Олимпын аварга болох мөрөөдөлтэй олон хүүхэд спортоор хичээллэж, хөлсөө дуслуулж яваа. Тэд бүгдээрээ аварга болохгүй, цөөхөн нь амжилтад хүрч, зарим нь багш, дасгалжуулагч, спортын зүтгэлтэн, үлдсэн нь маш сайн үзэгч, сонирхогч болно. Манай сурвалжилгын баатар аль нь ч байж мэднэ. Өрсөлдөөн дундаас үнэхээр авьяас чадвар, хүч чадалтай нь л тодорч гарна.
Спортод үнэн сэтгэлээсээ дурлан хичээллэж буй мянга мянган хүүхдийн төлөөлөл болсон Мөнхбатын Пүрэвтунгалаг, Өлзийсайханы Пүрэвсүрэн нараар дамжуулаад XXI зууны Монголын хөдөөд хүүхдүүд хэрхэн өсөж торнин, сурч хүмүүжиж буй, тэдний хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл ямар байгааг харуулахаар “Медальд хүрэх зам” реалити сурвалжилгаа эхлүүлээд байгаа билээ. М.Пүрэвтунгалаг, Ө.Пүрэвсүрэн нар Баянхонгор аймгийн чөлөөт бөхийн өсвөрийн шигшээ багийн тамирчин юм.
САЙНААС НЬ ЭХЭЛЬЕ
Гар утсанд маань дуудлага ирэв. Хэдхэн хоногийн өмнө өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн М.Пүрэвтунгалагийн ээж С.Наранчимэг сайхан мэдээ дуулгахаар холбогджээ. Охин нь Азийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон гэнэ. Өмнө нь аймгаа төлөөлөн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог байсан бол энэ удаа улсаа төлөөлөн тивийн аваргын тэмцээнд оролцох эрх авчээ.
Тамирчин хүнд үүн шиг сайхан зүйл юу байх вэ. Монгол Улсын тамирчин хэмээн тив, дэлхий, олимпын дэвжээнд зарлуулах нь, тэнд төрийн далбаагаа мандуулж, амжилт гаргах нь тамирчин бүрийн мөрөөдөл, туйлын зорилго шүү дээ. Чөлөөт бөхөөр хичээллээд гурван жил гаруйхан болж буй охин тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан нь түүний хэр ирээдүйтэй бөх болохыг илтгэж буй хэрэг биз.
Үеийнх нь охид, хөвгүүд амттан, тоглоом эргүүлж явахад М.Пүрэвтунгалаг бэлтгэлийн танхимд хөлсөө дуслуулж байдаг. Тэр улсынхаа нэрийг тив, дэлхий, олимпод дуудуулсан тамирчин болох мөрөөдөлтэй. Түүнийхээ төлөө маш шаргуу хичээллэж, өмнөө зорилго тавин, тухай бүрт нь түүндээ хүрч, тэмцээнээс тэмцээнд зорилгоо улам томруулах ёстойгоо сайн мэддэг.
Тийм ч учраас аймгийн төвийн хойд зах дахь гэрээсээ үүрийн үнэгэн харанхуйгаар гарч, хичээлээ тарангуут бэлтгэлийн танхим руугаа гүйн, хувцас нь хөлсөндөө нэвт норохыг ч үл ажран, багшийнхаа заасан бүхнийг шингээж авахын төлөө мэрийсээр шөнө дөл болсон хойно гэрийн бараа харахдаа жаргалтай байдаг. Ахлах ангийн сурагчийн хичээл, айлын том охины үүргийг цалгардуулахгүй амжуулж, юу юунаас илүү бэлтгэлдээ цаг зав, эрч хүчээ зориулан, багшийнхаа ир гэсэн цагаас өмнө очиж, яв гэсэн цагаас хойно явах нь түүний өдөр тутмын амьдралын хэмнэл. Зүтгэлтэй хүнийг бурхан шагнадаг билээ.
ОДОО ТААРУУХАН НЬ
Уйгагүй зүтгэл, зорилгодоо хүрэх тэмүүлэл, хөдөлмөрийнхөө хүчинд тэр энэ сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорих болзол хангасан ч замын зардалгүйгээсээ болоод тэмцээндээ явж чадахгүйд хүрч тун магадгүй байна.
Цөөхөн бог, саалийн хэдэн үнээтэй, мал даган амьдарч байсан С.Мөнхбатынх хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөх гэж аймгийн төв бараадаад арваад жилийн нүүр үзэж буй. Өнгөрсөн хугацаанд С.Мөнхбат эхнэр С.Наранчимэгийнхээ хамт суурин газарт хөлөө олох гэж юм юм л хийж үзжээ. Хүмүүстэй нийлэн зайрмагны цех ажиллуулж, машин авч, жолооны дамжаанд гэрээгээр багшлахаас эхлээд мөнгө олох олон ажил хийсэн ч хүн цөөнтэй, зах зээл багатай орон нутагт тэр болгон санаан зоргоор бүтэлтэй болдоггүйн гачлан тэднийг тойрсонгүй.
Одоо тэднийх тодорхой орлогогүй, жолооны дамжаанд суралцагсдын дадлагын хичээлд ашиглах гэж авсан машинаараа таксинд явж, ойр зуурын хэрэглээний мөнгөө олдог. Орон нутагт хөлсний тэргээр хотынх шиг км-ээр тооцож явдаггүй, хямд тарифаар үйлчилдэг. Баянхонгорт такси үйлчилгээ эрхлэгчид засмал зам дагуу хэдэн км явсан ч 500, замаас гарч гэрт нь хүргэвэл 1000 төгрөг авдаг юм билээ. Олсон орлого нь зургаан хүүхэдтэй найман ам бүлийн хоногийн хоолноос хэтрэхгүй.
Амьдралаа арай гэж залгуулж буй ээж, аав нь охиныхоо замын зардал дөрвөн сая төгрөгийг олох гэж хэд хэдэн компанийн хаалга татаж, туслах болов уу гэсэн хүмүүст хандсан ч амны гарз болоод өнгөрсөн гэнэ. Эдийн засгийн хямрал, гантай зун, хахир өвлийн дараа орон нутгийнхан тамирдуу байгаа учир замын зардал олдох найдвар тун бага байгаа талаар ээж нь хэлсэн.
Хэрэв охин энэ тэмцээнд явж чадахгүй бол насаараа харамсаж явах юм биш байгаа, Хонгор нутгаас төрөх нэгэн сайн тамирчны хувь заяа энэ тэмцээнээр шийдэгдэх ч юм бил үү гэсэн бодол үүнийг бичихэд хүргэлээ. Баянхонгороос гаралтай бизнесмэн, улстөрч, нэр алдартай эрхэм олон бий. Ерөнхийлөгч Х.Баттулга Хонгор нутгийнх. Энэ аймаг алтны баялаг нөөцтэй. Түүнийг нь олборлон баяжсан хүн цөөнгүй. Тэгэхээр энэ бүхнээ бодоод итгэл найдвар дүүрэн яваа охинд тусламжийн гараа сунгаач гэж Та бүхнээс хүсье.
М.ПҮРЭВТУНГАЛАГ ГЭЖ ХЭН БЭ ГЭДГИЙГ ДАХИН САНУУЛЪЯ
“Пүрэвтунгалаг багаасаа л борог өссөн. Хоёр ой дөнгөж хүрч байхдаа ихэр дүүтэй болж, ээжийн өврөөс гарсан. Тэгэхэд манайх хөдөө байлаа. Аав нь мал хуй гээд гэрт байхаасаа байхгүй нь их, би ихэртээ түүртээд түүнд анхаарал тавьж чадахгүй болохоор охин маань айлын хүүхдүүд дагаад гүйж явдаг болсон.
Нэг өдөр гэртээ орж ирэхгүй, гадаа дуу нь сонсогдохгүй нэлээд удахаар нь айлаас сураглатал хамт явсан хүүхдүүд нь гэртээ ирчихсэн, охин маань байдаггүй. Тэднийг хаана тоглосныг заалгаад очтол манай хүн голын эрэг тэгнэчихсэн унтаж байдаг байгаа. Хүүхдүүдтэй хамт гол руу очоод, буцахад нь эрэг өөд гарч чадахгүй, уйлж хэвтэж байгаад унтчихсан юм билээ.
Манай нутагт алтны уурхай нээгдэж, тэндхийн ажилчид “танкийн хар” гэгддэг зузаан хөвөнтэй, ажлын хувцастай хэрнээ бээрч байхад манай охин цасан дээр нүцгэн зогсож, нүдийг нь орой дээр нь гаргана. Зун наранд халсан чулуун дээр тоох ч үгүй суучихна. Манай нутаг тарвага ихтэй. Зун айл бүр тарваганы мах иднэ. Пүрэвтунгалагийн нүүр, ам тарваганы тосонд халтартчихсан, өтгөн хар үсэнд нь тарваганы өөх наалдчихсан явах энүүхэнд.
Нутгийнхан охиныг маань “Улаанаагийн онгорхой хар”, “Совингийн савдаг” (2000-аад оны үед гарч байсан киноны дүрийн нэр аж) гэх мэтээр хочилж, өхөөрддөг байж билээ. Ингэж борог өссөн болохоор бие нь чанга, хэрийн юманд янгуучилж, шантардаггүй болж өссөн” хэмээн ээж нь дурссан нь цуврал сурвалжилгын маань эхнийхэд орсон.
Ийм эгэл борог амьдрал дунд өссөн охин чөлөөт бөхийн спортод татагдан орсон нь гурван жилийн өмнө. “Бөхийн спортоор хичээллэмээр санагдаад сургуулийнхаа тэмцээнд орохдоо аавыг дагуулан очиж, үзүүлсэн юм. Гэтэл тэр тэмцээнд эхний барилдаандаа ялагдчихав. Аав “Чи барилдаж чадахгүй юм байна. Тэгээд ч эмэгтэй хүүхдэд бөхийн спорт дэмий. Наад бодлоо орхи” хэмээн эрс хориглосон.
Үүний дараа аав, ээжид хэлэлгүй өөр нэг тэмцээнд оролцож, ялагдчихаад зогсож байтал С.Мөнхдуулдах багш намайг дуудаж, “Хэрвээ чөлөөт бөхөөр тууштай хичээллэх сонирхолтой бол манай секцэнд ирээрэй” гэсэнд хагартлаа баярласан. Өмнө нь байнгын бэлтгэлгүй, сургууль дээр тэмцээн болохоор сонирхлоороо оролцдог байсан бол С.Мөнхдуулдах багшийн шавь болсноор байнгын, зөв бэлтгэл хийх, бөхийн мэх, техникийг мэргэжлийн хүнээр заалгах, томоохон тэмцээн, уралдаанд оролцох гээд тухайн үед мөрөөдөж ч байгаагүй боломжууд нээгдсэн.
Үүнийг дагаад илүү том асуудал тулгарсан. Надад бэлтгэл хийхэд тохиромжтой хувцас, тэмцээнд оролцохдоо өмсөх өмсгөлийн аль аль нь байсангүй. Трико, борцовк үнэтэй, ээж, аавын олдог мөнгө амьдралд хүрэлцэхгүй шахам байдгийг мэддэг учраас тэдэнд хэлэх зүрх хүрээгүй. Аав бөхөөр хичээллэхээ боль гэснийг ч хэлэх үү. Тийм үед надад ийм үнэтэй хувцас хэрэгтэй байна гэвэл бүр ч бүтэхгүй. Бэлтгэл хийхэд нэн тэргүүнд борцовк хэрэгтэй учраас хамт хичээллэдэг хүүхдээсээ хуучныг нь зээлээд авчихсан.
Нөгөө хүүхдийнхээ мөнгийг яаж өгнө дөө гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байхдаа “Өлзийт” гэдэг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв нээгдсэн, тэнд сурдаг хүүхдүүдэд сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг өгдөг тухай сонссон юм. Миний нас, хичээлийн цаг гээд бүх зүйл тохирч байсан учраас тэнд суръя, яаж ч байсан амжуулах ёстой гээд зүтгэчихсэн” хэмээн М.Пүрэвтунгалаг ярьсан.
Аавынхаа хоригоос зөрөн тамирчин болохоор шийдсэн тэрбээр чөлөөт бөхийн секцэнд орсноо аав, ээждээ хэлэлгүй хэдэн сар болж, энэ хугацаанд бэлтгэл хийхэд шаардлагатай хэрэглээний мөнгөө олохын тулд есдүгээр ангийн хичээлийнхээ хажуугаар МСҮТ-д суралцан, анхны 70 мянган төгрөгийн тэтгэлгээ аваад хүүхдээс зээлсэн борцовкныхоо мөнгийг өгч санаа нь амарсан гэдэг. 14 настай охин аймгийн баруун хойд зах дахь гэрээсээ үүрээр гарч, хичээлдээ очоод, 12.30 цагт аймгийн зүүн хойд захад орших “Өлзийт” МСҮТ рүү гүйж, тэндээс элбэг 4-5 км явж хүрэх бэлтгэлийн танхимдаа 16.00 цагт бэлэн зогсоно гэдэг амар зүйл биш. Энэ нь өдөр бүр давтагдана. Хүн зорилго тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин хүсэлтэй бол ямар ч ачааг даагаад гардгийн жишээ энэ.
Охин өдөр тутмын завгүй хэмнэлийнхээ завсар зайгаар гэр бүлийнхээ санхүүд тус нэмэр болох арга сүвэгчилсэн нь нэг биш. Бэлтгэлдээ хэрэглэх мөнгөө олохын тулд МСҮТ-д суралцаж, хуруун чинээ охин арай л их ачаалал үүрч буйг мэдсэн даруйдаа аав, ээж нь болиулсан гэнэ. Харин одоо улирлын амралтаараа ч юм уу, ачаалал бага үедээ цайны газарт туслах ажил хийдэг. Зах, худалдааны төвүүдийн хөл хөдөлгөөн ердийнхөөсөө хэд дахин ихэсдэг баярын өмнөх өдрүүдэд түүнд ажлын байр бий болно.
Хамаатныхаа эгчийн ажиллуулдаг зоогийн газарт хүн хүч дутсан, ачаалал ихтэй үед нь туслах ажил хийгээд өдөрт 10 мянган төгрөгийн цалин авдаг. Энэ мөнгөөр өөртөө хэрэгтэй зүйлээ авч, тэмцээн уралдаанд явахдаа зардалдаа нэмэрлэдэг бөгөөд заримдаа ээж, аавдаа өгдөг аж. Хүүхдүүдээ мөр бүтэн, гэдэс цатгалан явуулж, хүний зэрэгт хүргэх, амьдралаа өөрсдийн хүчээр болгох гэж чадлынхаа хэрээр зүтгэж байгаа ээж, аавдаа бага ч болов нэмэр болох нь охины хувьд том үйлс бүтээж буй мэт санагддаг гэнэ билээ.
Тэр ийм л эгэл амьдрал дунд өсөж буй хөдөөгийн мянга, мянган хүүхдийн нэг. Гэхдээ тэр том мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө бүх боломжоо шавхан зүтгэж яваа.