Монголчууд багийн спортын төрлөөр олимпын эрх авах, тэр ч бүү хэл медаль хүртэх бүрэн боломжтойг сүүлийн үеийн олон улсын тэмцээн уралдаанаас харж болно. Өнгөрсөн жил сагсан бөмбөгийн 3х3 төрөл Токиогийн олимпын хөтөлбөрт албан ёсоор багтсан нь Монголын тамирчдад томоохон боломж олгосон юм.
Одоогоос гурван жилийн өмнөөс энэ төрлөөр хичээллэж эхэлсэн манай тамирчид өдгөө чансаагаараа Азид тэргүүлж, дэлхийд 11 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа нь гадаадынхны анхаарлыг их татдаг юм билээ. Монголын сагсан бөмбөгчид оюутны ДАШТ, Азийн АШТ-ээс медаль хүртэн, чансаа, цар хүрээгээрээ олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг “Их дуулга” ангиллын тэмцээнд хүртэл оролцоод амжив.
Түүгээр ч үл барам өнгөрсөн жил чансаагаараа дэлхийд 20-д багтан, насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртөлсөн нь яахын аргагүй бахдам амжилт. Үүний сацуу цөөнгүй тамирчин олон улсад танигдан, гадныхны анхаарлыг татаж, багийн тэр тусмаа сагсан бөмбөгийн спортоор монголчууд өндөр амжилт гаргах боломжтойг нотолсоор байна.
Тэдний нэг бол “Улаанбаатар Гаруда”, “Ховдын шонхрууд” багийн тамирчин Готовын Цэнгүүнбаяр юм. 3х3 төрлөөр жил гаруйн хугацаанд хичээллэж байгаа тэрбээр чансаагаараа монгол тамирчдыг тэргүүлж, дэлхийд 44 дүгээрт эрэмбэлэгддэг.
Г.Цэнгүүнбаяр “Улаанбаатар Гаруда” багийнхныхаа хамт насанд хүрэгчдийн Азийн АШТ-д түрүүлж, Азийн элсний наадам, Азийн танхимын болон тулааны спортын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн төдийгүй Монголоос анх удаа “Их дуулга”-д өрсөлдөн, манай сагсан бөмбөгчдийн амжилтын салхийг хагалсан гавьяатан.
Өдгөө 28 настай тэрбээр хэдхэн хоногийн өмнө үндэсний супер лигийн хошой аварга болохдоо MVP буюу шилдэг тамирчны шагнал хүртсэн юм. Түүнд үндэсний супер лигийн хошой алт, мөнгө, хүрэл, 21 аймгийн үндэсний лигийн хоёр мөнгөн медаль бий. Монголын сагсан бөмбөгчдөөс анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж буй түүнтэй ярилцлаа.
-Саяхан ДАШТ-ий сугалаа гарч, “Улаанбаатар Гаруда” багийнхан С хэсэгт ОХУ, Бразил, Канад, Филиппинийн сагсан бөмбөгчидтэй учраа таарсан. Дэлхийн дэвжээнд нэлээд чансаатай багуудтай өрсөлдөх нь. Тэдэнтэй хэрхэн тоглохоор төлөвлөж байна вэ?
-Манай багийнхан “үхэл”-ийн хэсэгт багтсан гэхэд хилсдэхгүй. Бид дэлхийн ихэнх шилдэг багтай тоглоод үзчихсэн болохоор өрсөлдөгчдөө сайн мэднэ. Өнгөрсөн жил дэлхийд чансаагаараа өнгөлж буй Словени, Сербийн сагсан бөмбөгчдийг хожсон. Тэр бүхэн бидэнд туршлага болох нь гарцаагүй. Ер нь манай багийнханд дэлхийн шилдгүүдээс дутах юм байхгүй.
Бүх зүйл бидний хичээл, зүтгэл, хөдөлмөрөөс шалтгаална. Дэлхийд чансаагаараа тэргүүлж буй 20 багт ДАШТ-д өрсөлдөх эрх олгодог. Жилийн өмнө багийн болон хувийн чансаагаа тэгээс эхэлсэн, бид. Өнгөрсөн онд найман тэмцээнд амжилттай оролцон, цөөнгүйгээс нь медаль хүртээд чансаагаараа дэлхийд 11-д эрэмбэлэгдсэнээр ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртөлсөн юм.
Манай багийнхан дэлхийн дэвжээнд хүч сорихоосоо өмнө Азийн АШТ тэргүүтэй нэлээд хэдэн тэмцээнд тоглохоор төлөвлөсөн. ДАШТ-д өндөр амжилт гаргахад нэлээд дэм, туршлага болно.
... Дэлхийд чансаагаараа тэргүүлж буй 20 багт ДАШТ-д өрсөлдөх эрх олгодог. Жилийн өмнө багийн болон хувийн чансаагаа тэгээс эхэлсэн, бид. Өнгөрсөн онд найман тэмцээнд амжилттай оролцон, цөөнгүйгээс нь медаль хүртээд чансаагаараа дэлхийд 11-д эрэмбэлэгдсэнээр ДАШТ-д өрсөлдөх эрх өвөртөлсөн юм...
-Хэтэрхий олон тэмцээнд дараалан оролцвол ядрах, бэлтгэл цөмрөх эрсдэлтэй.
-Тийм шүү. Бэлтгэл, тэмцээн гээд бүх зүйлийг манай холбооны удирдлага, С.Тулга дасгалжуулагч тохируулдаг болохоор санаа зовохгүй байна. Бид дээрх тэмцээнүүдэд эх орондоо ирэн, очин оролцох юм. Хамгийн сүүлчийнх нь тэмцээн ДАШТ-ээс гуравхан хоногийн өмнө Монголд болно. Жинхэнэ алаан болох байх.
-Танай багийнхан жилийн өмнө чансаагаа тэгээс эхэлсэн ч өдгөө Азид тэргүүлж, дэлхийд 11-д эрэмбэлэгдэж буйн нууц юу вэ?
-Ер нь 3х3 төрлийн дүрмийг сурах, тоглолтод нь дасахаас авахуулаад бүхнийг тэгээс эхэлсэн л дээ. Биднийг үргэлж дэмждэг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо, монгол түмний л ач.
-Монголчууд 5х5 бус, 3х3 төрөлд илүү амжилт гаргаж байна. Үүнд юу хамгийн их нөлөөлдөг бол?
-Монголын олонх хүүхэд байрны гадаа болон гудамжинд сагсан бөмбөг тоглож өсдөг. Ихэнхдээ жижиг талбайд тоглодог болохоор олуулаа өрсөлдөх боломж хомс. Ер нь л гурав, гурваараа баг болоод тоглодог шүү дээ. Би ч бас тэгж л өссөн. Энэ бүхэн бидний өнөөгийн амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь мэдээж. Нөгөө талаар монголчууд авьяастай, хэр баргийн зүйлийг амархан сурдаг нь бидний давуу тал.
-Сагсан бөмбөг өндөр нуруу, биеийн хүч шаарддаг спорт. Монголчууд дэлхийд намхан нуруутайд орно. Гадаадынхнаас дутуугаа юугаар нөхдөг вэ?
-Манай багийнхан бүгд жигд нуруутай, 190 см-ээс өндөр болохоор чацаар нэг их дутдаггүй. Би 28 настай, 193 см өндөр, 80 кг жинтэй. Дэлхийн чансааны оноотой 10 мянга гаруй тамирчнаас манай багийн Дөлгөөн 46, Дэлгэрням 48, Цэрэнбаатар 64-т эрэмбэлэгдэж байна. Бие биенээ хурдан нөхдөг, хамгаалалт, довтолгоонд жигд тоглодогоороо ялгардаг.
-“Улаанбаатар Гаруда” багийг бүрдүүлсэн үеийн дурсамжаасаа хуваалцана уу. Өөр өөр багт тодорхой орон зайтай тамирчид бие биенээ хүлээн зөвшөөрч, дасахад хүндрэл хэр гарав?
-Манай багийг С.Тулга дасгалжуулагч бүрдүүлсэн. Цэрэнбаатар, Дөлгөөн бид гурав “TLG-13” багт тоглож байсан, Дэлгэрням олонтой, хүлээцтэй, ухаалаг болохоор манай багийнхан атгасан гар мэт нэгдэхэд амархан байсаан. Бид хамтдаа өрсөлдсөн анхны тэмцээн болох Наньжины гран пригээс хүрэл медаль хүртэн, Японы “Их дуулга”-д оролцох эрх авсан.
Олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг тус тэмцээнд зөвхөн эрх авсан баг оролцдогоороо онцлогтой. “Их дуулга”-д хүч сорихдоо Словенийн багийг хожоод Японы сагсан бөмбөгчдөд нэг оноогоор дийлдсэн. Хэсгээсээ хоёроор гарч, дагах тойрогт Сербийн “Земун” багийг хожин, IV байрт шалгарсан юм. Наньжины гран пригээс өмнө багаараа бус өөр, өөр тамирчидтай хамт хэд хэдэн тэмцээнд оролцсон нь амжилтад их нөлөөлсөн.
Дөлгөөн л гэхэд оюутны ДАШТ-ээс медаль авсан, Цэрэнбаатар, Дэлгэрням, Нямбаяр бид дөрөв Азийн элсний наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаачихсан байсан л даа. 3х3 төрлөөр оролцсон хамгийн анхны тэмцээн маань тэр.
-Энэ жил “Их дуулга”-д өрсөлдөх үү?
-3х3 тэмцээний шинэ улирал энэ сард эхэлсэн. Мэдээж гран при ангиллын тэмцээнээс медаль хүртэн, “Их дуулга”-д оролцохын төлөө зүтгэлгүй яах вэ. ДАШТ-ээс өмнө тус тэмцээн болохгүй.
-Монголын тамирчдад сул тал бий юү. Ихэвчлэн ямар шалтгааны улмаас хожигддог вэ?
-Харьцангүй гайгүй. Ур чадвар, бэлтгэлийн орчин, нөхцөлөөр бараг дутахгүй. Монголд сагсан бөмбөг тоглоод амьдрах боломжгүй. Бид ажлынхаа хажуугаар амжилтын төлөө зүтгэдэг болохоор бэлтгэлдээ 100 хувь анхаарал хандуулж, цаг гаргаж чаддаггүй. Ажлын ачаалал, нийгмийн стресс гээд амжилтад сөргөөр нөлөөлөх зүйл бишгүй.
Би “Голомт” банкинд ажилладаг. Тэмцээнд оролцохдоо ажлаасаа чөлөө авдаг. Ажил тарсан үед эсвэл ажлын бус цагаар л бэлтгэлээ хийдэг. Монголын бүх тамирчин ийм бэрхшээл туулж яваа. Энэ бидний сул тал юм болов уу. Бусад орны тамирчид зөвхөн бэлтгэл, тэмцээндээ бүхнээ зориулдаг нь амжилтад ташуур болдог байх.
-3х3 төрөл олимпын хөтөлбөрт багтсанаас хойш улс, орнууд нэлээд анхаарал хандуулж, тамирчдаа дэмжиж байгаа юм билээ. ДАШТ-д амжилт гаргахаас өмнө Азийн хошой аварга болох зорилготой байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Бид өнгөрсөн онд эх орондоо түрүүлж, Азийн аварга болсон. Азийн дэвжээнд өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг. Тэгээд бүр Монголдоо аваргалж, анхдагч болсноороо бахархдаг. Тэр үед сэтгэл үнэхээр их хөдөлж, догдолсон шүү.
Аварга болох амархан, аваргаа хамгаалах хэцүү гэдэг. Өнөө жил цолоо хамгаалах, хошой аварга болох зорилготой.
-Ээж тань сагсан бөмбөгийн дасгалжуулагч юм билээ. Таныг эл спорттой амьдралаа холбоход нөлөөлсөн байх?
-Нэлээд нөлөөлсөн шүү. Ээж залуудаа сагсан бөмбөг тоглодог байсан, спортын мастер цолтой. Би эл спортоор 12 жил хичээллэж байна. Төдийгөөс өдий хүртэл ээж минь намайг дэмжиж, магтахдаа магтан, зэмлэхдээ зэмлэсээр ирсэн. Би эхээс хоёулаа. Манай гэрийнхэн нуруулаг.
-Энэ жилээс “Ховдын шонхрууд” багт тоглож байгаа. Яагаад багаа сольсон юм бэ. Ховд аймгийн гаралтай юм уу?
-Үгүй ээ, би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Э.Дөлгөөн 5х5 төрөлд нэг багт тоглох санал надад тавьсан юм. Энэ жил 21 аймгийн үндэсний лигт Архангай аймгийн багт дийлдэн, мөнгөн медаль хүртсэн.
-Ер нь нэг тоглолтод хэчнээн оноо, самбараас бөмбөг авдаг вэ?
-Энэ талаар ёстой судалж байгаагүй юм байна аа. Лав 2012 бил үү 2013 оны нэгэн тоглолтод 37 оноо авснаа л санаж байна. Оноо авах гэж нэг их дайрдаггүй, оновчтой дамжуулалт өгч, хамгаалаад багийн тоглолтод анхаардаг. Багаараа сайн тогловол болно доо гэж боддог.
-Сагсан бөмбөгөөс өөр спорт сонирхдог уу?
-Сагсан бөмбөг тоглох ганцхан авьяастай.
-Хэнээс үлгэрлэж явдаг вэ?
-Дуэйн Уэйдийг дэмждэг. Багтаа буцаж очоод ёстой гялалзаж байна, овоо доо.
-Энэ жил NBA-д ямар баг түрүүлэх бол. Таны таамгийг сонирхож болох уу?
-Олон жил “Кливленд кавальерс”, “Голден стэйт уорриорс” хоёрын тулаан спортын хорхойтнуудын сэтгэлийг баясгаж, сагсан бөмбөгийн өнөөгийн хөгжлийг тодорхойлж байна. Энэ онд ч бас тэд аваргын төлөө өрсөлдөх болов уу. Хэрвээ тэгвэл “Кливленд” түрүүлэх байх.
-Монголчууд 3х3 төрлөөр олимпод оролцох боломж байгаа нь мэдээж. “Токио-2020”-д өрсөлдөхийн тулд ямар болзол хангах учиртай вэ?
-Чансаагаараа дэлхийд эхний наймд багтаж эсвэл тивдээ тэргүүлсэн орны баг “Токио-2020”-д өрсөлдөх боломжтой. Бид өнөөгийн амжилтаа ахиулан, чансаагаа 2020 он хүртэл хадгалж чадвал Токиогийн олимпод оролцоно. Тамирчин бүхэн олимпын наадамд өрсөлдөхийг мөрөөддөг.
Бид олимпын хөтөлбөрт багтахаас нь өмнө 3х3 төрлөөр хичээллэж эхэлсэн болохоор анхандаа ийм сайхан боломж олдоно гэж төсөөлөөгүй. Тамирчны амжилт залуу насных. Дахиад ийм боломж гараа ч үү, үгүй ч үү. Тийм болохоор үүнийг алдмааргүй байна. Бүр лавхан атгаад, медаль хүртэхийг хүсдэг.