БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн олимпын наадамд Олон улсын олимпын хорооны туган доор оролцсон ОХУ-ын тамирчид хоёр алт, зургаан мөнгө, есөн хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 13 дугаар байрт шалгарсан. Тэднээс хоккейн шигшээ багийнхан, уран гулгалтын тамирчин Алина Загитова нар олимпын аварга болж, нутаг нэгтнүүдээ баярлуулсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олимпын медальтнуудаа хүлээн авч, баяр хүргэн “Найрамдал”, “Эх орны төлөө” медалиар шагнажээ.
Мөн ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев олимпын медальтнуудаа хүлээн авч, баяр хүргэхдээ “ВMW” маркийн автомашинаар амжилтыг нь мялаав. Олимпын аваргад BMW X6, дэд аваргад BMW X4, хүрэл медаль хүртсэн тамирчдад BMW X3 маркийн автомашины түлхүүр гардуулжээ.