Кыргызстан улсад үргэлжилж буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 74 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин, “Алдар” спорт хорооны бөх Г.Мандахнаран мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр аваргын төлөөх барилдаан Кыргызстаны бөх М.Евлоевт 11:1-ээр дийлдэв. Өмнөх тойргуудад БНСУ-ын Ким Дэ Сун, Казахстаны Д.Кайсанов нарыг ялсан Г.Мандахнаран Азийн АШТ-д гурав дахь (өмнө нь 2009, 2013) удаагаа үзүүрлэн, дөрөв дэх медалиа хүртэв.
Одоогоор Монголын чөлөөтийнхөн Азийн АШТ-ээс нэг алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль аваад байна. Тодруулбал, П.Орхон алт, Г.Мандахнаран, Э.Сумъяа, О.Насанбурмаа, Ш.Түмэнцэцэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор, Г.Төрболд нар хүрэл медалиар энгэрээ мялаагаад байна.