“Монгол бол чөлөөт бөхийн түүх, уламжлалгүй, тэр ч бүү хэл дэлхийн хэмжээний бөхгүй орон” хэмээн энэ жил Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс хасагдсан ОХУ-ын шигшээ багийн алхах дасгалжуулагч З.Тедеев хэлсэн. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос оросуудын оронд Монголын шигшээ багийнхныг өрсөлдүүлсэн нь түүнийг ийн эгдүүцэхэд хүргэсэн бололтой.
2017 оны ДАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн найман орны бөхчүүд зодоглосон тэмцээнд оросуудаас гадна сүүлийн зургаан жил дараалан түрүүлсэн Ираны тамирчид зодоглоогүй тул манайхан Тедеевийн бурууг батлах, түүгээр ч үл барам түрүүлэх бүрэн боломж байв. Харамсалтай нь, тэд энэ боломжийг ашиглаж чадалгүй дахиад л зургадугаар байрт шалгарлаа.
47 дахь удаагийн Дэлхийн цомын B хэсэгт багтсан Монголын бөхчүүд эхний тойрогт Казахстаны тамирчдыг 6:4-өөр ялсан ч Куба, Азербайжаны багт 7:3-аар дийлдсэн. Улмаар тавдугаар байрын төлөөх барилдаанд залуу бүрэлдэхүүнтэй Гүржийн бөхчүүдэд 6:4-өөр ялагдлаа. Дашрамд өгүүлэхэд, Монголын эрчүүд тус тэмцээнд 10 удаа оролцохдоо хоёр мөнгө (1975, 1987), нэг хүрэл (1981) медаль хүртэн, 1986, 2002 онд дөрөв, сүүлийн дөрвөн жил дараалан зургадугаар байрт шалгараад байна.