Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны УАШТ-ий нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Д.Алтансүх, Монголын жүдо академийн дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ тэргүүтэй МЖБХ-ны тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарт Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээлээ.
Баасан гарагт Спортын төв ордны “А” танхимд эхэлсэн УАШТ-д 200 гаруй тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 81, 90, -100, +100 кг, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон.
Өнөөдөр эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Энэ жилийн улсын аварга тэмцээний ерөнхий шүүгчээр Европын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал, олимпийн зэрэглэлийн шүүгч, Австри улсын иргэн Арнолд Гмэйнер ажиллаж байна.
Өчигдөр цөөнгүй сонирхолтой барилдаан гарсан бөгөөд олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн бөхчүүдээс эхний тойргоос хасагдсан бол шилдэг жүдочид ч аварга цолоо хамгааллаа.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн 70 кг-д “Гуанжоу-2010”, “Инчеон-2014” Азийн наадмын хүрэл медальт, Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, ХУД, “Женко” клубын тамирчин ОУХМ Ц. Наранжаргал найм дахь түрүүгээ хүртсэн бол +78 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхтуяа дөрөв дэх удаагаа улсын аварга болов.
Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-д цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана, -100 кг-д “Инчеон-2014” наадмын хүрэл медальт, Абу-Дабигийн “Их дуулга”-ын аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Л.Отгонбаатар, +100 кг-д залуучуудын болон цэргийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д Увс аймгийн тамирчин, спортын мастер Ц.Батцэцэг улсын хошой аварга болсон юм.