Залуучуудын олимпын аварга, тэшүүрчин Б.Сумъяа санхүүгийн хүндрэлийн улмаас олимпын эрх олгох тэмцээнд оролцож чадаагүйгээ хэвлэлээр дамжуулан хэлсэн.
Энэ талаар түүний багш, Гавьяат тамирчин Л.Цэнд “Монголын тэшүүрчдийн амжилт бидний үеийнхээс буураагүй. Дөмөгхөн тордож, олигтойхон дэмжиж чадвал өндөр амжилт гаргах ирээдүйтэй олон шилдэг тамирчин бий. Харин холбооны зөв бодлого, удирдлагуудын сэтгэл л дутаад байна.
Залуучуудын олимпын аварга, тэшүүрчин Б.Сумъяа, Я.Зоригтбаатар нарт Олимпын эрх авах боломж байсан. 500 метрт 36.3 секундийн амжилт гаргадаг Зоригтбаатар шиг тамирчин Монголд байхгүй. Гэтэл тэднийг ер дэмжсэнгүй, бүр олимпын эрхийн оноо олгох ганц ч тэмцээнд оролцуулаагүй. Ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр А.Зул гэдэг тамирчныг Европт хоёр жил гаруйн хугацаанд бэлтгэсэн. Нөгөөх нь олимпын эрхийн болзолд бараадсангүй. Би лав тэр охины дасгалжуулагч байсан бол гутна. Сумъяа, Зоригтбаатар гэлтгүй тэднээс ирээдүйтэй тамирчин хөдөө, орон нутагт байхыг үгүйсгэхгүй. Бүгдийг нь адил дэмжиж, ижил тордож байж л амжилтад хүрнэ. Түүнээс биш танил талаа бодолцон, өөрсдийн талын гээд дуртай тамирчнаа ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр олимпод сойх нь шударга бус.
Бидний үед бүх зүйл шударга байсан. Холбооноос бүх тамирчинд жигд хандана, бид ч шударгаар өрсөлдөнө. Өнөөдөр хэн нэг нь түрүүлбэл “Мундаг байна. За яах вэ, би хичээж байгаад маргааш түрүүлнэ” гээд цагаан атаархдаг байлаа” сэтгэл дундуур яваагаа "Өнөөдөр" сонинд ярилцлага өгөхдөө илэрхийлсэн. Тэгвэл Б.Сумъяаг Хөдөлмөрийн баатар, Их аварга Д.Дагвадорж Японы биеийн тамирын их сургуульд суралцуулахаар болсноо цахим хаягаараа дамжуулан мэдэгдэв.
Мөн Сумъяа цахим хаягаараа дамжуулан Д.Дагвадорж аваргад баярлаж буйгаа илэрхийлжээ.