Ча Бум Кун. 1953 оны тавдугаар сарын 21-нд БНСУ-ын Хвасун хотноо төрсөн. Биеийн өндөр 181 см. Довтлогч, хагас хамгаалагчаар тоглодог байсан.
ТОГЛОЖ БАЙСАН БАГУУД:
1978-1979 Дармштадт (ХБНГУ)
нэг тоглолт (0 гоол)
1979-1983 Айнтрахт (ХБНГУ)
122 тоглолт (46 гоол)
1983-1989 Байер (ХБНГУ)
185 тоглолт (52 гоол)
Шигшээ багтаа 121 тоглолт хийж, 55 бөмбөг оруулжээ. БНСУ-ын шигшээ багт анхны тоглолтоо 1972 оны тавдугаар сарын 7-нд Ирактай, сүүлчийн тоглолтоо 1986 оны зургадугаар сарын 10-нд Италийн эсрэг хийсэн юм.
Зодог тайлсныхаа дараа 1991-1994 онд “Ульсан Хьюндай”(БНСУ), 1997-1998 онд БНСУ-ын шигшээг, 1998-1999 онд “Шиньян Пинган” (БНХАУ), 2004-2010 онд “Сувон Самсунг” (БНСУ) багийг дасгалжуулж байв.
АМЖИЛТ:
1978 оны Азийн тоглолтын, 1980, 1988 оны UEFA-гийн цомын, 1981 оны Германы цомын аварга. 1972 оны Азийн АШТ-ий мөнгөн медальтай. XX зууны Ази болон Өмнөд Солонгосын шилдэг хөлбөмбөгчин.
Хэдийгээр ид гялалзаж явахдаа найман жил гаруй улсынхаа шигшээд уригдаагүй ч Ча Бум Кун үндэсний шигшээ багтаа хийсэн тоглолт, оруулсан бөмбөгийнхөө тоогоор дээгүүрт бичигддэг нэгэн. Түүний амжилт үүгээр тогтохгүй, Бундеслигийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцож, хамгийн олон гоол оруулсан гадаадын тоглогчоор тодорч байв.
Тэрбээр 1971 онд БНСУ-ын залуучуудын шигшээ, ердөө жилийн дараа насанд хүрэгчдийн багийнхаа лидер нь болж чадсан юм. 1972 онд Тайландад болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж анхны томоохон амжилтаа гаргажээ. Тэр тэмцээнд залуухан Ча багийнхаа гол тоглогчийн хувиар тэмцээн бүрт оролцож, нэг гоол оруулжээ. Солонгосчууд финалд Ираны багт 1:2-оор дийлдсэн байна.
1973 онд 20 настай Ча УАШТ-ийхээ шилдэг тоглогчоор шалгарав. Гэхдээ тэр үед Өмнөд Солонгост мэргэжлийн лиг гэж байсангүй, их сургуулийн хэдэн багууд тус улсын хөлбөмбөгийн хөгжлийг тодорхойлдог байлаа. Хаа очиж Зүүн Өмнөд Азийн орнууд жил бүр Мердекийн цомын тэмцээн гэгчийг зохион явуулдаг байсан нь шигшээ багт байнга тоглох боломж олгож байж. 1978 оны Азийн наадамд амжилттай тоглон түрүүлэхэд нь Европын багийн скаутууд түүнийг олж харжээ. Лихтенштейнд төвтэй эл байгууллагын скаутууд тэр үед авьяаслаг залуу тоглогч олж авахаар Азиар хэсүүчилж явсан аж.
Ингээд Ча Бундеслигийн “Дармштадт” багтай гэрээ байгууллаа. Хүссэн болгон хүний нутагт од болон гялалзаж чаддаггүйн адилаар эхэндээ тийм ч сайхан байсангүй. Ихэвчлэн хоёрдугаар багт тоглоно. Амжилтад хүрэхийн тулд хэл сурах ёстойг ойлгосон Ча чөлөөт цагаараа герман хэлийг шаргуу судалж байв. Нэгдүгээр багтаа ердөө ганцхан удаа тоглосон түүнийг “Дармштадт” хойтон нь Франкфуртын “Айнтрахт”-д 25 мянган маркаар зарсан юм. Гэвч Бум Кун хавьгүй өндөр үнэ хүрэх тоглогч болохоо нотолж, ирсэн жилээ л клубийнхээ мэргэн буучаар шалгарав.
1980 онд “Айнтрахт” түүхэндээ анх удаа UEFA-гийн цом хүртлээ. Шигшээ тоглолтод “Борусси” (Мюнхенгладбах)-г 2:3, 1:0-ээр буулгаж авахад Ча гоол хийгээгүй ч тэр тоглолтын шилдгээр нэрлэгдэв. Дээрх амжилтыг нь харгалзан түүнийг дэлхийн бэлгэдлийн шигшээ багт багтаалаа. Мөн 1980 онд ууган хүү Ча Ду Ри нь мэндэлсэн юм. Ча Ду Риг 2002 оны ДАШТ-ий шөвгийн 16-д Италийн эсрэг гайхамшигтай тоглож багийнхаа ялалтад гол үүрэг гүйцэтгэсэн, эцгийнхээ замналаар Германы “Армини”, “Айнтрахт” багт тоглож байсан гэдгээр нь хөлбөмбөг сонирхогчид мэдэх буй за. 1981 онд “Айнтрахт” Германы цомын аварга боллоо.
Тэд шувтаргын тоглолтод “Кайзерслаутерн”-ыг буулгаж авахад солонгос довтлогч нэг бөмбөг нэмэрлэсэн бөгөөд тэр улиралд бас л багийнхаа мэргэн буучаар шалгарсан аж. Эдгээр амжилтаараа Ча Бум Кун “Айнтрахт”-ын бүх үеийн түүхэн дэх шилдэг тоглогч болсон юм.
1983 онд түүнийг “Байер” 1.35 сая маркаар худалдан авлаа. Леверкузений багт тэрбээр 185 тоглолтод 52 гоол хийсэн нь Ульф Кирстен, Кристиан Шрайер, Герберт Ваас нарын дараа дөрөвдүгээрт орох амжилт. Тухайн үед талбайд хоёроос илүү гадаадын тоглогч гаргахгүй дүрэм, журамтай байсан ч үндсэн бүрэлдэхүүн дэх солонгос эрийн байр суурь ганхашгүй байлаа. Тэрбээр Германы дээд лигт 33 нас хүртлээ довтлогчоор тоглосон нь нэгэн өвөрмөц амжилт. “Байер”-т хүчин зүтгэсэн сүүлийн улиралдаа хагас хамгаалагчаар тоглосон бөгөөд тэгэхэд Бундеслигт эхний бөгөөд эцсийн шар хуудас авч үзжээ.
1988 онд Ча Бум Кун хоёр дахь удаагаа UEFA-гийн цомд түрүүллээ. Энэ удаа шигшээ тоглолтод Испанийн “Эспаньол”-той тулав. Каталонд болсон эхний тоглолтын 18 дахь минутад Ча гэмтэл авч талбайг орхисон бөгөөд баг нь 0:3-аар бутниргүүлсэн аж. Германд болсон хариу тоглолтын эхнээс л талбайн эзэд шаргуу довтолсоор эхний 45 минутад тооны харьцааг 2:0 болгов. Улмаар цаг дуусахаас есөн минутын өмнө солонгос легионер тэнцээний бөмбөгийг оруулж, эцэст нь торгуулийн цохилтоор леверкузенчүүд ялсан түүхтэй.
Бундеслигт нэр алдраа цуурайтуулж явахдаа найман жил гаруй шигшээдээ тоглож амжаагүй Ча 1986 оны ДАШТ-д БНСУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглолоо. Харамсалтай нь солонгосчууд аварга болох ерөөлтэй Аргентинд 1:3, өмнөх дэлхийн аварга Италид 2:3-аар хожигдон Болгартай 1:1-ээр тэнцсэнээр хэсгээсээ гарч чадсангүй. Тэрбээр үндэснийхээ шигшээ багт 121 тоглолт хийж (дэлхийд 24 дүгээрт орох үзүүлэлт), 55 гоол (13 дугаарт орох үзүүлэлт) оруулсан юм. Ид гялалзаж явсан үедээ урт завсарлага аваагүй бол ч...
1989 онд Ча Бум Кун зодог тайлж, эх орондоо эргэн ирээд дасгалжуулагчийн албанд хүч сорих боллоо. Удирдсан анхны баг нь “Ульсан Хьюндай” байсан ба тэнд гурван жил ажилласны дараа спортын сэтгүүлч болж, МВС телевизэд хөлбөмбөгийн тайлбарлагч хийж үзжээ. 1997 онд шигшээ багийг гардан авч “Франц-98”-д оролцов. БНСУ-ын хөлбөмбөгийн холбоо хэсгээсээ шалгарах даалгаврыг түүнд өгсөн ч Мексикт 1:3, Голландад 0:5-аар хожигдон талаар болжээ. Дээрх хоёр тоглолтын дараа Бум Кун халагдах өргөдлөө өгчээ.
Ихэд сэтгэлээр унасан тэрбээр бүхнийг шинээр эхлэх ёстой хэмээгээд Хятадын лигийн “Шиньян Пинган” багтай гэрээ байгууллаа. 2000 онд Солонгост буцан ирж, Гус Хиддинкийн туслахаар томилогдов. Нутагтаа болсон ДАШТ-ээс “улаан чөтгөрүүд” хагас шигшээд шалгарахад түүний хувь нэмэр багагүй байсан нь мэдээж.
Өмнөд Солонгосын “Зууны шилдэг хөлбөмбөгч” асан Ча Бум Кун өдгөө дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ зар сурталчилгаанд тоглож, телевизийн элдэв шоу нэвтрүүлэгт тасралтгүй оролцдог нийгмийн идэвхтэй нэгэн. Мөн тэрбээр “Байер”-ийн сургуульд Азиас 1000 гаруй хүүхэд зуучлан суралцуулж, хэдэн арван дасгалжуулагчдийг мэргэжил дээшлүүлэхэд туслалцаа үзүүлсэн билээ.