуб нээн, жүдо заадаг болохоор тогтсон дэггүй, холимог гэж хэлж болно.
Тэгэхээр жүдогоор өнгөлж байгаа орны бөхчүүд, дасгалжуулагчаас суралцах, туршлага судлах боломж их. Япон дасгалжуулагчтай клубийнхэнтэй бэлтгэл хийгээд тэдний барилдаанаас суралцах боломжтой нь бидний давуу тал.
-Танай клубт яагаад америк хүүхэд бэлтгэл хийдэггүй юм бэ?
-Америк хүүхэд багадаа их шантрамтгай. Зөндөө олон хүүхэд жүдо заалгахаар ирсэн ч бэлтгэлийн ачаалал даалгүй шантраад явчихдаг. Надтай хамт Монголд ирсэн хүүхдүүд жүдогоор 2-4 жил хичээллэж байгаа, 8-10 настай. Зарим хүнд олон жил хичээллэсэн юм шиг санагдаж магадгүй. Тийм биш.
Монголд өссөн хүүхэд бөхийн дүйтэй, адаглаад жүдогийн талаар төсөөлөлтэй байдаг. Багаасаа үндэсний бөхөөр барилдаж өсдөг болохоор спортын аль ч төрөлд дөртэй. Зургаан настай хүүхдийг барилд гэвэл шууд барилдана, элдэв мэх хийнэ. Гэтэл манай клубт барилдах талаар ямар ч төсөөлөлгүй хүүхдүүд ирдэг. Барилд гэхээр учраа олохгүй, гайхаад л зогсдог. Хоорондоо өрсөлдөх, тэмцэлдэх, ялахын төлөөх тэмүүлэлгүй байдаг.
Ерөөсөө гадаадад өссөн ихэнх орны хүүхэд тийм. Монголд бол жүдогоор шинээр хичээллэж эхэлж байгаа хүүхдэд шууд л уналт, өнхрөлтөөс авахуулаад мэх заадаг. АНУ-д тэгэхгүй, тэгэх юм бол бүгд шантраад явчихна.
-Сонирхолтой юм. Тэгэхээр жүдогийн суурийг яаж заах нь хамгийн үр дүнтэй байдаг бол?
-Шинээр бүртгүүлсэн хүүхдээр юу ч хийлгэдэггүй, зүгээр л тоглуулдаг. Учраа мэдэхгүй жаахан хүүхдэд тоглохоос илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Хэд хонохоор нь жүдогийн өмсгөл (кимоно) өмсүүлээд тоглуулдаг. Тэгснийхээ дараа өнхрөлт, уналт заадаг. “Өнөөдөр тэдэн цаг бэлтгэлээ хийчихээд тоглоорой” гэхээр наадахын тулд заасан бүгдийг хийдэг юм.
Үүний зэрэгцээ нөгөө хүүхэд чинь тоглонгоо жүдод дасна гэсэн үг. Тэгэнгээ мэх заан, жүдогийн суурийг нь алхам алхмаар тавьдаг юм. Нэг, бүр хоёр жил тоглуулж жүдод сонирхолтой болгосон хүүхэд ч бий.
-Хугацаа алдах эрсдэлтэй юм биш үү?
-Уг нь тийм л дээ. Тэгэхээс өөр аргагүй байдаг. Жүдо шууд заавал 10 хүүхдийн нэг нь барилдах талаар гадарлана. Монголд өссөн хүүхдүүд олимпын аварга болох мөрөөдөл тээн бэлтгэл хийдэг бол америк хүүхэд цагийг хэрхэн зугаатай өнгөрүүлэх талаар л бодно. Жүдогоор хэр сайн барилдаж сурч байгаа, эсэхийг эцэг, эх нь сонирхохгүй. Цахим ертөнцөөс түр холдуулах нь л тэдэнд чухал.
-Зарим хүн “Монгол хүн цаанаа ондоо. Америкаас ирээд л шуугиуллаа” гэж ярьж байна. Харийн нутагт төрж, өссөн монгол хүүхэд бусад орныхноос ялгардаг уу?
-Хүмүүс тэгж ярьдаг л юм. Би лав санал нийлэхгүй. Надад ерөөсөө анзаарагддаггүй. Манай энэ хэд хүртэл жүдогийн ямар ч ойлголтгүй, дөргүй л байсан шүү дээ. Монгол хүүхэд гэхээсээ өссөн орчин, хэрэглэж буй хоол хүнстэй л холбоотой. Үнэхээр монгол хүний дайчин, шаламгай, зоригтой, барилдаанч ген байдаг бол АНУ-д төрсөн хүүхдүүд тийм л байх ёстой.
Гэтэл тийм биш, америк хүүхдүүдээс огт ялгардаггүй. Монголд төрөөд тэнд очсон хүүхэд жүдогоор хичээллэхэд би баярладаг. Биеэ даан, барилдаж, сэтгэн, тэмцэж байгаа нь тэс өөр, эрэмгий дайчнаараа бусдаас ялгардаг. Өнгөрсөн хугацаанд манай клубт бараг 100-гаад хүүхэд бэлтгэл хийхээр ирсэн байх шүү. Тэднээс шантралгүй, тэсэж үлдсэн нь одоо бэлтгэл хийж байгаа тамирчид.
-Америкийн клубүүд та бүхэнтэй хамтарсан бэлтгэл хэр хийдэг вэ?
-Бидэнтэй бэлтгэл хийх дуртай. Ялангуяа сүүлийн жилүүдэд бүр ч сонирхох болсон. Даан ч америк хүүхдүүд эхний өдөр идэвхтэй хийгээд л маргаашнаас нь шантарчихдаг, бушуухан зугтдаг. Дахиж ирдэггүй. Ачаалал нь даахгүй байна гэсэн үг л дээ. Анх клубээ нээхэд АНУ-д амьдардаг, жүдогоор хичээллэдэг 10-аад монгол хүүхэд бэлтгэл хийдэг байв.
Гэтэл тэд спортын сууриа буруу тавиулснаас болж амжилт гаргаж чадаагүй, тууштай хичээллээгүй. Бүгд Ерөхий боловсролын сургуулиа төгссөний дараа барилдахаа больчихсон. Одоо хичээллэж байгаа хүүхдүүдийн олонх нь тэдний дүү нар. Ах, эгчийгаа даган бэлтгэлд ирэн, үймүүлж яваад жүдод хорхойссон юм.
-Та өсвөр үеэс өөр насны ангилалд тамирчин бэлтгэдэг үү?
-Үгүй ээ. Бага насны хүүхдэд л жүдо заадаг. Дасгалжуулагч хүн амьдралынхаа турш хоёр үеийн тамирчин бэлтгэдэг болов уу. Энэ хэд гарын маань анхны шавь.
-АНУ-д “Женко” клубийн салбарыг нээхэд ямар нэгэн хүндрэл гарсан уу. Гарцыг нь хэрхэн олсон бэ?
-Энэ талаар ярихаасаа өмнө АНУ-ын мэргэжлийн боксын дэвжээнд тоглохоор очоод хөглөсөн, “Женко” клубийн дасгалжуулагчаар томилогдсон дурамжаасаа хуваалцаж болох уу.
-Бололгүй яах вэ.
-Би 1994 оноос спорттой амьдралаа холбож яваа, Ж.Энхбаяр гавьяатын унаган шавь. Үндэсний шигшээ багийг татан буулгасан, жүдогийн бэлтгэлийн танхимгүй, мэргэжлийн дасгалжуулагчгүй байсан хүнд үеийн тамирчин. Өмсгөл нүдний гэм, халаалтгүй танхимд хувцастайгаа бэлтгэл хийдэг байлаа.
Олимпын аварга болох мөрөөдөлдөө хөтлөгдөн бэлтгэл хийгээд л. Гэтэл түүндээ хүрэх ямар ч боломжгүй, сарын 10 мянган төгрөгийн цалинтай. Бүхий л амьдрал минь “Женко” клубтэй салшгүй холбоотой. Залуудаа эл клубийн тамирчин байлаа.
Би бөхийн спортоос гадна холимог тулаанаар хичээллэдэг байв, Ж.Нарантунгал гавьяат тэргүүтэй тулаанчдын дараагийнх нь үеийн тамирчин. 2005 оноос мэргэжлийн дэвжээнд өрсөлдөж эхэлсэн л дээ. Ази болон Монголын дэвжээнд 10 тулаан хийж, бүгдийг нь ялаад овоо амжилттай байлаа. Азийн нэлээд хэдэн холбооноос тамирчнаа болгох санал тавьсан ч надад ганцхан зорилго байсан юм. Тэр нь тамирчин бүхний мөрөөдөл болсон АНУ-ын дэвжээнд өрсөлдөх.
Тэнд л нэр алдар, мөнгө бий. Эхнэр, хүүхдээ Монголдоо үлдээн, 2010 онд Америкийг зорилоо. Ерөөсөө хүнтэй холбоо бариагүй, хэл мэдэхгүй хүн л очсон шүү дээ. Захын клубт тулаан хиймээр байна гэж ороод л өрсөлдөгчтэй болчихно, ялчихна гэж бодоод л. Кино шиг л төсөөлөхгүй юү. Тухайн үед би бэлтгэл, ур чадвараараа бусдаас үнэндээ ялгарч байсан. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү.
Тэгж явахад Дэвид Клахан надтай танилцан, ивээн тэтгэгч олж өгөөд “Strikeforce” холбоо (UFC-д нэгдсэн)-нд тоглуулахаар болсон юм. Бүх юмаа орхиод очсон хүн хэнтэй ч хамаагүй өрсөлдөхөд бэлэн байв. Найман сар бэлтгэл хийсний дараа нэг тамирчинтай тулалдахаар болтол надаас айгаад больчихсон. Мэргэжлийн спортын тамирчдад анхны тулаан их чухал. Ялагдах л юм бол хэн ч биш болно, бусад холбооныхон огт сонирхохгүй. Тэгэхээр эрсдлээс сэргийлсэн хэрэг.
Дахин нэг тулаанчтай тоглохоор болтол тодорхойгүй шалтгааны улмаас цуцлагчихав. Тэгж байтал “Машин” хочтой айхтар нөхөртэй тулалдахаар болов оо. Ганц олдсон боломжоо алдахгүйг хичээн, өдөр шөнөгүй бэлтгэл хийж байтал эрүүл мэндийн шинжилгээнд бүдэрчихдэг байгаа.
Надаас В вирус илэрч, цусаар халдах эрсдэлтэй гээд тоглуулаагүй. Тэгээд л хана мөргөсөн. Мөрөөдөл минь төгсгөл болсон. 30 насандаа Америкийг зорьсон надад дахин боломж эрэлхийлэх хүсэл төрөөгүй. 20 гаруй жил зүтгэн байж мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад алдах хэцүү юм билээ. Сэтгэлээр унан, эх орондоо ирсэн.
Тэр үед захирал (Х.Баттулга) намайг дуудан, уулзахад нь АНУ-д олон монгол хүүхэд амьдардаг, тэдэнд жүдо заавал өндөр амжилт гаргах ирээдүйтэй талаар ярьсан юм. “АНУ руу буцаж оч. Тэнд клубийнхээ салбарыг нээж, монгол хүүхдүүдэд жүдо заая” гээд дасгалжуулагчаар ажиллах санал надад тавилаа.
Тэгээд АНУ-д гэр бүлээрээ нүүж очин, найз К.Клахамтайгаа уулзан, клубийнх нь байранд тамирчдынхаа бэлтгэлийг хийлгэхээр болсон юм. Жүдогийн хэрэглэл материалыг захирал ханган, бүхий л талаар дэмжсэн болохоор ямар нэгэн хүндрэл гараагүй.
-Та хэд АНУ руу хэзээ буцах вэ?
-Маргааш (өчигдөр) буцна. Гурван тамирчин маань аавтайгаа хамт үлдэн “Хүч кап”-т оролцчихоод араас очно.
“ЦАС АНХ УДАА ҮЗСЭН”
Энэ жил өсвөр үеийн УАШТ-д түрүүлсэн Б.Баттүвшин, Б.Анхбаяр нартай цөөн хором ярилцлаа. Есөн настай Б.Баттүвшин жүдогоор жил гаруй хичээллэж байгаа ч Америкийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн, хүрэл медаль хүртэн, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хараанд өртөөд амжсан. Америкийн хошой аварга, арваннэгэн настай Б.Анхбаяр өдгөө чансаагаараа “Сэм авга”-ын жүдочдыг тэргүүлдэг.
-Монголынхоо тэмцээнд анх удаа өрсөлдсөн гэсэн. Эх орондоо амьдардаг хүүхдүүдтэй өрсөлдөхөд ямар байсан бэ?
Б.Баттүвшин (Б.Б): -Гоё байсан. Монголд амьдардаг хүүхдүүд бяртай, техник сайтай юм билээ.
Б.Анхбаяр (Б.А): -Мундаг юм байна лээ. Эхний тойргийн барилдааны өмнө их сандарсан.
Б.Б: -Би ч бас ялагдчихвал яана аа гэж бодсон. Өрсөлдөгчөө ялсныхаа дараа гүнзгий амьсгаа авсан. Эхний тойргийн барилдаанд ах маань ялагдахад уйлмаар санагдсан. Ялаасай, түрүүлээсэй гээд дэмжсэн юм, уг нь.
Б.А: -Түрүүлэнгүүтээ ээжтэйгээ холбоо барьж, баярт мөчөө хуваалцсан. Дүү маань уг нь түрүүлэх байсан юм аа. Хүрэл медаль хүртсэн болохоор харамсахгүй байна.
Б.Б: Ээжтэйгээ ярих гэж яарсан. Ээж “Хүүгээрээ бахархаж байна” гэсэн.
-Шинэ найзтай болсон уу?
Б.Б: -Хоёр найзтай болсон. Монголд амьдардаг хүүхдүүд бие биенээ цохиж, чихнээс нь чимхээд хамаагүй тоглодог юм билээ.
Б.А: -Анхандаа би их гайхсан, уурласан. Одоо дасаад тоохоо больсон. Өнөөдөр (уржигдар) бид үндэсний шигшээ багийн тамирчидтай бэлтгэл хийсэн. Ерөөсөө тоглож, үймүүлдэггүй юм байна.
-Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Баттүвшинтэй авахуулсан зургаа цахим хуудсаа нийтлэн, магтсан байна лээ. Тэр постыг уншсан уу?
-Уншсан. Маш их аз жаргал мэдэрсэн. Цагаанбаатар ах өчигдөр надтай дахин уулзаад “Миний дүү хол явна аа” гээд инээсэн.
-Монголд сонирхлыг нь юу хамгийн их татаж байна вэ?
Б.Б: -Би Монголд анх удаа ирлээ. Өвөө, эмээтэйгээ анх удаа уулзсан, ямархуу хүмүүс байдаг бол гэж бодсон. Надад зөндөө бэлэг өгсөн. Онгоцны буудлаас буухад фермд байгаа юм шиг үнэр үнэртсэн.
Манай хотод цас ордоггүй, өндөр байшингүй. Анх удаа цас харахад сонирхолтой санагдсан, атгахад хүйтэн мэдрэмж төрсөн. Гудамжаар жаахан хүүхэд ганцаараа явж байгааг хараад гайхсан шүү. Хүн аваад явчихвал, нохой урчихвал яана.
Б.А: -Надад ч бас фермд байгаа юм шиг үнэртсэн. Намайг таван настай байхад манайх Америк руу нүүсэн юм. Даан ч Монголд амьдарч байснаа ерөөсөө санадаггүй. Зүлэг, ногоо ихтэй, дүүрэн малтайгаар төсөөлдөг байв.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
Б.Б: -Жүдогоор тууштай хичээллэн, олимпын аварга болохыг мөрөөддөг. Манай ах сагсан бөмбөгчин болохыг хүсдэг.
Б.А: -Аав, ээж хоёр шигээ мундаг хүн болохыг л хүсдэг.
-Гэрээ санаж байгаа нь мэдээж. Ээждээ бэлэг авсан уу?
Б.Б: -Ээждээ хөргөгчний наалт, дүүдээ хүзүүний зүүлт авсан. Би аав, ах хоётойгоо үлдэн, маргааш (өчигдөр) тэмцээнд оролцоно. УАШТ-д оролцсон шигээ л барилдана. Сандралгүй, зоригтой барилдаарай гэж багш захисан.
Б.А: -Би эхээс дөрвүүлээ, гурван дүүтэй. Ээждээ бэлэг аваагүй ээ. Хурдан л харьж, ээждээ үнсүүлэхийг хүсэж байна.