Буриадын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохиодог “Максимаха-2018” олон улсын марафон уралдаан Байгаль нуурын мөсөн дээр болов. 300 гаруй цаначин хурд сорьсон тус тэмцээнд манай улсаас Пёнчаны олимпод оролцсон Б.Ачбадрах, ОУХМ С.Дүүрэнбаяр, спортын мастер Э.Ариунзул тэргүүтэй 31 тамирчин өрсөлдөн, зургаан медаль хүртэн, тавдугаар байрт нэг цаначин шалгарчээ.
Эмэгтэйчүүдийн 30 км-ийн зайн уралдаанд Э.Ариунтунгалаг, эрэгтэйчүүдийн 10 км-т А.Билгүүн, өсвөр үеийн хөвгүүдийн 1.5 км-т Б.Өсөхбаяр нар түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэв. Мөн эмэгтэйчүүдийн 30 км-т Э.Ариунзул мөнгө, А.Энхтуул хүрэл, эрэгтэйчүүдийн 20 км-т спортын мастер Д.Мөнх-Оргил мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.
Хоёр төрөлд хурд сорьсон А.Энхтуул спринт зайд тавдугаар байрт шалгарсан юм. Тэмцээнд Монголоос тамирчдаас гадна долоон дасгалжуулагч, албаны хүмүүс нийлээд 53-уулаа Буриадыг зорьжээ.